Тавантолгойн гэрээний төсөлд багтаж 40 хувийг нь эзэмшихээр болсон Хятадууд шатахуун нийлүүлэхээ амлав
Шатахууны хомсдолд нэрвэгдэж, нэг улсаас хараат байхын зовлонг хангалттай мэдэрсэн түшээд шатахууны эрэлд урд хөрш рүүгээ мордсон. Тэд БНХАУ-аас эхний ээлжинд 22 мянган тонн АИ-92, цаашдаа сар бүр 10 мянган тонныг авч байх тухай Засгийн газрын албан ёсны хүсэлт гаргасан юм. Харин энэхүү хүсэлтийг нь Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд М.Энхболд БНХАУ-ын талд хүргүүлсэн билээ.
Үүнтэй холбогдуулан БНХАУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяо Лун өчигдөр Шадар сайд М.Энхболдтой уулзаж Хятадын Засгийн газар нааштай хариу өгсөн тухай баярт мэдээг дуулгав.
Элчин сайд Ван Сяо Лунгийн дуулгасан сайхан мэдээ нь Хятадын Засгийн газар Монгол улсын Засгийн газрын хүсэлтэд чухал ач холбогдол өгч, татгалзалгүй хүлээн авах бэлэн байгаа гэнэ. Хэдийгээр Хятад улс дотооддоо газрын тосны бүтээгдэхүүний хангамжаа бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа ч Монгол Улсад гар татахгүй аж. Түүгээр ч зогсохгүй удаан хугацаанд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа элчингээрээ дамжуулжээ.
Сайн хөршийн харилцаагаа улам бататгах уг асуудлыг найр тавин хүлээж авсан Хятадууд мэдээж алдаатай наймаа хийхгүй. Ялангуяа дотооддоо газрын тосны бүтээгдэхүүний хангамжаа төгс шийдвэрлэж чадаагүй байж Монгол улсын хүсэлтийг яагаад гар дэлгэн хүлээж авав болов гэдэг асуудал чухал болж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд манай улс ОХУ-ын “Роснефть”-ээс шатахуунаа татаж, айх аюулгүй амар тайван байв. Монгол орны газрын хэвлий дэх баялаг дэлхийн чихэнд хүрэхээс өмнө шүү дээ. Харин Монгол орны дуусашгүй баялаг илэрч Африкийн орнуудын баялагийг цөлмөсөн уул уурхайн компаниудын арааны шүлсийг асгаруулж эхэллээ. Бүгд л хувьцаа эзэмшихийг мөрөөдөж байв. Гэвч Канадууд давуу эрх эдэлж чадсан юм. Харин олон жилийн турш ах дүү болж өвөр түрийдээ орж явсан Орос ах нар тоглоомын тойргийн гадна үлдсэн ”харамсалтай хэрэг” болов. Гэхдээ Оросууд гар хоосон хоцорсондоо шаралхалгүй үлдэх хүмүүс биш. Иванууд заавал даагаа нэхдэг.
Дэлхийн зах зээл дээр нефть 100 доллар ч хүрээгүй байхад шатахууны үнэ нэмэгдэж, аажмаар хомсдож эхэлсэн нь Ивануудын шантаажны түрүүч байв. Тиймдээ ч эхэн үедээ зөвхөн 100 ширхэг шатахуун түгээх станц бариулаач гэсэн “өчүүхэн” санал тавьж байв. Харин сайн дүү нь болсон Монголчууд хэзээний хэнэггүй зангаа гаргаж “No” гэсэн хариу өгсөн нь Оросын талд болон хэрэглэгч Монголчуудын хувьд гэдэн хөдөлгөмөөр асуудал болж байв. Асуудал тэгсхийгээд намжсан хэдий ч ах нар араандаа зуусан нь илэрч зуны эхэн сар, зугаалга цэнгээний улирлын үед шатахууны хомсдолд оруулж түшээд ээлж дараагаар Орос руу мордсон ч шатахууны хомсдол хэвээр үргэлжилж үнэ нь буусангүй. Явсан нөхдүүд ч гэрээ хэлэлцээр амжилттай болж түлш авахаар боллоо, шатахууны хомсдол удахгүй арилна гэсэн мэдээ өгч байв. Хэрэв хомсдол арилчихсан юм бол яагаад үнэ нь буухгүй байгаа юм бэ гэдэг шинэ асуудал гарч ирж байгаа юм.
Орос, Хятадтай холбогдсон шатахууны асуудалтай зэрэгцэн Тавантолгойд хөрөнгө оруулах гадаадын компаниудыг Монгол Улсын Засгийн Газар тодруулах асуудал гарав. Эцсийн шийдвэр нь өчигдөр гарч Ордын Цанхийн баруун хэсгийн 40 хувийг БНХАУ-ын Шинхуа групп, 24 хувийг АНУ-ын Пибоди энержи, үлдэх 36 хувийг Орос-Монголын хамтарсан консерциум хамтран эзэмшихээр болжээ.
Тэгэхээр шууд утгаар нь авч үзвэл олон жилийн турш шатахуун нийлүүлж, дараа нь шатахууны хомсдол үүсгэн бойкотлосон Орос ах нар шалгаруулалтад үлдэх гавъяа байгуулжээ. Харин одоо өөрсдөө дотоодынхоо шатахууны асуудлыг бүрэн шийдвэрлээгүй ч Монголчууд гар татахгүй гэсэн Хятадууд хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Япон, Солонгосын консорциумыг ардаа орхиж чадлаа. Одоогоор манай хоёр хөрш Тавантолгойн гэрээний төсөлд нэрээ бичүүлж чадсан ч энэ хэвээр нь үлдээх үү, эс үлдээх үү гэсэн эцсийн шийдвэрийг УИХ гаргана.
Нэгэнд шатахууны хомсдолоор Монголчуудын хоолойг “боомилж” байж Тавантолгойн гэрээнд багтсан болохоор хэлсэн амандаа хүрэхээс өөр зам Орос хийгээд Хятадад үлдээгүй. Тиймээс Орос ах нар атгасан гараа суллаж шатахуунаа урьдын адил нийлүүлж, Монголын монофоль компаниуд шатахууныхаа үнийг буулгах л үлдлээ гэж болно. Нөгөө талаас Хятадууд дотоодынхоо хэрэгцээнээс илүүчилж гуйсан шатахууныг нь хэлсэн ёсоороо удаан хугацаанд нийлүүлэх ам тангарагаа биелүүлэх л үлдлээ.
Ж.Хулан
URL: