З.Энхболд ацан шалаанд оров

527-1416534076beltreg---0003Улс төрд хоёр Энхболдын эрин үе эхэллээ. Нэг нь МАН-ын дарга М.Энхболд, нөгөө нь АН-ын дарга З.Энхболд. Өөрөөр хэлбэл, эрх баригч болон сөрөг хүчний амидайнууд намаа удирдаж байна. АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдын хувьд улс төрийн шинэ цаг нь тун хэцүүхэн.

Уг нь тэр намын даргын албан тушаалаа ирэх сарын 8-нд их хурлаараа батламжлуулах учиртай. Түүний анхны шалгалт нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилуулах явдал юм.

Тиймээс тэрбээр УИХ дахь нам. эвслийн бүлгүүдтэй зөвшилцөхөөс ажлаа эхэлсэн. Гэвч МАН-аас бусад намынхныг зөвшөөрүүлж чадлаа. Харин сөрөг хүчнийхэн З.Энхболд, Ч.Сайханбилэг нарт “Үгүй” гэж хэллээ.

Нэг ёсондоо АН-ын дарга З.Энхболд ацан шалаанд оров. Тэрбээр улс төрд “Алтангадас”-ын эсрэг Ардчилсан хүчний холбоог байгуулан удирдаж байсан. Энэ бол төдийгөөс өдий хүртэл Н.Алтанхуягийг унагахын төлөө явсан гэсэн үг. Гэсэн хэдий ч тэрбээр өөрийг нь АН-ын ҮЗХ-оор намын даргад дэмжмэгц тус холбоог удирдах эрхээсээ сайн дураараа татгалзсан.

Нэг үгээр хэлбэл, З.Энхболд нам доторхи сөргөлдөгч хүчнийхэнтэйгээ тохиролцож, “Шонхор”-ынхон намыг, “Алтангадас”-ынхан засгийг авахаар болчихсон нь энэ. Сонирхолтой байгаа биз. Нэг хэсэг “Алтангадас”-аас нам, төрийн эрх мэдлийг авахаар тэмцэж явсан “Шонхор” фракцийн тэргүүн З.Энхболд одоо “Алтангадас”-т засгийн жолоог атгуулахын төлөө ширэн нүүрлэж явна.

Н.Алтанхуяг, З.Энхболд нар улс төрийн тохиролцоог хийсэн хэдий ч нам доторхи фракциудтайгаа тохиролцох гэж З.Энхболд үйлээ үзэж байх шиг байна. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эсэхийг УИХ дахь АН-ын бүлгийнхэн өнгөрсөн даваа гаригт хэлэлцэх үеэр 10 гишүүн эсрэг санал өгсөн.

Тэр дундаа З.Энхболдын тэргүүлдэг “Шонхор” фракциас Д.Арвин, Г.Баярсайхан нар “Үгүй” хэмээн гэдийж, Н.Алтанхуягийн танхимд сайдаар ажиллаж байсан “Фортуна” Н.Батбаяр, мөн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт хийх үеэр Сангийн сайдад нэр дэвшээд байсан Д.Зоригт тэргүүтэй МҮДН-ынхан ч бас “Ч.Сайханбилэгийг дэмжихгүй” гэлээ.

З.Энхболд ийнхүү намынхнаа гар барилцуулах гэж аргаа барж байхад МАН-ынхан “Огцорсон Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжихгүй” хэмээн улам хүнд байдалд оруулав. Мэдээж хэрэг, МАН-ынхан сөрөг хүчний хувьд улс төрд уран бэрийн нүүдлээ хийж байгаа нь энэ. Харин АН-ынхан мөнөөх л талцаж, хагаралддаг байдлаа албан тушаал, эрх мэдлийн хуваарилалт дээр улам гааруулдаг зангаа л гаргаж байна.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хувьд “Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нар 2020 он хүртэл хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээг хүчинтэй юү, үгүй юү“ гэх тулгалтыг хийж сүрдүүлж байгаа нь ойлгомжтой.

Хэдийгээр Н.Алтанхуяг Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч, намын даргын ажлаа өгсөн ч тэрхүү гэрээ хараахан цуцлагдаагүй байгаа. Тэгэхээр эвслийнхэн АН-ын дарга З.Энхболдыг ч бас хоёр намын гэрээгээр барьцаалах нь тодорхой. Тийм ээ, өнөөдөр АН-ын дарга З.Энхболдын хувьд бас л хүнд өдөр.

Учир нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг хэлэлцэнэ. Харин Н.Алтанхуягийн нэрлэсэнчлэн АН дахь “Түгжлүүд”, эвсэл дэх кнопны наймаачид энэ асуудлыг бас яаж самрах юм бол. Төсөв батлагдсан хэдий ч улс оронд хийх ажил их байна. Гэвч эрх баригчдын “зодоон” эцэс төгсгөлгүй үргэлжилж байна.

Ц.Оюунтунгалаг

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих