Биеэр нь дүүрэн хумс ургадаг бүсгүй
АНУ-ын Теннеси мужийн Мемфис хотод оршин суудаг 32 настай нэгэн бүсгүй эмч нарыг мухардалд оруулаад байна. Тэрээр 2009 оноос хойш үл мэдэгдэх өвчнөөр өвдөж байгаа юм байна.
Тодруулбал түүний хувьд хүний биеийн шар үс ургадаг сүвүүдээр нь үс биш хумс ургадаг ажээ. Хэдийгээр Шанина Айзем үл мэдэгдэх өвчнөөр өвдөөд бүхэл бүтэн таван жилийн нүүр үзэж байгаа ч эмч нар түүнд юу тохиолдоод байгааг тайлбарлаж чадахгүй, туслах боломжгүй байна.
Эмчилгээг хариуцагч “Johns Hopkins Medical Center”-ийн эмч нар Шаниныг ийм хачин өвчнөөр шаналж буй дэлхий дээрх цорын ганц хүн гэжээ. Энэ бүхэн 2009 онд астмаар өвдснөөс хойш болжээ. Өвчин нь хүндэрсэн Шаниныг эмнэлэгт хүргэн их тунгаар стериод тарьсан аж. Энэнээс л бүх зүйл эхэлж харшил үүсч, арьсан дээр нь юм туурч улмаар үсний уутанцарууд нь харлан, тэндээс нь өргөс шиг зүйл ургаж эхэлсэн байна.
Эмч нар удаа дараа шинжилгээ хийсэн ч ямар ч үр дүн өгсөнгүй. “Эмч нар миний охиныг үлдсэн амьдралаа энэ өвчинтэйгээ зууралдаж өнгөрөөнө гэсэн. Шинжлэх ухаан туслаж чадахгүй гэж хэлсэн ч би бууж өгөхийг хүсээгүй” хэмээн Шанины ээж Кети ярьж байна. Ингээд тэд туслаж чадах мэргэжилтнүүдийг хайсаар эцэст нь “Johns Hopkins Medical Center”-т ханджээ. Эндэхийн эмч нар өвөрмөц өвчтөнд шинжилгээ хийж, эцэст нь үсний уутанцараас нь хумс ургаж байгааг тогтоосон аж. Тэгээд тэд энэ байдал нь амин дэмийн хомсдол болон хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэлтэй гэсэн таамаглалыг дэвшүүлж, курс эмчилгээг эхэлсэн байна.
Энэ арга ч үр дүнгээ өгч, Шанины биеийн байдал дээрдэж эхэлжээ. Эрчимт эмчилгээний дараа Шашины биеэс өргөс шиг ургацгуудыг түүсэн бөгөөд арьсны байдал ч сайжирсан байна. Тэр одоо ч эмчилгээгээ үргэлжлүүлсээр байгаа. Харин түүний эмчилгээнд зориулж нэг сая ам.доллар хэдийн гаргасан бөгөөд яаж төлж барагдуулах нь тодорхойгүй байна.
URL: