Ардчилсан нам Ерөнхий сайдын суудлаа алдах вий

gfdssssssssЕрөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайхан­билэгийг УИХ дахь сө­рөг хүчин болох МАН дэм­жихгүй гэдгээ ал­бан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр улс төрийн нөхцөл байдал улам хүндрэв. МАН-ын бүлгийн 26 гишүүн, дээр нь Ардчилсан намын бүлгийн 10 гаруй гишүүн нэр дэвшигчийг дэмжихгүй гэдэг нь тодорхой боллоо. Мөн УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг нэгдмэл байр сууриа одоог хүртэл албан ёсоор илэрхийлээгүй байна. Иймд цаашдын гарц тодорхой бус боллоо. АН нэр дэвшигчээ өөрчлөх үү, эсвэл хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөв­шилцөх саналаа хүргүүлж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж санал хураалган азаа үзэх үү гэдэг хоёр зам байна. Хэрэв улс төрийн ийм зогсолт удаан үргэлжилбэл Засгийн эрх барих Ардчилсан нам бүх эрх мэдлээ алдаж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.  Тэд бүх эрх мэдлээ сөрөг хүчин болоод бусад намд алдаж магадгүй. Тодруулбал, асуудал шийдэгдэхгүй удвал ийм боломж сөрөг хүчинд байгааг Үндсэн хуульд заажээ.

Үндсэн хуулийн гучингуравдугаар зүйлийн 1.2-т “ Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг;  аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг;  хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэв­шүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суу­дал авсан нам, эвсэл зөв­шилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөн­хий сайдаар томилох саналыг тав хоногийн до­тор Улсын Их Хуралд оруулах;” гэж заажээ. Энэ нь Ерөнхийлөгчийн хэрэг­жүүлдэг үндсэн бүрэн эрхэд хамаарах заалт юм. Хэрэв АН-ынхан Ерөнхий сайдад нэр дэв­шигчээ дэмжүүлж чадах­гүй бол парламентад суудалтай МАН, МАХН, МҮАН, ИЗНН гээд бусад хүчин нийлж олонх болж нэр дэвшүүлж бол­но гэсэн үг. Тэдний дундаас Монголын 28 дахь Ерөнхий сайд ч тодрох боломж бү­хий заалт эцэг хуульд байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 2-т “Ерөнхий сайдад нэр дэвшигчийг парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөж Ерөнхийлөгчид өргөн мэ­дүүлнэ” гэж заасан байдаг. Хэрэв энэхүү зөвшил­цөл амжилтгүй бол­бол дараа нь УИХ-д суудалтай намууд зөвшилцөх хуулийн заалттай. Энэ хүрээнд л асуудал ярина” гэж онцлов. Тэгэхээр Д.Оюунхорол гишүүний хэд хоногийн өмнө хэлсэнчлэн улс төрийн гол тоглолтууд эхлээгүй бололтой. МАН Ерөнхий сайд, цаашлаад Засгийн эрх мэдлийг гартаа авах гэж бүхий л болом­жийг ашиглан тэм­цэж байна. Тэд ийм зүйлийг харж, хүлээж бай­гаа гэдэг нь бүлгийн даргын ярианаас илт байна.

Зууны мэдээ
М.Ганцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих