Монгол авлигын индексээрээ урагшлах уу, ухрах уу?

авлиг авлиг“Транспарэнси интернэшнл” байгууллагаас дэлхийн улс оронд авлигын төвшин ямар хэмжээнд явааг жил бүр эрэмбэлж гаргадаг. Тус байгууллагаас 2013 онд гаргасан авлигын индексээр Монгол Улс 124 дүгээр байраас 83 дугаар байрт шилжсэн нь өмнөх жилээсээ 11-ээр урагшилсан үзүүлэлт байв. Өөрөөр хэлбэл, авсан оноо бага байвал авлигад автсан, йх байх тусмаа авлигаас ангижирсан гэж үздэг индексээр манай улс 38 оноо авсан юм. Гэхдээ эрэмбийн хувьд урагшилж, нөхцөл байдал сайжирсан мэт боловч оноогоор нь харвал маш хангалтгүй үзүүлэлт гэдгийг тайланг гаргасан шинжээчид тухайн үед тодотгож,  бас сануулж байлаа.

“Транспарэнси интернэшнл”-ийн шинжээчид улс орнуудын авлигын төвшинг албан тушаалтнуудын хахууль авдаг байдал, улсын захиалгат ажил үүрэг гүйцэтгэхэд болон ашиг хуваарилахад тэдний оролцоо, төсвийн зардал зэрэг олон үзүүлэлтийг харгалзан тогтоодог юм билээ.

Энэ жилийн хувьд “Транспарэнси интернэшнл” байгууллагынхан олон улсын авлигын индексийг ирэх сарын 3-нд танилцуулахаар болсноо албан ёсны цахим хуудастаа байршуулжээ. УИХ-ын дарга намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс 11 байр урагшилсан нь авлигатай тэмцэх талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны үр дүн гэдгийг тодотгосон. Тийм ч байжболох. Гэхдээ авлигын индексээ урагшлуулж чамгүй амжилт гаргасан бид ирэх сард гарах ээлжит судалгаанд уруудаж магадгүйг зарим шинжээч хэлж байна. Ингэх шалтгаанаа өнгөрсөн хугацаанд манай улсад болж өрнөсөн авлига, албан тушаалын хэргийн явцтай холбон тайлбарлаж байгаа юм. Товчхондоо манай хууль хяналтын байгууллагынхан авлига, албан тушаалын хэргийг илрүүлдэг ч хэн нэгэн албан тушаалтны эрх ашгаас хамаарч шийдвэрлэдэг нь авлигатай тэмцэх бус эсрэгээрээ өөгшүүлж байгаагаас өөрцгүй хэмээн олон улсад үздэг юм байна. Магадгүй манай авлигын индекс урагшилдаг ч бага хувьтай гардаг нь үүнтэй холбоотой байж болох юм.

ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Таван толгой”компанийн ТУЗ-ын дарга асан Г.Дэнзэн өөрийн найз бүсгүй Г.Уянгын нэг сая төгрөгийн дүрмийн сантай үүсгэн байгуулсан “Говь повер” компанид “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” 17 тэрбумын  тендерийг  өгсөн нь дуулиан тарьж байв. Гэвч энэ асуудал илэрсэн даруйд Г.Дэнзэн нар “Гүний гааль байгуулснаар Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг авах шаардлагагүй болсон” хэмээн тендерийг хүчингүй болгож, “Говь повер” компанитай байгуулсан гэрээг цуцалсан байдаг. Үүнтэй холбоотойгоор “Говь повер” компани Чингэлтэй дүүргийн шүүхэд хандаж нийт 7.4 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн юм. Олон нийтийн хараа хяналтаас далд хийсэн энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн шүүхээр хэлэлцээд “Эрдэнэс Таван толгой” ХК-иас 4.8 тэрбум төгрөгийг “Говь повер” компанид олгосноор асуудал намжсан байдаг. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхэм эрх мэдлээ урвуулан ашигласан нь илэрсэн ч “шанд” нь шүүхээс нөхөн төлбөр гаргуулж авч болдог болсны жишээ энэ байв.

Сүүлийн жилүүдэд хууль хяналтын байгууллагын албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэд хэдэн хэргийг илрүүлж, холбогдох хариуцлагыг нь хүлээлгэсэн. Эдгээрээс олны анхаарлын төвд хэсэгтээ явсан нь “Цэвэр агаар”  сангийн гэх тодотголтой удирдлагуудтай нь холбоотой эрүүгийн хэрэг. Бусдад авлига өгсөн, “Цэвэр агаар” сангаас их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан, албан тушаалаа ашигласан гэх хэрэгт анх таван тэрбум төгрөгийг хувьдаа завшсан тухай ярьж байв. Улмаар гурван шатны шүүхээс “Цэвэр агаар”сангийн удирдлагуудад төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж онц их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг завшсан, апбан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр шүүхээс ял оноосон байдэг.

Хуульд зааснаар УИХ-ын гишүүд халдашгүй дархан эрхтэй. Хэдийгээр хууль тогтоох дээд байгууллагын гишүүн халдашгүй эрхтэй байна гэж ойлгож болох ч ихэвчлэн тэднийг ямар нэгэн хэрэгт холбогдоход хамгаалдаг бамбай нь болдог гэхэд хилсдэхгүй. Хэн нэгэн төрийн түшээгийн холбогдсон хэргийн сэжүүрээс хууль хяналтынхан атгадаг ч өнөөх халдашгүй эрх нь хаалт болсон жишээг өнгөрсөн хугацаанд бишгүй л олон харсан. Хууль хяналтын байгууллагаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах хүсэлтээ удаа дараа илэрхийлдэг ч үр дүнд хүрсэн удаагүй. Халдашгүй эрхтэй гишүүд нь ч түүнээсээ татгалзаад санаачлагаараа шалгуулж байсан нь үгүй. Үүнээс гадна эрх мэдлээ урвуулан, ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхээс гэмт буруутайг нь тогтоож байсан жишээг дурдвал олон.

Бидний авлигатай тэмцэж байгаа байдал ийм байна. Хамгийн гол нь, манай хууль хяналтын байгууллагаас улсад авлига, албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсныг нь тогтоож, шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг атлаа эргээд нөхөн төлбөрийг нь төлүүлдэггүйд асуудал байгаа юм. Товчхондоо тэдэн жилийн ял оноолоо гэхээс биш төчнөөн хэмжээний төгрөгийг эргэн төлүүлсэн нь тодорхойгүй байдаг нь нууц биш. Үүнээс үүдэлтэйгээр намын батлахтай л бол төрийн өндөр албан тушаал хашиж, хэдэн тэрбумаар завшаад буудаг гаж тогтолцоо бий болж байх шиг. Магадгүй холбогдох хууль хяналтын газраас тэднийг илрүүллээ, авлига буурч байна гэж ярьдаг ч олон улсын хөндлөнгийн байгууллагаас хийдэг судалгаагаар тааруу оноо авдаг нь үүнтэй холбоотой байж болох.

Нөгөөтэйгүүр, тухайн улс орны авлигын төвшинг албан тушаалтнуудын хахууль авдаг байдал, улсын захиалгат ажил үүрэг гүйцэтгэхэд болон ашиг хуваарилахад тэдний оролцоо, төсвийн зардал зэрэг олон үзүүлэлтийг харгалзан тогтоодог гэдгийг дээр дурдсан. Товчхондоо төрд томоохон албан тушаал хашиж байхдаа хувьдаа мөнгө завсшаныг нь тогтоосон атлаа дүлий дүмбэ оргидог байдлаасаа салаагүй цагт авлигын индексийн тухай яриад хэрэггүй болов уу. Адаглаад албан тушаалаасаа татгалзаад шалгуулдаг хариуцлагын тогтолцоо манайд төлөвшөөгүй байна. Хатуухан хариуцлага тооцохгүйгээр халтуурдсан болоод байвал авлигатай тэмцэхгүй. Харин ч өөгшүүлнэ. Одоо бол ямар нэгэн албан тушаалтан хэрэгт холбогдоход намын харьяалал нь түүнийг хамгаалаад өнгөрч байна. Авлигатай тэмцэх томоохон мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж сонгогдсон Ерөнхийлөгчтэй, эрх барих хэмжээнд олуулаа болсон намтай улсын хувьд энэ бол байж болохгүй асуудал баймаар.

 

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих