“Засгаа битгий солиорой”
Улс төр халуурахад ард түний амьдрал хүйтэрдэг
Жилийн жилд л Монголын улс төрд халуухан үйл явдлууд өрнөдөг. Гэхдээ энэ намрынх арай л халуун, бас удаан үргэлжиллээ. Намрын чуулганы турш Ерөнхий сайдын суудалтай ноцолдлоо. Ийн завгүй нанчилдсан улс төрийн намууд, түүн доторх фракцууд, намуудаа дамжсан бүлэглэлүүд 27 дахь Ерөнхий сайдыг огцруулсан юм. Ирэх оны төсвийг арай гэж хугацаанд нь амжиж батлав.
Энэ хооронд нь валютын ханш, инфляц… өргөн хэрэглэдэг барааны үнэ өсч, экспортын бараа бүтээгдэхүүн, гадаадын хөрөнгийн биржүүд дэх Монголын оролцоотой компаниудын хувьцаанууд шууд унаж эхэллээ. Bloomberg-ээр яагаад ч юм, Монгол баларсан шүү, тийшээ зүглэв ээ гэдэг “сэрэмжлүүлэг” цацагдах болсон гэнэ.
Улаанбаатарын дундаж амьдралтай хүмүүсийн хагас сарын цалин ганц удаа хөргөгчөө дүүргэхэд л дуусдаг болов. Лангуун дээрх кг махны үнэ буурахгүй байгаа ч ченжүүд малчдын авчирсан махыг кг-ыг нь дөнгөж дөрвөн мянга гаруй төгрөгөөр үнэлж авч байна.
Аймаг сумдад хүнсний дэлгүүрүүд орлогогүй болж, гурил будаа, давс сахар л зарагддаг болсон. Олон дэлгүүр хаалгаа барьж байна гэнэ.
Төрийн алба үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л болсон байна. Дарга солигдох нь гэсэн анир хаа сайгүй. Цомхотголд ажил нь хамрагдчих вий гэхдээ телевизийн мэдээнээс салахаа больсон танил олон бий. Төрийн албан хаагчид маргаашийг бус өнөөдрийн цагийг өнгөрөөх төдийхнөөр ажиллаж байна.
Улс төрийн энэ хийрхэл, халуурал энэ чигээрээ үргэлжилбэл юу болж дуусах бол. Ийм бужигнаан зарим хүнд маш их таалагддаг шиг байгаа юм. Жижиг намууд, элдэв хөдөлгөөний тэргүүн нэртэй хүмүүс улс төрийн захиалга гүйцэтгэн, телевизүүдийн дэлгэцээс сална гэж үгүй. Дуу дуугаа авалцан нэг “тоне”-оор авч өгнө. Нийгэмд “үүрэг”-ээ гүйцэтгэж байгаа нь тэр. Ерөнхий сайдыг огцорсон орой сөрөг хүчин нам даяараа баярлажээ. Томчууд нь Тусгаар тогтнолын ордондоо, багачууд нь хороо, үүрүүдийнхээ байранд тэмдэглэсэн гэнэ. Лав Баянбүрдийн арын Цагаан байрны дунд байдаг МАН-ын нэг үүрэнд шөнөжин найр болж МАН-ын өвгөчүүл огцорсон засгийг муулж хоносон мэдээлэл байна.
Ийн улс төрийн намууд баярлацгааж гуницгааж, өгөө аваагаа дэнсэлж байх зуур ард түмний амьдрал аль хэдийнэ хасах градус руу шилжчихлээ. Амьдрал, хямралаас хол тасарсан “Монос” Л.Эрдэнэчимэг шиг “Хямрал хаана байна…” гэж хашгирах уу. Аль эсвэл АН-д тал зассан нийтлэлчийн “Тураах эм хаа сайгүй зарж байхад турж үхэх гээд байна гээд байдаг ямар учиртай юм…” гэж худал хэлэх үү.
ХЭН ХОЖИВ, ЮУ АЛДАВ
Улстөрчдийг ийн хувийн эрх ашигтаа дулдуйдан, өөр хоорондоо хөлөө жийлцэж байх зуурт Орос, Хятад хоёр хөрш “Сибирийн хүч” хийн хоолойгоо Монголыг тойруулаад татчихсан байна. 400 тэрбум ам.долларын өртөгтэй, 2019 оноос нийлүүлэлтээ эхлэх хийн хоолойг нутгаараа дайруулсан бол Монголын улстөрчдийн том амжилт болох байлаа. Гэсэн ч одоо нэгэнт өнгөрсөн. Хэд хоногийн өмнө УИХ-ын дарга З.Энхболд Хятадад айлчилсан. Тэрээр Си даргаас нүүрсний татвар чөлөөлөхийг гуйв. Си дарга тоймтой хариу хэлэхгүй байна лээ. Үгүй гэсэн үг.
Чалькогийн гэрээг сайлж муулагсад олон. Сэдэв олдохгүй бол энэ гэрээний сайн мууг яриад л аль нэг хэвлэлд ярилцлага өгч “од” болох жишээтэй. Ингэсээр тонныг нь 70 ам .доллараар гэрээлснийг цуцалсан. Гэтэл өнөөдөр дөнгөж 30 ам.доллараар өгдөг болсон байна. Чалькогийн гэрээтэй холбоотой Хятадын нэг албан тушаалтан дотоодынхоо хэвлэлд гэрээний талаар ярьсан байна. “Монголоос 70 ам.доллараар нүүрс авах гэрээ байсан юм. Гэтэл нүүсрний үнэ унаад яая даа гэж байтал өнөөх монголчууд дангаараа гэрээгээ цуцалж орхилоо. Аз биднийг тэтгэсэн хэрэг. Одоо 30 ам.доллараар бидэнд нийлүүлж байгаа” гэсэн байгаа юм. Нийтлэлч Баабар ч угшил нэгтнүүдийнхээ, улс төрийн том намуудын явуулж байгаа бодлогыг алдаа хэмээн нэрлэжээ. Тэрээр “…Ганц жилийн дотор төгрөгийн ханш гуравны нэгээр уналаа. Улсын валютийн нөөц үндсэндээ дуусч байна. Инфляц суга өсөх нөхцөл бүрдчихлээ. Гадаадын хөрөнгө оруулалт гуравны хоёроор хорогдлоо. Гаднаас орж ирэх валютын урсгал бараг л зогсч байна. Экспорт суларснаас болж импорт эрс багаслаа. Улс орныг сүүлийн арван жил мандуулж, экспортын бараг 90 хувийг хангаж байсан уул уурхайн үйлдвэрлэл тэр чигээрээ годройтчихлоо. Үүнийг дагаад хөгжих гэж алж өгч байсан барилгын салбар дагаад онхолдов. Араас нь тэгээд онхолдоогүй ч юм үгүй болох шив дээ. Энгийн нүдээр харахад энэ жилийн дэлгэр сайхан зунд лав л Улаанбаатарт ажиллаж буй кран харагдсангүй. Үнэ нь тэнгэрт хадаж байсан оффисын барилгуудын давхрууд тэр чигээрээ хоосорчээ. Гуанз ресторан ч бас үйлчлүүлэгчгүй болж. Харин хаа очиж энэ зун зуу нэлээд гаруй сумдынхаа 90 жилийн ойг элбэг дэлбэг нижгэр сайхан тэмдэглэсэн дээ. Уг нь 1924 онд Монголын засаг захиргааны 125 хошууд ноёныхоороо нэрээр нэрлэгддэг байсныг болиулж уул усны нэрээр сольсон юм л даа. Гэхдээ яахав яахав, сайхан л наргиж наадсан.
Ердөө гурван жилийн өмнө дэлхийн хамгийн нэр хүндтэй эдийн засгийн сэтгүүл болох “Экономист” Монголд зориулж тусгай дугаар гаргаж, Монголыг “Азийн тав дахь бар” гэж нэрлэж байв. Сүүлийн 10 жилд ДНБ-ээ 10 дахин өсгөж чадсан ийм орон түүхэнд байгаагүй гэж магтав. ДНБ нь жилд бараг л 20 хувь өсч байгаа хулганыг бар гэхгүй юм бол өөр хэнийг бар гэх юм бэ? Монгол бол дэлхийн хөгжиж байгаа орнуудад алтан жишээ байлаа. Монголыг дуурай гэж том эдийн засагчид энд тэндгүй хичээл зааж байлаа. Харин одоо “Монгол шиг л болчихов доо” гэсэн үлгэр жишээг ядуу буурай орнуудад хичээл заах эрдэмтэд сургамжилна. Гадаадын хөрөнгө оруулагчид монголчуудтай, тэр дундаа засаг төрийн төлөөлөгчидтэй уулзахаас зугтаана. Ямар сайндаа хуралд очсон сайдыг маань огт зовохгүй “Бөлдгөн толгой” гээд сонин дээрээ бичихэв дээ. Манай бизнесмэнүүдийг “аброген” гэж нэрлээд уулзахаас шууд татгалзаж байна. Олон улсын бирж дээр “Монгол” гэсэн үг орсон хувьцаа болгон шалан дээр унажээ…” гэв. Баабар тэссэнгүй. Байгаа царай ийм болохоор яалтай. Соцдек Л.Бямбажаргал ч тэсэрсэн. Тэр шув шулуухан үнэнийг илчилсэн. Яг үнэндээ энэ богинохон хугацаанд монголчуудын алдсан юм дэндүү их байна. Харин хэн хожив.Улс төр дагасан цөөн хэдэн хүн л сандал ширээтэй, хөрөнгө зоорь сайтай л болсон байх.
АН-Д “ХААН” ХЭРЭГТЭЙ
Мафи анх XVIII, XIX зууны заагт Италийн Сицилид үүсчээ. Гэхдээ тэр үед Европ, Ази, Дорно дахины улс орнуудад ч ийм байгууллага байсан байна. Иймээс мафийн үүслийн талаарх ойлголт нь бүрэн судлагдаагүй.Гэхдээ Сицилид үүссэн гэдэгтэй хэн ч маргадаггүй ажээ.
XVIII зуунд Сицили нь Арабын түрэмгийлэгчдэд эзлэгдсэн байв. Сицилийн уугуул иргэд ихээхэн зовлон зүдгүүрийг амсаж байлаа. Чухам тэр үед сициличүүд Араб, Норманчуудын булаан эзлэгчид, тэдэнтэй сүжрээд буй нутгийн баячуудын эсрэг өөрсдийн нууц нийгэмлэгийг байгуулжээ. Түүнийгээ мафи гэж нэрлэх болсон байна.
Гэхдээ мафи /mafia/ хэмээх нэр томъёо нь аль эрт буюу 1282 онд Сицилийн ард түмэн Францын булаан эзлэгчдийн өөдөөс зэвсэглэн тэмцэлд боссон тэрхүү түүхэн цаг үед хамаардаг. Тэр үед “Morte alia Francia, Italia anela” буюу Франц сөнө, Итали амьсгалаа ав хэмээх дуулал төрсний эхний үсгүүдийг нийлүүлэн “MAFIA” гэх нэр үүссэн түүхтэй.
Түүхэн цаг үе өнгөрөхийн хажуугаар мафи гэх нэрийг зөвхөн ядуучууд болон дарлагсдыг хамгаалах, ямар нэгэн арилжаа наймаанд төлөөлөн оролцох ажиллагаанд ашиглан хэрэглэж байсаар одоогийн бидний мэдэх мафи бий болсон. Түүнээс хойш мафи нь улам бүр гэмт байгууллагын шинжтэй болон өдийг хvрсэн байна.
Эд хөрөнгө, мөнгө, айлган сүрдүүлэлт, цусан өшөө авалт, садан төрлийн холбоо энэ бvгд мафи хэмээх нууц байгууллагад л оршдог хэмээн судалдаг хүмүүс нь бичжээ. Бас нэг гайхалтай юм нь ийм байгууллагын жинхэнэ гишүүд өөрсдийгөө хүмүүнлэг, ёс төртэй, өгөөмөр хүмүүс гэж vздэг гэнэ лээ.
Нэг л танил байгаа биз. Тэгэх ёстой. Манай өнөөгийн улстөрийн намууд дахь бүлэглэл фракц, нам дамжсан эдийн засгийн сонирхол бүхий бүлэглэлүүд дээрх тодорхойлолтод тун дөхөж очоод байгаа юм. Тэд өөрсдийгөө мафи биш фракцынхан гэх байх. Фракцыг намын мөрийн хөтөлбөрөөс гажихгүй ч түүнийг амьдралд хэрэгжүүлэх тал дээр өөрийн гэсэн өвөрмөц байр суурь, үзэл бодолтой, зохион байгуулалтын бүтэцтэй намын доторх онцгой бүлэглэл гэж тодорохойлдог. Өөрөөр хэлбэл намын стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд тактикийн асуудал дээр эсрэг байр суурь бий болсноос үүдэн фракцууд бий болдог гэсэн үг. Харин АН, МАН дахь фракцууд цэвэр тодорхойлолтын дагуу ажилладаггүй. Сицилид үүссэн мафи, улс төрийн намын фракц хоёрын дундуур ажилладаг гэхэд хилсдэхгүй.
Тийм учраас улсын эрх ашиг, эдийн засгийн хямрал, ард түмний амьдрал зэргийг ярихын оронд хэний фракцаас хэдэн сайд төрөх вэ гэдэгт л анхаардаг. АН доторх МоАХ, “Шонхор” фракцууд МАН-тай нийлж байгаад өөрийнхөө засгийг унагасан. Харин дараагийн Ерөнхий сайдыг тодруулахад АН-ын МҮДН л нөгөө талд гарах жишээтэй. Энэхүү гэнэтийн өөрчлөлт хувиралтаа фракц хоорондын тохиролцоо сайн хийгдсэнийх гэж тайлбарлаж буй. Мөн З.Энхболд намын дарга болсныхоо маргааш хэвлэлийн хурал зарласан. Энэ үеэрээ “Олон фракц байна гэдэг нь нам эрүүл байгаагийн илрэл…” гэж мэдэгдэв. Тэртэй тэргүй олон нийтийн санаанд тогтсон ойголтыг энэ гоё үг өөрчлөхгүй ч фракцууд цаашид улам хүчтэй болно гэдэг санааг хэлчих шиг боллоо.
Гэвчиг улс оронд тохиогоод байгаа хямралын эх үндэс хаанаас нь ч харсан фракцуудын зөрчил. Анх 2012 оны сонгуулийн дараа энэ байдал хүчтэй илэрч байсан. Эцэстээ замын дундаас засгаа унагаж орхилоо. Ерөнхий сайд огцорсон нь хүндээ асуудал байжээ гэж харахд хүргэж байна. Учир нь ҮЗХ-ны шийдвэр Н.Алтанхуягийг эргүүлэн томилсонтой ижил байсан юм. Гэхдээ намын даргад зүтгэсэн фракцын тэмцэл үр дүнд хүрсэн.
Ийн АН-ын фракцуудын зөрчилд 28 дахь Ерөнхий сайд тодорсноор цэг тавигдах уу гэдэг асуулт яах аргагүй гарч ирнэ. Үгүй л болов уу. Фракц дагасан хүн олон, сайдын суудал цөөхөн. Дээрээс нь бусад намуудад суудал хуваарилагдана. Тэгэхээр фракцууд сэтгэл ханамж дүүрэн үлдэх боломжгүй. Энэ мэтчилэн фракцын зөрчил үргэлжилсээр байх болно гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж л байна.
Мафи ч юм шиг, фракц ч юм шиг энэ бүлэглэлүүд байсаар байвал зөрчил үүссээр байна. Эцэстээ намаа залгихыг ч үгүйсгэхгүй. Чухамдаа энэ нь АН-ыг бүрдүүлсэн таван намынхан, түүнээс хойшхи янз бүрийн эрх ашгийн үүднээс нэгдсэн хүмүүсийн л зөрчил шүү дээ. Тиймээс сүрхий эвлэлдэн нэгдээд улс орныг амар тайван аваад явчих нь юу л бол. АН, МАН-ын фракцууд зөвхөн Засгийн газрыг ч бус УИХ-ыг хүнд байдалд оруулаад байгааг хэн хүнгүй мэднэ. Хэн нэг нь дийлэнх олонхи биш. Гэтэл арай олон нь хэд хэд хуваагдчихсан. Ийм нөхцөлд тэндээс гарч байгаа шийдвэр улс орны эрх ашиг, цаг хугацаанд халгаатай байдгийг бид сайн харж байна. Тэгэхээр АН-д тохирох ганц л шийдэл байгаа юм. Энэ намд лидер хэрэгтэй байгаа юм. Фракцын толгойлогч нар нь хүч тэнцүү учраас л ийн арсалдаад байгаа хэрэг. Хэн нэг хол тасархай лидер байх аваас түүнтэй барьцалдах нь бага л болно. Тэр хэрээрээ эмх цэгц бий болно. Ерөөс монголчууд хаантай байхдаа л мандаж явсан түүхтэй. Бас дэглэм диктатурт маш “дуртай” улс. Гэхдээ өнөөдрийн АН-аас ийм лидер төрөх нь юу л бол. Засгийн газраараа бага оролдоосой. Ард түмний амьдралаар багахан тоглоосой гэж залбирах хэрэгтэй биз. Тиймээс улстөрч, фракцын гишүүн танд хандаж “Засгаа битгий солиорой” гэе.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: