ТОЛГОЙ ДЭЭР НЬ ТӨМӨР УНАСНААС НАС БАРЖЭЭ
Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд орших «Материал Импекс» ХХК-ийн хашаан дотор «хүний толгой дээр өндрөөс төмөр унаснаас нас барлаа» гэсэн мэдээллийг энэ сарын 05-ны 12:25 цагт авч шалгахад, тус хорооны иргэн 44 настай эрэгтэй Л японоос ирсэн чингэлгээс буух автомашин авахаар тус компанийн талбай дээр явж байхад нь чингэлэг өргөж байсан кранаас 80см урттай, 8см-ийн диаметрын хэмжээтэй төмөр хоолой толгой дээр нь унаснаар амийг нь хөнөөсөн болохыг тогтоосон байна. «Баянзүрхийн товчооны гүүрнээс зүүн тийш 3 км орчим газарт Туул голын урд салаанаас нас барсан хүний цогцос олдлоо» гэсэн мэдээллийг 5-ны 14:52 цагт авч шалгахад 6-дугаар сарын 27-ны өдөр Гачуурт дахь 85-р сургуулийн урдаас Туул голын усанд живж, цогцос нь олдоогүй эрэн сурвалжлагдаж байсан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн 31 настай эрэгтэй Н-ийн цогцос болохыг тогтоолоо. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг Улаанбаатар банкны хойд талын замын дэргэдэх траншейнд энэ сарын 5-ны 10.07 цагийн орчим Баянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэн 51 настай эрэгтэй М унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Талийгаач УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэлийн албаны ажилтан, ахмад сэтгүүлч нэгэн байжээ. «Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд гудамжинд хутгалуулж гэмтсэн хүн байна» гэсэн мэдээллийг 4-ний 22:53 цагт шалгахад Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн 25 настай эрхэгтэй Ү, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны иргэн 19 настай эрэгтэй С нар архи хэтрүүлэн хэрэглэж согтуурсан үедээ маргалдсанаас иргэн Ү-г С гэгч нь дөрвөн удаа хутгалж гэмтээгээд зугтсаныг цагдаагийн алба хаагчид тогтоон, сэжигтэн этгээдийг шуурхай эрэн сурвалжлан саатуулжээ. С.Амар
URL: