“Долоон буудлын Должин эмээ”-гийн тавилан үргэлжлэхээр боллоо

3a4e8d2d-581c-46fd-8b33-54e90fba5a9bМанай төрийн эрх баригчид бас сөрөг хүчнийхэн эдийн засаг түүн дээрээ суурилаад улстөр ярихаараа бүгд л “Долоон буудлын Должин эмээ”-г ярьдаг.

Эмээгээ буюу биднийг ярьсаар нэг Засгийнхаа маанийг уншчихаад дараагийн Засгаа төрүүлчихлээ. Сая Засгийн газар төрөхөөр дуншиж байх үед ч ахиад л Должин эмээг ярьсаар байв тэд.

Гэхдээ тэд маань ориг Должин эмээгийн амьдралыг мэдэх үү гэдэгт л хамаг учир байх шиг. Манай одоогийн “эрхэм дээдэст” жинхэнэ Должин эмээгийнд орж, очиж үзсэн хүн байхгүй учраас таамгаар л бууддаг.

Арай ч Должин эмээгийн хэмжээнд очоогүй нэгэн, сая огцорсон Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас “Өндөг яагаад үнэтэй болчихов” гэж асуугаад “Өндөг бол тансаг хэрэглээ” гэдэг үгийг сонссон.

Бас нэг саваагүй /саранд хуцагч бээр/ ХХАА-н газрын даргыг уурлуулаад “Мах бол тансаг хэрэглээ” гэдэг үгийг сонссон билээ.

“Долоон буудлын Должин эмээ” болон Баянхошууны Балдан өвөө, Зурагтын Зундуй, Шархадны Шархүү, өрх толгойлсон Дулмаагийн амьдрал “Талхыг хувааж авдаг” болон гэдэс цувдайны “набор” хэмээх 1000 орчим төгрөгийг өвдөл цөвдөлөөр оройн хоолоо болгодгийг мэддэгтээ өндөг, махыг тансаг хэрэглээ гэсэн үү, үгүй л байхгүй юу.

Тэд энэ муусайнуудад мах, өндөг тансаг хэрэглээ бололгүй яадаг юм хэмээн дээрэлхэж байгаа л хэрэг юм.

Хүнсний захуудын нохойн хоолны хэсэг, гэр хорооллын зарим дэлгүүрт зарах тэр өвдөл цөвдөлийг үнэндээ бол огцорсон Н.Алтанхуягийн, томилогдож байгаа Ч.Сайханбилэгийн нохой нь ч тоож иддэггүй л байхгүй юу.

Тэдний заримынх нь хүүхэд нөгөө мах гэхээр өндөс, мал гэхээр манас хийдэг гэгчээр л өсөж буй. Хотын зарим хүүхдэд малыг ингэж хариулж, бид махыг нь иддэг, үс ноос, арьс ширээр нь хувцас хийдэг гэдгийг ойлгуулах гээд яагаад ч чадсангүй гэх багш нар бий.

Тэгэхээр Монгол амьдралаасаа нэг хэсэг маань аль хэдийн тасраад явчихсан нь ойлгомжтой байгаа биз.

Мөн бидний нэг ихэнх хэсэг нь Улаанбаатарыг утаатай болгодог гэр хороололдоо гарт тааралдсанаа түлээд л амьдарч байна. Ингэж амьдрахаас ч яалтай.

Монгол улсын эдийн засаг өслөө, улс хөгжиж байна л гэх. Тэр нь төр засагт байгаа хэдэн хүн, тэдэнд тал засаж бялдуучилдаг эсвэл тэднийг авилгаддаг хэсэг бүлгийнхний хармаа хотыг дүүргэж, тэд л хотын төвөөс урагш тансаг байр, хаустаа “аз жаргалтай” амьдарч байгаа.

Харин манай нийгэм дэх “шаарлагдсан” олонхи хэсэг нь арай ч өвдөл цөвдөл идэх болоогүй ч тэр рүү өдөр бүр ойртсоор л байгаа.

Мөн Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарыг утаа ихтэй ч хямд Багануурын нүүрсийг та нартаа өглөө гэхэд нь маш их баярлаад байсан. Гэтэл манийгаа хямд нүүрсээр хангах нэрээр хуучин сайд асан зөвлөх нь мөнгөтэй болоход л гол учир байсан нь АТГ-ын шалгалтаар тогтоогдож байх шиг.

Миний муу чих ч яахав хар багаасаа “алт” болсийм. Яагаад алт болсныг нь сонирхож байна уу та нар. Би хувьдаа өмнөх 70 жилийн сүүлийн 20-оод жилд хүүхэд насаа өнгөрөөсөн хүн.

Бид нарыг дөнгөж хувь буюу бие хүн болж ядаж байхад капитализм социйг 1:0-оор нам тавьсан гэсэн үг л дээ.

Тиймээс би хоёр нийгмийг харьцуулж харах дуртай. Харьцуулах юм ч бас мундахгүй л байх юм.

Би лав “намайг үхсэн хойно нийгэм цэвэршинэ” гэж Б.Баабар шиг хэлж чадахгүй. Гэхдээ Б.Баабарын хэлсэнд бас учир байна.

Түүний насныхан бүгдээрээ биш харин түүнтэй хамт улстөрд орсон үеийнхэн л зайлбал Монгол улс цэвэршиж магадгүй гэж ойлгох хэрэгтэй юм байна. 20-25 жил улстөрийг ялангуяа төр, засгийг өөрийн гэр орноо болгож, одоо тэндээс өөр газар суухыг ч хүсэхээ байсан эрх баригчид төдийгүй сөрөг хүчний зарим хүмүүс Монголын төрөөс явсан цагт гэсэн үг л дээ. Гэвч тэдэнд явах хүсэл алга.

Харин ч дахиад 10, 20 жилээр “хаанчлах”-аар хоорондоо гэрээ байгуулаад явж байна. Тэгэхээр Монголын нийгэм тэдэнтэй тэмцэх арга бол дараагийн сонгуульд яаж ч уйлан дуугарч байсан саналаа тэдэнд өгөхгүй л байх хэрэгтэй болжээ.

Тэгэхгүй бол та бидний “Долоон буудлын Должин эмээ”-гийн тавилан дахиад л үргэлжлэх болно.

Г.Самбаа

gereg.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 23 November 2014

Яг үнэн Сайхан бичжээ

Нэр: зочин Огноо: 24 November 2014

АН-ын хувьд улс орны амьдралыг дээшлүүлэх асуудал чухал биш 2016 оны сонгуульд иргэдийг худалдаж авах мөнгө цуглуулах нь чухал. их хурлын гишүүн гэдгийн ард нуугдах гэсэн гэмт хэрэгтэнүүд хахууль авч болох албан тушаал, сандал ширээний төлөө үхэн хатан зүтгэж байгаа нь төсөв хэлэлцэх үед хурлаа орхичихоод унтах, идэх завгүй уралцаж байсныг хараа биз. аль ч намаас бай сайд руу зүтгэж л амиа хоохойлохоос аргагүй болж байгаа тул худал тархи угаалт, бэлэг сэлт, хар машинд нь хууртаваа. дүр эсгэсэн ардчлал, МАН хоёроос л салахсан

Сэтгэгдэл бичих