Хотын дарга Г.Мөнхбаярын хариуцлагагүйгээс болж сард 1-3 хүн амиа алдаж байна
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын ажлын хариуцлагатай холбоотой үй олон асуудал хотод тулгарч буйн нэг нь траншейны тагны асуудал болоод байна.
Бүхэл бүтэн улсын нийслэл тоотой хэдэн траншейгаа таглаж чадахгүй байгаа нь инээдтэй мэт авч иргэд нь түүнд унаж амиа алдаж буй нь үнэндээ нэн эмгэнэлтэй хэрэг юм.
Хотын захиргааны ач холбогдол өгөхгүй байгаа энэ асуудлыг “Өдрийн сонин” асуудал болгон дэвшүүлж, цуврал нийтлэлээрээ шийдэл эрэлхийлж байгаа ч Г.Мөнхбаяр тэргүүтнүүд уг асуудлыг анхаарч үзэхгүй байсаар байна.
Харин ч зарим мяндагтнууд нь тагийг нь хулгайд алдсан траншейд согтуу, хөлчүү хүмүүс л унаж үхсэн тохиолдол л мэр сэр гардаг юм хэмээн хохирогчдыг доромжилсон үгс унагах нь олонтаа.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярыг 5 сая төгрөгөөр худалдаж авдаг “Шилдэг улс төрч” шагналаа гардаж, нэр дэвшихээр бэлдэж буй Ховд аймгийнхаа бөхчүүдийн галд зочлон явах үед гэхэд л хамгийн сүүлчийн хохирогч онгорхой траншейд унаж, амиа алдсан хэрэг гарав.
Хохирогч нь тухайн үед цоо эрүүл байсан агаад УИХ дахь МАХН-ын бүлэгт зөвлөхөөр ажилладаг ахмад сэтгүүлч тэрээр орой харьж яваад харанхуйд онгорхой траншейг анзааралгүй унаж уг эмгэнэлт явдал болсон байна.
Он гарснаас хойш сар тутамд 1-3 хүн онгорхой траншейд унаж амиа алдсан гэсэн тоон үзүүлэлт буй бөгөөд бэртэж, гэмтсэн тохиолдол үүнээс 4-6 дахин их байдаг аж.
Д.Сайнбаяр
URL: