Улаан лууван шиг төсөв

5cb7c7ef8004873ebigЗасгийн газраа огцруулсан Монгол Улс бас Их Хуралгүй болчих шахав. 2015 оны төсвөө баталж чадахгүй бол маргааш нь тарах ёстой байсан Их Хурлын гишүүд сандран төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг урьд өдөр нь, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хамтад нь “бөөндөөд” 59 хувийн ирцтэй (45 гишүүн) хурлаасаа 83.9 хувиар (38 гишүүн) дэмжин, арваннэгдүгээр сарын 14-ний өдөр яаран батлав. Ноднин бас л яг энэ өдөр, тараахын өмнөхөн баталж, зургаан сарын дараа тодотгож байлаа. Эрх баригчид ч, сөрөг хүчин ч энэ төсвийг он гармагц, шинэ Ерөнхий сайдтай хамт тодотгохоо “амлав”. Жилд нэг удаа төсвөө тодотгодог байснаа бүр улирал тутам болгох нь. Тэгэхээр оны биш улирлын төсөв хийж Их Хурал зөвхөн төсөв ярьдаг болох нь ээ. 2014 оны тодотгосон төсвийн орлого (6.9 их наяд төгрөг) нь нэг их наяд төгрөгөөр тасарч байхад 2015 оны төсвийн зарлагаа 7.5 их наяд болгож тэлчихээд Их Хурлын гишүүд хачин их танаснаа магтаад байгаа нь гайхалтай. Төсвийн алдагдал төлөвлөсөн шигээ ДНБ-ий хоёр хувьтай биш, 10 хувьтай тэнцээд байхад ирэх онд 1.81 хувьд хүргэх гэнэ ээ. Дарга нарын маань ам, ажил хоёр алд дэлэм биш, айл саахалтаар зөрөх боллоо. Улаан хальсыг нь дөнгөж хуулахад л цав цагаан дотор нь гардаг лууван (редиска) шиг, хямралын гэх 2015 оны улсын төсөв хальс шиг өнгөцхөн, цоохорлон танагдаад, тэлэгдэн батлагдав. Төсөв бол ямар эдийн засаг байна гэхээсээ илүү ямар мэдлэг боловсрол, дадал чадвар, үзэл бодол, хүсэл эрмэлзэлтэй Их Хурлын гишүүд байгаагийн тусгал юм. УИХ-ыг бүрдүүлж буй улс төрийн намуудын үзэл баримтлал зарчмын ялгаа бага, зөвхөн сонгуулийн зорилго, хугацаагаар асуудалд ханддаг тул сонгууль дөхөх тусам популист хэлбэртэй төсөв баталдаг. Ямархуу чанартай батлагдсан төсөв нь ийм томоор дутаад байгаад эхлээд сайн судалгаа хийж бодлогын дүгнэлт өгөх ёстой. Дараа нь улс орны болон олон улсын эдийн засгийн төлөв байдлыг судалгаа, шинжилгээнд тулгуурлан нарийвчлан хэлэлцээд юуны өмнө шинэ оны төсөвт хандах зарчмаа, хасах нэмэх пропорцоо тохироод, дараа нь зүйл ангиар ярихгүй, шууд л мөнгөө яриад явчихаар эцэс төгсгөлгүй, барагдашгүй ажил болж, олон шөнө оройтон суусан, яарсан, даарсан төсөв болдог жишиг хэвээр байна. Тэгээд ч энэ жилийн төсөв нь нүүрлэж байгаа эдийн засгийн хямралыг сөрөх, инфляц бий болгож байгаа шалтгааныг арилгах, төгрөгийн ханшийн уналтыг зогсоох, мөн төсвийн алдагдлыг маш бага байлгах боломжтой бүх арга хэмжээг авах шаардлагатай байх юм. Энэ оны төсвийн хувьд Засгийн газрын гадаад өрийг 2017 оноос барагдуулахын тулд зарим хуримтлал бүрдүүлэх, захиргааны зардлаа багасган бүтэц, чиг үүргийн давхардлыг арилган 345 дэд, орлогч, зөвлөгч нарыг цомхтгож байгаа нь цаг үеэ олсон чухал шийдвэр боллоо. Гэвч энэ нь хэмнэлтийн горим гэхэд хангалтгүй. Болж өгвөл төсвийн мөнгөөр Монголд үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээ авахыг шаардах учиртай. Жишээ нь, төр засгийн байгууллагуудын шинээр авах бүх тавилга Монголд үйлдвэрлэсэн байх нь зүйд нийцнэ. Нэгэнт 14 хувь болчихоод буй инфляцыг хоёр дахин буулгах төсвөө хэрэгжүүлэхийн тулд үнийг өсгөж байгаа олон хүчин зүйлийг дахин харж үзэх шаардлага шинэ Засгийн газарт тулгарна. Төрийн албан хаагчдын тоог нь нэмээгүй ч, цалинг нь инфляцтай уралдан өсгөж, 380 тэрбум төгрөг төсөвлөсөн нь хувийн хэвшилд дахиад л хүчтэй цохилт болох юм. Хувийн хэвшил төрийн байгууллагатай уралдан цалин нэмэхийг оролдсоноор инфляцыг дахин өсгөх нөхцөл бүрдэнэ. Төгрөгийн ханшийн уналтыг зогсоохын тулд гадаадаас хөрөнгө оруулах, төгрөг нэмж хэвлэхгүй байх шаардлагатай бол гадаад худалдааны алдагдлыг багасгахын тулд зах зээлд үнийн талаар бодитой дохио очих ёстой. Мөнгөний болон төсвийн бодлого уялдсан байх учиртай. Орон сууцны зах зээлийн хэрэгцээний дийлэнх нь ядуу, бага орлоготой хүмүүст зориулсан хямд байрнууд юм. Гэтэл ашгаа бодоод барилгын компаниуд өндөр болон дундаас дээш орлоготой хэрэглэгчдэд зориулсан байшин олноор барьдаг. Орон сууцны найман хувийн моргэйжийн зээл тасралтгүй олгох боломжгүй амлалтыг биелүүлэх гэж барилгын компаниуд улам олон үнэтэй байшин барьж импортыг өсгөж ирлээ. Улаанбаатар хотод эдүгээ 217 төслийн 35 мянган байр борлуулахаар зар өгөөд байна. Байрны борлуулалт өнгөрсөн оноосоо тав дахин хумигджээ. Энэ бол наад зах нь 3.5 тэрбум долларын хөрөнгө борлуулалтгүй зогсож байгаа хэрэг. Ийм хэмжээний зээлийн хугацаа хэтрэн, муу зээлд шилжин, барьцаалсан хөрөнгийг нь хямдруулан борлуулахад хүрвэл банкны салбарын эрсдэлийг огцом нэмэгд үүлэхээр байна. Зах зээлийн тухай бодит бус бас нэг дохио бол шатахуун, мах, гурил, будаа зэрэг өргөн хэрэглээний барааны үнийн хязгаарлалт юм. Төр засаг нийл үүлэгчдэд хөнг өлөлттэй зээл олгож, үнийг хязгаарлаж ирлээ. Хэрэглэгч үнэ нэмэгдэхгүй гэсэн хүлээлтээр бензин хэмнэж, нийтийн тээвэр ашиглах талаар бодохгүй байна. Автомашины импорт нэмэгдсээр байгаа нь гадаад худалдааны тэнцэлд бас сөргөөр нөлөөлж буй. Засгийн газар төрийн өмчит, алдагдалтай бүх компаниа юуны өмнө Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаат компани болгох, цахилгааны үнийг хязгаарлахаа зогсоох нь яваандаа зах зээлийн харьцаа буюу эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагдах юм. Нийгмийн даатгалын хураамжийг тусгай санд төвлөрүүлэх, хувийн тэтгэврийн санг зөвшөөрөх, тодорхой хэсгийг нь хөрөнгийн зах зээлд оролцохыг хуульчлах шаардлагатай байна. Нийгмийн хавтгайруулсан халамжийг зогсоож, зөвхөн хэрэгцээтэй хэсэгт нь олгох цаг ирлээ. Төсвийн орлогын 15 хувь нь (1.1 их наяд төгрөг) уул уурхайн салбараас орохоор төлөвлөсний 324 тэрбум нь Оюутолгойн ил, далд уурхайд ногдож буй тул уг төслийг яаравчлах шаардлагатай аж. Төсвийн ачааллыг хөнгөлөх, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог өсгөх, төрийн үйлчилгээний бүтээмжийг дээшлүүлэх олон ажил хийнэ гэж удалгүй бүрдэх шинэ Засгийн газраас иргэд хүлээж байна.

Эдийн засагч, Нийтлэлч, тоймч Д.Жаргалсайханы нийтлэл 


URL:

Сэтгэгдэл бичих