“Монголын алтан хоолойтнууд” Москвагийн тайзнаа
Монголын дуурийн дуулаачдын “Монголын алтан хоолойтнууд” концерт ОХУ-ын Москва хотын алдарт Их театрын тайзнаа тавигдлаа. Уг концертын нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа сонгодог урлагийг шүтэн бишрэгч та бүхэнд энэхүү өндөр хүндтэй тайзан дээрээс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монголын алтан хоолойтнуудын концертыг ОХУ-д зохион байгуулах сайхан санаачилга гаргасан Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, ОХУ-ын Соёлын яам, ОХУ-ын Их театр, Монгол Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын удирдлагад баяр хүргэе.
Монголын ард түмэн мянганаар хэмжигдэх ардын урлагийн баялаг уламжлалтайг та бүхэн мэднэ. Европын сонгодог урлаг өнгөрсөн зууны 50-иад оноос монголчуудын хүртээл болсон. Европын шинэ сонгодог урлагийг монголчууд эзэмшихэд тухайн үеийн ЗХУ том талбар нь болсон юм. Домогт С.Я.Лемешев, аугаа сурган хүмүүжүүлэгч Е.И.Щевелева, Л.Э.Краснопольская нар Монголын анхны дуурийн дуулаачдын багш байсан. Аугаа тенор Лемешевийн сурагчийн шавь, өнөөдөр энэ алдарт тайзан дээрээс дуулж байгаа баритон Амартүвшингийн багш, Монгол Улсын гавъяат багш Ц.Ерөө өнөөдөр бидэнтэй хамт энэ танхимд сууж байна. Түүнчлэн Л.Э. Краснопольскаягийн шавь Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгорыг танилцуулахад таатай байна.
Монголын хөгжмийн зохиолчид, зураачид, жүжгийн зохиолчид, сонгодог бүжиг дэглээчид, хөгжимчид, театр, балетын жүжигчдийн бүхэл бүтэн үе Оросын урлагийн мастеруудаас суралцсаныг тэмдэглэхэд таатай байна. Дэлхийн сонгодог урлагийг Монголд хөгжүүлэхэд Оросын оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
Монгол, Орос хоёр орон дайны үед ч, энхийн цагт ч шалгалт давсан найрамдлын нандин холбоотой. Хоёр орны Төрийн тэргүн Ц.Элбэгдорж, В.В.Путин нар тогтмол уулзаж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр санал бодлоо хуваалцаж байгаа. Үүнээс гадна бид өөрсдөө энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулж , бизнес, соёл, сэтгэл зүрхээрээ ойртон дотносох учиртай. Өнөөдрийн энэ тоглолтыг ч энэ зорилгоор хийж байгаа юм.
Монгол Улсын Соёл, урлагийн их сургуулийн төгсөгчид нас залуу боловч олонд танигдсан уран бүтээлчид өнөөдөр та бүхний өмнө дуулах гэж байна. Монголын алтан хоолойтнууд та бүхэнд, багш нарынхаа багш нар, тэдний дурсгалд зориулж талархлаа дэвшүүлэх гэж байна” гэлээ.
Тэрээр мөн хоёр орны иргэд энэ 11 дүгээр сарын 14-нөөс эхлэн харилцан визгүй зорчдог болсныг тэмдэглэж, Оросын иргэдийг уул, талын Монгол орон, дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй орны нэг болоод байгаа Монгол Улсад, найз нөхөддөө зочлон очихыг урилаа.
URL: