Дээд амжилт эвдсэн Хакүхог гадны хэвлэлүүд ингэж дүгнэлээ

ba9638d61a39e1fb72052a178cbf1161big

Чингис хаан мэндэлсний 852 жилийн баяртай давхцан Монголын хүү Японы түүхэнд тодоор бичигдэн үлдээд байна. Ёкозүна Хакухо М.Даваажаргал Кюүшюү башёгийн сүүлийн өдөр ёкозүна Какүрюү М.Анандыг давснаар 32 дахь удаагаа түрүүлж сүмогийн түүхийн дээд амжилтыг эвдлээ. Энэ тухай Японы болон барууны хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг хүргэхэд бахархалтай байна.

NHK: Хакүхо Тайхо аваргатай зэрэгцэн очлоо

Башёгийн сүүлчийн өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал Их аварга Какүрюү М.Ананд нар учраа тааран барилдаж, Хакүхо ёрикири мэхээр өрслдөгчөө унагаснаар 32 дахь удаагаа түрүүлэв. Тэрбээр ийнхүү Японы мэргэжлийн сүмогийн түүхнээ рекорд тогтоосон Тайхо их аваргын 32 удаа түрүүлсэн амжилттай зэрэгцэж очиж байна.

BBC: Хакүхо сүмогийн ертөнцийн төмөр хүн гэдгээ баталлаа

Японы Мэргэжлийн сүмо бөхийн холбооны Ерөнхийлөгч Хитаноуми “Хакүход одоогоор өрсөлдөгч алга даа” хэмээн зарлалаа.

Japan times: Хакүхо баяраа эх хэлээрээ хуваалцав

Түүнээс төрсөн сэтгэгдлийг нь асуухад талархал илэрхийлэхээсээ өмнө “Хэлэх үг орж ирэхгүй байна. Энэхүү баярт мөчөө Монголоос ирсэн эцэг эх, найз нөхөдтэйгөө эх хэлээрээ хуваалцмаар байна” хэмээн хэлжээ. Хакүхо “15 жилийн өмнө 62 кг жинтэй бяцхан хүү Японд ирж байлаа. Тэр үед хэн ч намайг ийм хол явна гэж төсөөлөөгүй. Энэ орны мөн чанар болон сүмогийн тэнгэр намайг ивээж ийм үр дүнд хүрлээ” хэмээн хэлсэн байна.

СNN: Хакүхо амжилтаараа зэрэгцсэн Тайход талархав

Тэрээр “Агуу Тайхо ёкозүнагийн энэ рекордтой тэнцэж очих нь миний амлалт байсан бөгөөд миний түүнд талархлаа илэрхийлэх зам байсан” хэмээн монгол хэлээр хэлж, орчуулж өгөхийг хүссэн байна.

The Japan news: Хакүхо алдрын оргилд үлдэв

Өмнө нь 37 удаа тааран барилдаж 33 удаа ялж байсан нутаг нэгт Какүрюү М.Анандыг давснаар Хакүхо М.Даваажаргал бүх цаг үеийн хамгийн олон башёд түрүүлсэн ёкозүна Тайхогийн рекордод хүрлээ. Энэхүү амжилт түүнийг сүмогийн алдрын оргилд аваачиж байна.

Huffington post: Монголын бөх өөрийн рекордыг тогтоох биз

29 настай монгол залуу ирэх нэгдүгээр сард болох башёд түрүүлбэл сүмогийн бүх цаг үеийн аварга болох юм. Хакүход өөрийн рекордоо тогтоох боломж түүнд хангалттай бий.

Nzherald: Хакүхо баярын нулимсаа барьж дийлсэнгүй

Хакүхо эзэн хааны цомыг гардан авах үедээ, төрсөн сэтгэгдлээ хуваалцах үедээ баярын нулимс асгаруулж байлаа. Өдгөө дөнгөж 29-хөн настай Хакүхо нутаг нэгт Какерюүг боломж өгөлгүй ялсан юм. Хэрвээ тэр Какүрюүд ялагдсан бол Тайхогийн амжилтын төлөө өрсөлдөх ёстой болох байв. Харин одоо тийм шаардлагагүй боллоо.

Asahi: Хакүхо гадаадын бөхчүүдийн тухай хуучинсаг хандлагыг өөрчиллөө

Ёкозүна Хакүхо нутаг нэгт Какүрюүг давж ёкозүна Тайхогийн амжилтад хүрснээр 1990 оноос сүмогийн ертөнцөд олноор орж ирсэн гадаадын бөхчүүдэд хандах хуучинсаг бодолтой хүмүүсийн бодлыг өөрчилж чадлаа.

Sbs: Хакүхо гадаад бөхчүүдийн нэр хүндийг өргөлөө

Монголын сүмо Хакүхо М.Даваажаргал Японы албан тушаалтнууд болон орон нутгийн хэвлэлүүдээс сайшаал магтаалыг ихээр хүртэж байна. Энэ нь зарим бүтэхгүй хэргүүдэд орооцолдож сүмогийн спортын нэр хүндийг унагасан гадаадын бөхчүүдэд сайн чанараа харуулах боломж болж байна.

Yahoo: Сүмогийн шинэ хаан төрлөө

Үүнээс гадна Хакүхо хамгийн олон удаа дараалан түрүүлсэн амжилтаараа нутаг нэгт Асашёрюутай зэрэгцэн очжээ.

Associated press: Тайхогийн насан дээр рекордыг нь шинэчилнэ

Ёкозүна Тайхо 15-30 насандаа 32 удаа түрүүлж дээд амжилтыг тогтоож байсан бол Хакүхо 14-29 насандаа энэ амжилтыг гүйцлээ. Тэрээр Тайхогийн насан дээр түүний рекордыг эвдэх боломж өндөр байна.

zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих