Дүрэмгүй нам
Ардчилсан нам хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл үү, аль эсвэл цөөн хэдэн хувьцаа эзэмшигчтэй хувийн өмчит компани уу. Өрнөж байгаа үйл явц нь үнэндээ хувь хувьцаагаа наймаалцсан ТУЗ-ийн гишүүд шиг харагдана. Залхсан өнгөөр зүйрлэвэл Солонгос савангийн дуурийн гол баатрууд шиг. Томоохон группийн захирлын суудлыг булаалдаж, нэгийгээ хөнөөх шахдаг хөгийн дүр төрхийг хялбархан харж болохоор байна. З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга гэх цөөхөн хүний гарт “АН” ХХК-ийн дийлэнх хувьцаа хуваагдаастай. Тэд ашигтай гэвэл хэнтэй ч хүзүү сээрээрээ хэлхэлдэж, шаардлага нь гарвал хэний ч араас хутга зоож мэдэх нөхөд. Магадгүй энэ намын суурь хүмүүжил, боловсролтой ч холбоотой биз.
Гудамжинд лааз өшиглөж явсан хэсэг залуус зорилго нэгдэн Засгийн газрыг унагах ажиллагааг эрчимтэй өрнүүлж, хонхны дуу эгшиглүүлсэн. Улмаар 2000 оны сонгуулийн дараа Ардчилал нэрийн дор таван нам нэгдэв. “Гэхдээ нарийн ярьвал тав биш, 5.5 нам нэгдсэн юм шүү” хэмээн АН-ын дарга асан Н.Алтанхуяг сайрхсан нь бий. Учир нь тэр үед Уламжлалын нэгдсэн намаас дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар нь нэлээд олон гишүүнтэйгээ ирж байжээ. Нэгдсэн намуудын дарга нарын тухайд Монголын үндэсний ардчилсан намын дарга Р.Амаржаргал, Социал демократ намын дарга Р.Гончигдорж, Шашинтны ардчилсан намын дарга Н.Баярсүрэн, Сэргэн мандлын намын дарга Д.Бямбасүрэн, Монголын ардчилсан намын дарга С.Эрдэнэ байв. Тэд өдрийн сайныг хүлээж арванхоёрдугаар сарын 6-ны өдрийг сонгосон гэдэг. Ийнхүү өнөөдрийн АН-ын суурь цутгагдсан хэрэг. Харамсалтай нь тэд анхнаасаа эв нэгдэлтэй нэгдсэн нам байж чадаагүй.
Баталгаа нь 2004 оны сонгууль. АН Эрлийн намтай эвссэнээр дараагийн сонгуульд пиад нойлдуулсан. Сүйт бүсгүйнхээ инжинд олон суудал бэлэглэсэн нь намын хагарал дээд цэгтээ хүрч, хамтрагчдаа дэгээдэхэд хүргэсэн юм. Мэдээж АН анхнаасаа олон намын нэгдэл гэдэг утгаараа тийм ч бат бэх нягтралтай байгаагүй. Ямартаа л олонх болж Засгийн эрхийг атгахдаа дөрвөн жилийн дотор дөрвөн хүнийг дэвсэлж унагасан гашуун түүх бичилцхэв. АН байгууллагдаад анхны даргаар нь Д.Дорлигжав томилогдсон ч хоёр жилийн дараа М.Энхсайханаар солив. М.Энхсайхан ҮЗХ-ны гишүүдийн итгэлийг даагаагүй тул ҮЗХ хуралдаад яг Д.Дорлигжавыг огцруулсан процедураар М.Энхсайханыг унагасан гэдэг. Энэ мэтээр албан тушаалын төлөөх цусгүй тулаанд гар бие оролцогсдын цуваа тус намд цаг үргэлж өрнөсөөр өдий хүрсэн. Жишээ нь, 2005-2006 онд АН-д Р.Гончигдорж тэргүүтэй “Алтан гадас”, Х.Баттулга тэргүүтэй “Ардчилсан холбоо”, Баабар тэргүүтэй “Зүүн хойд Азийн нийгэмлэг” гэсэн хэд хэдэн фракцийн үйл ажиллагаа идэвхжиж, зөрчил нь нийгэмд илэрхий мэдрэгдэж эхэлсэн гээд тоочоод барагдахгүй. Ам ангайх бүртээ ардчилал гэж дуугардаг тэд хэрүүл тэмцлээ хүртэл нөгөө л хөшгөөрөө халхалдаг. Ямар сайндаа 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Баабар “АН өөд боллоо. Гэгээн дурсгалыг нь хүндэтгэе” гэж байх вэ дээ.
Үнэхээр ч 2005 онд шинэчлэн найруулсан Улс төрийн намын тухай хуульд “Нам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн иргэдийн нэгдэл мөн” гэж тодорхойлсон нь бий. Энэ үүднээс нь авч үзвэл АН анхнаасаа л нам байгаагүй. Харин шуналдаа хөтлөгдөж, эрх мэдлийн төлөө улайрсан тоглогчид байлаа. Тэдэнд ямар ч дүрэм үйлчилдэггүй. Хэдийгээр дүрмээ тохиролцоод ширээний араас өндийх ч хаалганы цаана гараад л тасхийтэл мартчихна. Р.Амаржаргалыг бүлгийн хуралдаанаар дэмжээд ҮЗХ дээр анидаг шиг. Тэд үргэлж ингэж л тоглож ирсэн. Ойрын жишээ татахад, хамтарсан Засгийн газрын хаалгыг Н.Алтанхуяг ганцаараа саваад гарсан тохиолдол ч бий. Хамтран зүтгэгчидтэйгээ ч санаа бодлоо хуваалцаагүй.
Урьд нь Монгол Улс ганц намтай байлаа. Энэ жишгээр олон жил явсан. Харин хонхны дуу эгшиглэсний дараагаас олон намын тогтолцоонд шилжсэн гэхэд болно. Өдгөө Дээд шүүхэд албан ёсны бүртгэлтэй 19 нам бий. Хамгийн сүүлд МАХН бүртгэгдсэн байдаг. Манайд нам маш хялбар аргаар төрдөг. Тэд нийгмийг өөрчлөх, жолоодох өөрийн гэсэн үзэл баримтлалаас илүү нийгмийн хөгжлийн явцад гарч ирж буй үзэгдэл, бэрхшээл төдийхнийг түшиглэж, тэдгээрийг шийдэх арга замыг зорилгоо болгох байдлаар мэндэлж, шантаажны зарчмаар дээш ахидаг бичигдээгүй хуультай. Намд нэгдэгчид үзэл бодол, итгэл үнэмшлийг чухалчилдаггүйг харуулах баримт олон. Намынхаа удирдлагатай ам мурийх, бодол саналыг намын нөхөд нь дэмжихгүй байх зэргээс шалтгаалж намаа солих, өөр нам байгуулах нь энүүхэнд. Нам байгуулахдаа нийгмийн түр зуурын бухимдал, олон түмний сэтгэхүй дээр дөрөөлж тоглохыг эрмэлздэг. Яг л АН-д шургалсан болоод хоноглосон нөхөд шиг. Ямартаа л өөр өөр нам хэрнээ эрх ашгаараа нэгдэн бүлэглэл үүсгэж, шийдвэр гаргах нь элбэгшив. Ашиг сонирхол л нийлж байвал намыг хайхрахаа больж, хог дээр хаях юу ч биш болж. Уг нь Дээд шүүхэд бүртгүүлэхдээ нам тус бүр өөрийн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, дүрмээ боловсруулсан байдаг. Харин үйл ажиллагаандаа тэдгээрийг огт мөрддөггүй.
Намын удирдлагуудынхаа дохио зангаагаар ажиллахгүй гэдгээ өнгөн дээрээ мэдэгдэж, олигарх буюу улс төр, бизнесийн бүлэглэлүүд нам гэдэг институцийн далбаан дор зохион байгуулагдаж өөрсдийн эрх ашгаа гүйцэлдүүлдэг болсон нь ч нууц биш. Товчхондоо нам биш харин бизнесийн бүлгийн ашиг сонирхлын төлөө тэмцэгчид эв санаагаа нэгтгэж байна. З.Энхболд Х.Баттулгатай тохиролцож, Н.Алтанхуягийг унагачихаад маргааш нь өөрийг нь дэгээдэж, хамар амыг нь халцалж ч байх шиг. АН анхнаасаа л ийм байсан. Тэдэнд намын дүрэм байтугай дөр ч алга…
Л.НИНЖСЭМЖИД
new.mn
URL: