Хоёр биш нэг хүн буюу Энхбилэг
Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг МАН-ын бүлэг дэмжихгүй бололтой. Өчигдөр өдөржингөө хуралдсан тус намын бүлэгт АН-ын дарга З.Энхболд, нэр дэвшигчийнхээ хамт оролцож, гишүүдийн асуултад хариулсан юм. Р.Амаржаргалын хэлсэнчлэн Ч.Сайханбилэг бол хоёр дахь Н.Алтанхуяг. Тэрбээр шинэчлэлийн Засгийн газрын гал тогоонд ахлах тогоочоор ажиллаж байсан. Н.Алтанхуягаас давуу эрх мэдэлтэй байгаагүй ч ямар жорыг хаана хийхийг тэр түүнээс ч илүү сайн мэднэ. Энэ үүднээс нь авч үзвэл Н.Алтанхуягтай яг ижил ял зэмлэлийг Ч.Сайханбилэг хүлээх учиртай. Шулуухан хэлэхэд, түүнд энэ бүхнээ ухаараад өөрийн хүсэлтээр нэрээ татчих наад захын ёс суртахуун байх ёстой. Бас улс төрийн хариуцлага хүлээх чадвар байх учиртай. Харамсалтай нь, ичих булчирхайгаа халаасалчихаад энд тэндэхийн өрөөгөөр цухалзаж, өөрийгөө дэмжүүлэх жор биш хор найруулж яваа нь өрөвдмөөр.
Бүлгийнхээ гишүүдийн олонхийн биш олны дэмжлэгийг хүлээсэн түүнийг бусад намынхан эелдгээр угтахгүй нь эхнээсээ тодорхой байсан. Ямартаа л тэд зальт үнэг шиг аашилж бусад нам эвслийнхэн өөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй төрийн ажлыг түгжсэн гэх шүүмжлэлийг чулуудах болсон юм. Хачир дээрээ хөг аялгуу нь нийлэхээргүй хошин жүжгийг өөрсдөө эхлүүлж, бусад руу буруугаа хялзаахыг оролдож буй нь энэ. Улсаа бодсон сонголтыг анхнаасаа хийсэн бол ханцуйн доторх наймаалцал төрийг түгжрэлд оруулахааргүй байсныг онцлох юун.
Нөгөөтэйгүүр, УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Түүнээс биш намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч субьект биш. Тиймээс дэлхийн ихэнх улс оронд парламентын дарга нь намын харьяалалаас татгалздаг байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд сонгуульд мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөж, ялсан нь Засгийн эрхийг авдаг. Улмаар Засгийн эрхэнд гарсан нам эвсэл багаа бүрдүүлж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө ажил хэрэг болгох зорилгыг агуулдаг билээ. Тиймдээ ч ялсан намын дарга нь Гүйцэтгэх засаглалын тэргүүний сэнтийд залардаг бичигдээгүй хууль Монголд үйлчилсээр багагүй хугацаа өнгөрсөн. З.Энхболд ч энэ зарчмыг мэдэж буй. Бас үүнийг тойроод биш дайраад гарах учиртайгаа ч ойлгодог. Тиймдээ ч эхний алхмаа хийж АН-ын даргаар сонгогдсон даруйдаа өөрийн тэргүүлдэг Ардчилсан хүчний холбоо, Шонхор фракцийнхаа үүрэгт ажлаас татгалзаж, С.Эрдэнэд шилжүүлсэн. Харин хоёр дахь сонголтоо хийхийг огтхон ч хүсэхгүй байгаад гол учир бий.
З.Энхболд намын даргын сонгуульт ажлаа сонговол Гүйцэтгэх засаглалын тэргүүн болох учиртай. Мэдээж ёстой биш. Харин Ерөнхий сайд болохыг хүсэхгүй байгаа бол намын даргаасаа татгалзах сонголтыг сөрөг хүчнийхэн төдийгүй намын нь тулгах хандлага ажиглагдаж буй. Өдгөө өөрийгөө Ерөнхийлөгч болсон мэт авирлаж буй Зэ-гийн хэтийн санаа 2017 он. Эв нэгдэл ярьж, хэнийг Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг сонгохоо үзэмжээрээ шийдэж, кабинатаа хэрхэн бүрдүүлэхийг зааварчилж сууна. Ямартаа л парламентад суудалтай улс төрийн намын дарга нарыг Засагт оруулахгүй гээд шууд хэлчихэв. Цаад утгаараа Засагт хэрхэн орж, гарахыг тэр бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх юм байх. Ер нь Ерөнхийлөгчтэй биш Зэ-тэй зөвшилцөх шаардлагыг ил биш ч далд байдлаар илэрхийлчихсэн.
Бас намын даргын сэнтийнээс байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх сонирхолтой. ҮЗХ эсвэл намын Их хурал дээрээ сууж байгаа шиг байнгын ажиллагаатай парламентыг удирдах гэнэ. Хөрөнгө мөнгөгүй болсон Засгийн газрын шавар шавхайтай зууралдаж, нэр төрөө унагахгүйн тулд ийм сонголт хийсэн гэж тайлбарлах нь ч бий. Гол нь намын дарга гэдэг эрх ямбыг нь эдлээд, эрх, үүргээс нь татгалзахын нэр биш гэдгийг олон мянган гишүүд, дэмжигчид нь сануулж буй биз, түүнд. Иймээс гарцаагүй нэгийг нь л сонгох шаардлагыг аль алинд нь дайх илүүц юм. Учир нь намын даргын албан тушаалгүйгээр Ерөнхий сайд бол зүгээр л шалдан бацаанаас өөрцгүй.
Л.НИНЖСЭМЖИД
new.mn
URL: