С.Бямбацогт: Эрх баригчид өнгөрсөн хугацаанд алдсанаа хүлээн зөвшөөрлөө

1402986863_mpa-photo-7913_500x500УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар оролцож, гишүүдтэй санал солилцсон байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос зарим зүйлийг тодрууллаа.

-Танай бүлэг нэлээд удаан хуралдлаа. Шинэ Ерөнхий сайдын талаар ямар шийдэлд хүрсэн бэ?

-МАН-ын бүлэг өчигдөр АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшигч, Ч.Сайханбилэг нарыг урьж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан мэдээлэл авлаа. Гэхдээ бүлэг эцсийн шийдвэр гаргахгүй. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 2-т “Олон суудалтай нам Ерөнхий сайдад нэр дэвшигчийг бусад намтайгаа зөвшилцөж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ” гэсэн заалт байдаг. Үүний дагуу намын эцсийн шийдвэрийг Удирдах зөвлөл хуралдаж, гаргах ёстой. Тиймээс эхний ээлжинд намын удирдлагууд, мөн бүлгийн гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч томилогдсон тохиолдолд ямар бодлого хэрэгжүүлэх вэ, ямар байр суурьтай байх вэ гэдэг мэдээллийг авлаа. Өгсөн мэдээллийг нь  тодорхой болгохын тулд бүлгийн гишүүд асуулт асууж хариулт авсан.

-Удирдах зөвлөл Ерөнхий сайдын асуудлаар шийдвэр гаргах эрхийг намын бүлэгт өгсөн юм биш үү?

-Өнөөдөр/өчигдөр/ Удирдах зөвлөл хуралдаж шийдвэр гаргана. АН-ын дарга болон Ерөнхий сайдад нэр дэвшигч нарын манай бүлгийн гишүүдийн асуусан асуултад хариулж байгаа байдлаас харахад олон асуудал дээр ойлголцъё, зөвшилцье гэдэг санал гаргаж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бидний байр суурь буруу байжээ гэдгийг хэлж байна.

Манай нам 2012 оноос улстөржиж талцаж хуваагдахгүйгээр улс орны хөгжил, ард түмний сайн сайхны төлөө явах хэрэгтэй гэсэн байр суурь баримталж байсан. Өнгөрсөн онд МАН-ын XXVII Их хурлаас Монгол Улсын хөгжлийн зорилтын тухай хөгжлийн бодлого боловсруулж, түүнийгээ дагалдуулан тогтоол баталсан. Уг тогтоол хоёр заалттай. Нэгдүгээрт, Монгол Улсыг урт, дунд, богино хугацаанд харилцан уялдаатай хөгжүүлэх бодлогын баримт бичгийг УИХ-аар батлуулах, үүнийг ямар ч Засгийн газар гарсан хэрэгжүүлдэг байх. Хоёрдугаарт, улс орноо тогтвортой, тодорхой бодлоготой болгож, улстөржихгүйгээр хөгжүүлэхийн тулд намуудыг үндэсний зөвшилцөлд уриалсан шийдвэр гаргасан. Өнөөдөр парламентад олон суудалтай нам маань бидэнд хандаж үндэсний зөвшилцөлд хүрье, улс орныхоо төлөө хамтарч ажиллая гэсэн. Ингэхийн тулд Үндсэн хууль, Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, зөвшилцөөд явахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Энэ нь өмнө нь алдсанаа зөвшөөрч, алдаагаа цаашид засахаа ойлгосны илэрхийлэл гэж үзэж байна. Гэхдээ ингэж хэлснээрээ МАН Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжинэ, дэмжихгүй, Засгийн газарт хамтарч ажиллана гэж ярихад эрт байна.

-МАН-д шинэ Засгийн газарт орох санал албан ёсоор ирсэн юм уу?

-Д.Эрдэнэбат даргатай ажлын хэсгийн санал гэж байхгүй юм билээ. АН-ын дарга Үндсэн хуулийн 33.2-т заасны дагуу Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх саналаа хамгийн түрүүнд манай намд ирүүлсэн гэдгээ хэлсэн. Хоёрдугаарт нь, ИЗНН-д явуулсан юм билээ. Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудлын тухайд Ерөнхий сайд томилогдсоныхоо дараа бүтцээ оруулж ирдэг. Тиймээс ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллаж ямар бодлого хэрэгжүүлэх вэ, ингэхдээ аль намуудаа урих вэ гэдгийг дараа нь ярих асуудал гэж бодож байна.

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих