Нүүрс, түлээний шуудайг багасгасан нь иргэдийг бухимдуулж байна
Улс орон даяар бүсээ чангалж байгаа энэ үед нүүрс, түлээний шуудайны хэмжээ багассан нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Цаг агаар хүйтэрч байгаа энэ цагт портероор нүүрс, түлээгээ бэлтгэх хөрөнгө мөнгөний бололцоогүй айл өрх олон бий. Тэд өдөр өдрөөр хоногийн түлшээ бэлтгэдэг. Гэтэл сүүлийн үед түлээ, нүүрс ний шуудай улам жижгэрснээр айлууд өдөрт 3-4 шуудай нүүрс түлдэг болжээ. Нүүрс, түлээ савлагаанаасаа хамаараад харьцангуй өөр, өөр үнэтэй байдаг. Харин иргэдийн хамгийн их авдаг жижиг шуудайтай нүүрс 2500-3000, түлээ 1500-2000 төгрөгийн үнэтэй. Гадуур борлуулагдаж байгаа шуудайтай нүүрс хувингийн тал ч хүрэхгүй мөртлөө үнэтэй байна. Сураглахад, түлээ, нүүрс борлуулдаг наймаачид жижиг шуудайгаа захиалгаар хийлгэдэг гэсэн. Тиймээс л ашиг хонжоо харсан тэдний шуудай жижгэрсээр байгаа хэрэг. Иргэд хоёр талх авчих мөнгөөр нэг шуудай нүүрс авдаг ч тэр нь хэрэглээг нь бүрэн хангаж чаддаггүй. Ингэж л эрхэм түшээд өвөр түрүүндээ хөлөө жийлцэх хооронд иргэд нуруун дээрээ хүнд ачаа үүрч явна. Тиймээс түлээ, нүүрсийг дэлгүүрийн лангуун дээр жижиглэнгээр худалдахаас нь өмнө хяналт тавьж учрыг нь олохгүй бол мөдхөн жигнэж авахвий дээ.
Б.Сэлэнгэ
URL: