Хүн чанар гэж ярих ч хэрэг алга
Хүн чанар гэдэг хөлийн чигчий хуруу шиг болчихсон юм гэж хүмүүсийн ярьдаг ч үнэхээр үнэн үг юм. Миний эх оронд хүн чанар, шудрага ёс, энэрэнгүй сэтгэл, ёс жудаг гэж юм хумсын толионы чинээ ч байхаа больж. Мэдээж хар бараан нь байхад цагаан цайлган нь ч байлгүй л яахав. Хүн болгоныг ийм ширэн нүүртэй гэж хэлээгүй билээ. Гэхдээ энэ нийгэмд хүн хүндээ итгэж амьдрах хэцүү болчихсон юм гэж үү.
Өнгөрсөн сарын 22-ны өдөр оройн 18 цагийн үед зээ хүүгээ сургуулиас нь аваад явж байсан хөгшин настай хүнийг автобусны жолооч мөргөж 3 метрийн өндөр далан дээрээс унагаж байгаа бичлэг цахим мэдээлийн хэрэгсэлээр өдөр алгасалгүй гарч байсан. Хүн далан руу уначихаад байхад автобусны жолооч хаалгаач нээхгүй байсан гэнэ лээ. Хүмүүс уурлаж загнах юм болж нэг юм эмнэлэгт хүргэсэн гэж сууж явсан хүмүүс нь ярьсан байгаа юм. Тэгвэл тэрхүү хүн чанаргүй жолоочид ямар хариуцлага тооцох талаар Замын цагдаагийн газраас сэтгүүлч асуухад “Автобусны жолоочийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Хэний буруу, зөв болохыг одоогоор тогтоож, хариуцлага тооцсон зүйл байхгүй. Цагдаагийн байгууллага шалгаж дуусаад прокурорт шилжүүлнэ. Прокуророос хянаж үзээд шүүх рүү шилжүүлэх эсэхээ шийднэ. Хүүгээ хөтөлж яваад унасан настай эрэгтэй хүний бие тааруухан байгаа гэсэн. Өөр мэдээлэлгүй байна” хэмээсэн байна.
Автобусны жолооч залуу хашлагаас унасан настай хүний хүүхдүүдэд хандан “Зүгээр ээ гайгүй байна, хурдхан мэдүүлгээ өгчихөөд явъя, Та нар хүнээ аваад явна биз” гэх маягтай ярьсан төдийгүй хэрэг бүртгэл дээр тайлбар өгөхдөө “Би бараг зүгээр зогсож байсан. Тэр хоёр өөрсдөө унасан” гэсэн байгаа юм.
Эцсийн дүндээ энд хэний буруу зөвийг ярих гэсэнгүй. Буруу зөвийг хэлэлцвэл зам руу шахаж хашлага барьсан нь ч гэсэн хариуцлага хүлээх биз. Гэхдээ энд хүний мөс чанарын талаар л яриад байгаа юм. Хөгшин настай хүн, хүүхэд хоёр бэртчихээд байхад энэ мэтийн нохойноос дор юм ярьж зогсох жолооч шиг хүмүүс мэр сэр байсаар байгаад сэтгэл өвдөх юм.
URL: