Иргэд банкинд бус ломбарданд дугаарлаж байна

21“Бэлэн мөнгөгүй үед өөрийн үнэ хүрэхүйц гайгүй гэсэн бүхнээ ломбарданд тавьж өдөр хоногийг өнгөрөөж байна” гэж ярих хоёр бүсгүйтэй хэд хоногийн өмнө таарсан юм. Бид бэлэн мөнгөгүй үедээ алт, мөнгө, монетон ээмэг, бөгж, зүүлт, гар утас, нөүтбүүк зэрэг өөрт байгаа эд зүйлсээ барьцаат зээлийн төв буюу ломбарданд авч очдог.

Манай улсын хүн амын дийлэнх нь ийм төрлийн үйлчилгээ авдаг гэхэд хилсдэхгүй. Учир нь албан бус тоогоор нийслэл хотод барьцаат зээлийн 500 гаруй төв үйл ажиллагаа явуулдаг аж.

Хэрэгцээ дагасан үйлчилгээ гээд хөдөө орон нутагт ч ломбард борооны дараах мөөг шиг олширчээ. Зарим нэг нь “Ломбардаар үйлчлүүлэх иргэдийн тоо банкинд дугаарлах хүмүүсээс хол давж байна” гэж хошигнон ярих боллоо.

Итгэмээргүй мэт боловч өнөөдрийн нийгмийн үнэн дүр төрх энэ. Барьцаат зээлийн төвийг буруутгах гэсэнгүй, түүгээр үйлчлүүлж буй иргэдийг ч буруутгах аргагүй юм. Сурвалжлага бэлтгэхээр ажлаасаа гарах зуур “Барьцаат зээлийн төвөөр үйлчлүүлдэг хүмүүсийн тоо банкинд дугаарлаж байгаа иргэдээс хол давсан юм байх даа” гэсэн бодол толгойд эргэлдэж байв.

Иргэд барьцаат зээлийн төв гэхээс илүү арилжааны банкаар үйлчлүүлж болдоггүй юм байх даа гэх мэтчилэн элдвийг бодож явсаар олны сайн мэдэх УБИС- ийн автобусны буудлын “Сонор плаза”-гийн нэг давхарт байрлах “Сайн” ломбардаар орлоо. Очиход 11:00 цаг болж байсан юм.

Тэнд гурван теллэр эд зүйлсийнхээ хугацааг сунгах, авах, эд зүйлсээ тавьж буй иргэдэд үйлчилж байлаа. Уг барьцаат зээлийн төвөөр үйлчлүүлэх иргэдийн хөл хөдөлгөөн ч тасрахгүй байв.

Ёстой л хүмүүсийн ярьснаар банкинд дугаарлаж буй иргэдийн тоог гүйцэхгүй ч зорин ирэх хүн олон байлаа. Энэ нь дээрх яриа оргүй биш гэдгийг гэрчлэх мэт. Теллэрүүд нэг загварын дүрэмт хувцас өмссөн нь хүмүүст үйлчлэх нь хүрээгээ тэлж өргөжсөнийг илтгэж байв.

Мөн үйлчилгээний салбар олон учраас итгэж үйлчлүүлэх хүн олон аж. “Хүү харьцангуй бага, итгэл дааж, хариуцлагатай үйлчилдэг, эд зүйлсийг найдвартай хадгалж чаддаг болохоор үйлчлүүлдэг” хэмээн ярьж суух хүн ч байв.

Уг барьцаат зээлийн төвөөр үйлчлүүлж буй иргэн А.Тунгалаг “Манай охин энэ жил төгсөх ангийн оюутан. Сургалтын төлбөрөө бүрэн хийж дуусгахгүй бол шалгалт, шүүлэгт оруулахгүй гээд байхаар нь алтан ээмгээ тавьж байна. 560 мянган төгрөгөөр авлаа. Бэлэн мөнгө байхгүй болохоор ээмгээ барьцаанд тавихаас өөр арга байсангүй. Мөнгөтэй болохоороо буцааж авч болох байлгүй дээ” хэмээн учирлан сэтгэгдлээ хуваалцсан юм.

Зарим нэг хүн барьцаат зээлийн төвөөр үйлчлүүлж буй иргэдийг буруугаар ойлгох зүйл ажиглагддагийг онцлох нэгэн ч байлаа. Гэтэл бодит амьдрал дээр энэ төвөөр үйлчлүүлж буй иргэд бидний л нэгэн адил өдөр, хоногоо аргацааж зайлшгүй эд зүйлсээ барьцаанд тавихаас өөр арга байхгүй.

Мөн хичээлийн шинэ жил эхлэх, цагаан сар, тэмдэглэл баяр ёслолын үеэр барьцаат зээлийн төвийг зорих хүн хамгийн их байдгийг теллерүүд хэлж байлаа. Арга ч үгүй биз дээ. Цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа ард түмэн бэлэн мөнгөгүй дээ өөрт байгаа бүхнээ барьцаанд өгч байгаа нь тодорхой.

Улмаар олон сараар хугацааг нь сунгасан эд зүйлсэд хүүгийн хүү боддог аж. Энэ нь иргэдэд санхүүгийн дарамт болдог гэдгийг барьцаат зээлийн төвөөр үйлчлүүлж буй хүмүүс ярьж байсан юм. Тэгсэн хэрнээ аргаа барсан үедээ ломбардыг зорьдог гэнэ.

Бидний дараагийн очсон газар бол Бөхийн өргөөний зүүнтэй байрлах “Начин заан” ломбардын гуравдугаар салбар юм. Барьцаат зээлийн гэрээний санамж бичгийг тайлбарлах, үйлчлүүлэгчийн үүрэг, өөрсдийн дүрэм журмыг танилцуулж буй теллерүүд биднийг угтлаа.

Энэ нь тухайн иргэн гэрээний дагуу эд зүйлсээ хугацаанд нь ирж авч чадахгүй тохиолдолд сунгах боломж байгааг сануулах аж. Ингэснээр “Үйлчлүүлэгч болон барьцаат зээлийн төв хоёрын хооронд гарах үл ойлголцол, буруу ойлголт, хүүгийн хүү бодох арга зэргийг сануулж харилцан бие биедээ ашигтай ажиллах нөхцөл болдог” гэдгийг үйлчилгээ хариуцсан теллэр нь онцолж байв.

Үйлчлүүлэгчид үүнд сэтгэл хангалуун, итгэлтэй үйлчлүүлж харагдлаа. Иргэд ямар учраас барьцаат зээлийн төвийг зорьдог талаар эндхийн теллэр Г.Сарангаас тодруулав.

Г.Саран: Өдөрт 60-70 хүнд үйлчилдэг

-Танайх өдөр хэчнээн хүнд үйлчилдэг вэ?

- Иргэд эд зүйлээ авах, хугацааг нь сунгах, эд зүйлсээ шинээр тавих зэргээс хамаарч үйлчлүүлж буй хүү янз бүр байдаг. Өдөрт дунджаар 60-70 хүнд үйлчилдэг.

Эдгээрийн 10 гаруй нь үйлчилгээгээ сунгуулах, таван хүн эд зүйлсээ авдаг. Үлдсэн 35-40 хүн нь шинээр ирж үйлчлүүлдэг. Иргэд ихэвчлэн алт, мөнгө, монет, мөнгөн аяга зэргийг тавьдаг.

-Эд зүйлсээ тавих хугацааг иргэд өөрсдөө сонгодог уу. Эд зүйлсийг хэрхэн үнэлдэг вэ?

-Ер нь олонхи барьцаат зээлийн гэрээний хугацаа хамгийн бага нь нэг сар байдаг. Зарим тохиолдолд хоёр долоо хоног тавьдаг. Иргэд голдуу нэг сарыг сонгож, гэрээ байгуулдаг. Үнэлгээний хувьд өөр өөр. Иргэд бэлэн мөнгөгүй болсон үедээ л ирдэг. Мөн баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийн үеэр ирэх нь ихэсдэг.

-Барьцаат зээлийн төвийн дүрэм журамд өөрчлөлт оруулах тухай ШӨХТГ-аас мэдэгдэл гаргаж, хэлэлцүүлж байгаа. Энэ талаар хэр мэдээлэлтэй байна вэ?

-Дүрэм, журамд өөрчлөлт орох тухай сонссон. Одоогийн байдлаар энэ талаар тодорхой мэдээлэлгүй байна.

-Иргэдийн эд зүйлсийг тухайн хүнд мэдэгдэхгүй зарж борлуулан байгууллагын өмч болгодог, мөн хүүгийн хүүг бодох нь эргээд иргэдийг санхүүгийн дарамтад оруулдаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Эд зүйлийг хэлэхгүйгээр зарж борлуулан байгууллагын өмч болгоно гэсэн ойлголт байхгүй. Тодорхой хэмжээгээр эзэнд нь мэдэгддэг. Учир нь иргэд ээмэг, бөгжөө нэг сарын хугацаатай тавьсан хэрнээ хэдэн сараар нь сунгуулдаг.

Энэ тохиолдолд үндсэн мөнгөн дээр хүүгийн хүү боддог гэдгийг тэр бүр мэддэггүй. Тухайн барьцаат зээлийн төв энэ талаар удаа дараа хэлж мэдэгдсэн ч ирж авахгүй байх тохиолдол олон бий. Зарим тохиолдолд тухайн хүү утсаа сольсон, гээсэн, хаясан гэх шалтгаанаас болж эргэж холбогдохгүй удах үе байна.

Ийм тохиолдолд иргэд, барьцаат зээлийн төв хоёрын хооронд байгуулсан гэрээний дагуу буюу хугацаа хэтэрснээс 60 хоногийн дараа тухайн эд зүйлсийг зарж, барьцаат зээлийн төв хохирлоо барагдуулдаг.

Энэ нь тухайн хүнд өгсөн үндсэн мөнгөө л олж авч байгаа юм. Барьцаат зээлийн төв нь ашгийн төлөөх байгууллага. Тийм болохоор хаа, хаанаа л асуудлыг бодолцож үзэх хэрэгтэй.

Иргэд бэлэн мөнгөгүй учир ломбардыг сонгодог

Ийнхүү ярилцах зуур иргэд эд зүйлсээ сунгах, авах, тавих мөн хүүг нь асууж, сураглаж байлаа. Бидний дараагийн очсон газар бол XIII хороололд байрлах “Мартуузай” барьцаат зээлийн төв. Нэр нь хүртэл содон уг ломбард иргэдийг тавьсан эд зүйлсээ мартаж болохгүй гэсэндээ ийнхүү нэрлэсэн байх.

Энд ч хөл хөдөлгөөн тасрахгүй байлаа. Уг барьцаат зээлийн төв ёстой хүний өнгөтэй өөдтэй гэсэн болгоныг авдаг бололтой. Хаалганы хажууд байрлуулсан мэдээллийн самбарт “Алт мөнгө, монет, үнэт эдлэл, гар утас, нөүтбүүк, электрон бараа, LCD, Led зурагт зэргийг авна” гэж бичжээ.

Мөн жич: “Эвдрэлтэй цахилгаан бараа авахгүй, хэрэв цахилгаан бараа авч ирвэл баталгаатай цуг авч ирвэл сайн” гэх зэргийг сануулах хуудас наасан байх юм. Эндээс “Иргэдийн хэрэгцээ, шаардлагыг далимдуулан тэдний аль өнгөтэй өөдтэй бүхнийг хуу хамах барьцаат зээлийн төв бидний эргэн тойронд өдөр ирэх тусам нэмэгдэж байна” гэж бодохоор сэтгэлд нэг л таатай бус мэдрэмж төрж байсныг нуух юун.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн иргэн Т.Жаргал “Монетон бөгжийнхөө хугацааг сунгуулаад явж байна. Барьцаанд тавиад дөрвөн сар боллоо. Хугацааг нь сунгах тусам хүү бодож байгаа нь жаахан хэцүү л байна. Гэхдээ яах вэ дээ. Өөр арга байхгүйгээс хойш.

Хүний амьдралд ямар ч хэрэгцээ шаардлага гарч болно. Тэр болгонд бэлэн мөнгөтэй хүн ховор. Тийм болохоор аль үнэ хүрэх эд зүйлсээ барьцаат зээлийн төв рүү барьж гүйдэг. Энэ нь ч иргэдэд амар хялбар байдаг.

Арилжааны банк шиг барьцаа хөрөнгө шаардахгүй, хүлээлгэхгүй, янз бүрийн бичиг баримт хүсэхгүй гээд олон давуу талтай. Үүнийг дагаад сөрөг үр дагавар бас байна. Барьцаанд тавьсан эд зүйлсээ авч чадахгүй тухайн ломбардын орлого болгож байгаа хүн олон. Яагаад гэхээр олон сараар сунгуулахаар хүү, хүүгийн хүү боддог.

Энэ нь эргээд иргэдэд санхүүгийн хувьд асар их дарамт үүсгэдэг. Ер нь манай улсад өр зээлгүй хүн ховор болж. Бараг байхгүй гэхэд болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Өнөөдрийн нийгэмд өөрийн хэрэгцээ, шаардлагад тохируулан хэрэгтэй үед нь бэлэн мөнгө шууд гаргаад хэрэглэх хүн хэр болон байгаа бол.

Энэ мэт иргэдийн мөнгөгүй талыг ашиглан үнэтэй, өнгөтэй гэсэн бүхнийг барьцаалж зээл олгож буй эдгээр барьцаат зээлийн төвөөс гадна автомашин, үл хөдлөх хөрөнгө, хашаа, газрын өмчлөх, эзэмших эрхийн бичгийг барьцаанд авч зээл олгодог банк бус санхүүгийн байгууллага олон болж.
Иймд цалингаас цалин, өрнөөс өрийн хооронд амьдарч буй иргэд ийнхүү барьцаат зээлийн төвөөр үйлчлүүлж “Бор өдөр шар хоног”-ийг өнгөрөөж байна.
 

Д.Нэргүй


URL:

Сэтгэгдэл бичих