Путин 2018 оны сонгуульд өрсөлдөж магадгүй
МОСКВА. /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дахин зургаан жил ерөнхийлөгчийн суудалд суухаар 2018 онд сонгуульд өрсөлдөж магадгүй.
Оросын “ИТАР-ТАСС” агентлаг Путины өгсөн ярилцлагыг ням гарагт нийтэлжээ. Уг ярилцлагыг тэрбээр Оросын Алс Дорнодын Владивосток хотод энэ сарын 13-нд өгсөн аж.
Түүнээс насан туршдаа ерөнхийлөгч байхыг хүсч байгаа эсэхийг асуухад, “Надад тийм хүсэл байхгүй. Ингэх нь энэ улс оронд ашиггүй байх” гэж хариулжээ.
Гэхдээ 2018 оны сонгуульд өрсөлдөх эсэхээ тэрбээр дотоодын нөхцөл байдал, хувийн бодолдоо тулгуурлан шийдэх бололтой.
Хэрвээ тэрбээр 2018 онд сонгогдвол 2024 он хүртэл ерөнхийлөгчийн албан тушаал хаших боломжтой.
Ингэвэл 2000 онд анх ерөнхийлөгчөөр сонгогдож байсан тэрбээр ерөнхий сайдаар дөрвөн жил, ерөнхийлөгчөөр нийт 20 жил ажиллах юм.
Крымыг улсдаа нэгтгэсэн, Өрнөдийн дарамт шахалтын хатуу байр суурь баримталж байгаа түүнийг ард түмнийх нь 80 гаруй хувь дэмжиж байгаад Путин баяртай байна.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: