Б.Билэгт: Намайг буцааж томилохгүй бол засгийн газартай хариуцлага тооцно гэжээ
“Албан бус” даргатай ЦЕГ-т халаа сэлгээ үргэлжилж, цагдаа хүчний байгууллага “сульдаа” байдалтай байна. ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт өөрийг нь Засгийн газрын хуралдаанаар огцруулсан шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандаж, шүүхийн шийдвэр гурван сарын дараа түүний талд гарсан нь хүчний байгууллагын дархлааг бүр ч сулрууллаа. Шүүхээс Б.Билэгтийн талд шийдвэр гарснаар одоогийн ЦЕГ-ын дарга С.Баатаржав нь “Албан бус” дарга болж хувирав. Гэхдээ иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэж болохгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал болох Засгийн газар дараагийн шатны шүүхэд гомдол гаргана.
Үүний дараа шаардлагатай бол Улсын дээд шүүхэд хандах эрх нь талуудад нээлттэй байгаа. Тэгэхээр ойрын хоёр сардаа энэ асуудал шүүхийн хүрээнд маргаан өрнүүлэх ойлгомжтой байна. Анхан шатны шүүхээс Б.Билэгтэд ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр болох гурван сая 817 мянган төгрөгийг олгуулахаар Засгийн газарт даалгасан. Гэтэл С.Баатаржав мөн тус газраас даргын цалин авч байна. Хэрэв Б.Билэгтийн цалинг нөхөж олгохоор бол улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргана. Дээрх шүүхийн шийдвэрийн наад захын хор холбогдол нь ийм юм. Харин үүний цаана цагдаагийн байгууллагад ажиллаж, хүчин зүтгэж байгаа олон мянган албан хаагчийн эрх хөндөгдөж байна. Сүүлийн хоёр жилийн турш цагдаагийн байгууллагад хөл, толгой нь мэдэгдэхгүй, даргын суудал тойрсон хэрүүл боллоо. Өөрөөр хэлбэл, дарга солихын хэрээр албан хаагчид хөдөлгөөнд орж байна. Б.Билэгтийн оронд томилогдсон С.Баатаржав ЦЕГ-т ирсэн даруйдаа хамгийн түрүүнд ЭЦГ-ын хурандаа нарыг ажлаас нь чөлөөлж, тус газрыг татан буулгаж Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болгон бүтцийн өөрчлөл хийсэн. Цаашлаад хот, орон нутгийн Цагдаагийн газрын дарга нарыг сольж байна. Хамгийн сүүлд гэхэд Дорнод аймгийн Цагдаагийн газрын даргыг өөрчилж нийслэлийн цагдаагийн газарт ажиллаж байсан Ариунболдыг, Замын-Үүдийн Цагдаагийн газрын даргаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан Ганзоригийг, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргаар Манлайбаатар нарыг тус тус томилсон байна. ЭЦГ-ын хурандаа нарыг албан тушаалаас чөлөөлөх үндэс- лэл нь салбарын сайдаа унагах төлөвлөгөөнд газрын даргатайгаа хамтарч оролцсон. Тодруулбал, хар тамхины хэрэгт байцаагдаж байсан сэжигтэнтэй үгсэн тохирч хэвлэл мэдээллээр худал мэдээлэл тараасан, салбарын сайдаа тагнаж чагнасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Тэд эл үйлдлийг хийсэн эсэхийг шүүхээр тогтоосон шийдвэр өдгөө хүртэл гараагүй байна. “ТЕГ шалгаж байгаа” гэснээс өөр мэдээлэлгүй. Гэхдээ ЦЕГ- ын дотоод хяналт, шалгалтаар тэдний үйлдлийг тогтоосон гэдэг юм билээ. Энэ талаар салбарын сайд Х.Тэмүүжин саяхан нэгэн сонирхолтой баримтыг олонд дэлгэсэн.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Б.Билэгтийн талд шүүхийн шийдвэр гарсны дараа твиттер хуудсаараа дамжуулан ЦЕГ- ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд бичиж, эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт тусгасан мэдээллийн талаар жиргэсэн юм. Тухайлбал, “ЦЕГ-ын харьяа Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын дүн шинжилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ариунболд нь уг газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Ууганбаярын заавраар иргэн Г.Сарангэрэлийн өмгөөлөгчтэй тохиролцож , Хууль зүйн сайдын эсрэг худал мэдээлэл өгүүлэхийг шаардсанаа хүлээн, үүнийхээ төлөө сахилгын арга хэмжээ авахуулсан” гэжээ. Харин ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга асан Ц.Батсүх нар тэдний бэлтгэсэн мэдээллийг “Маш нууц” гэж тамгалаад УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан дээр барьж орон хуралдааныг хаалттай горимд шилжүүлж салбарынхаа сайдыг унагах гэж улайрч байсан талаар ч эх сурвалжууд онцолж байна. Ямартай ч Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ЦЕГ-ын дарга Б.Билэгт нарын муур, хулгана болж хөөцөлдөх тоглоомын байнд чамгүй олон албан хаагч, олон жил ажилласан туршлагатай албан хаагчид өртөж, цагдаа хүчний байгууллагын чансаа сульдаж байгаа нь олны нүдэн дээр ил тод өрнөж байна. Одоо Б.Билэгт ЦЕГ-т эргэн ирвэл хамгийн түрүүнд ногоон гэрлээр буцаж ирэх хүмүүсийн тоонд дээрх хурандаа нар байна.
Эх сурвалжийн онцолж байгаагаар Б.Билэгтийг ирэх сургаар ажлаасаа чөлөөлөгдсөн хурандаа нар ЦЕГ-аар эргэлдэж тэдний оронд томилогдсон албан тушаалтнуудыг шахаж дарам талж эхэлсэн гэх. Өөрөөр хэлбэл, “Би удахгүй эргэж ирнэ. Та нар од болох болоогүй шүү” хэмээн айлгах сүрдүүлэхийн аль нь болох нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсчихээд байгаа аж. Тэдний араас дүүрэг, аймгийн Цагдаагийн газрын дарга нар ч мөн адил “Албан бус” даргын шийдвэрээр огцруулсан хэмээн нэхэл хатуутай шүүхээр маргаан үүсгэхийг үгүйсгэх аргагүй юм. Ийм байдлаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа үргэлжилбэл цагдаагийн шинэчлэл завхрал болж хувирна. Энэ нь албан хаагчдад ямар их хор уршиг дагуулахыг харгалзаж үзэхгүй бол хүчнийхний хүч мохно. “Өмнө нь цагдаагийн байгууллагад хэзээ ч ингэж улстөржсөн, албан тушаал эрх мэдлийн төлөө улайрч байсан тохиолдол байсангүй. Х.Тэмүүжин, Б.Билэгт нарын тэмцэл арай л дэндүү урт хугацаанд өрнөж, албан хаагчид, ард иргэдээр тохуурхаж байна” гэх олны үг ортой ч байж мэднэ. Улсын төсөв батлагдаж, хийх ажил их байгаа энэ үед хоёр даргатай, хос цалинтай хүчний байгууллага байж боломгүй санагдана. Уг нь Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаар Засгийн газрын тухай болон Төрийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг үндэслэн томилсон. Чөлөөлөхдөө ч мөн адил уг хуулиудаар зохицуулсан гэдэг. Гэхдээ шүүхийн шийдвэрт огт өөр хуулийн заалтыг үндэслэж, ажилд нь эргүүлж томилохыг Засгийн газарт даалгасан талаар шуугиж эхэллээ. Тухайлбал, Хөдөлмөрийн хуулийн үндэслэлийг Б.Билэгт зөрчсөн гэж үзэх нэгэн ч байна. Шүүхийн тогтоолд “Нэхэмжлэгч Б.Билэгт өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс 20-ны хооронд ээлжийн амралттай байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ш.Эрхэмбаяр, Л.Эрдэнэлхагва, Б.Төмөрбат нарын мэдүүлгээр тогтоогдож байна” гэжээ. Гэтэл агентлагийн дарга Б.Билэгтэд чөлөө олгох эрх бүхий салбарын сайдаас энэ талаар тодруулахад “Тэр үеэр хоёр хөршийн тэргүүн ирэх гээд ямар ч хүнд ээлжийн амралт олгоогүй байсан” гэх. Ийм л зөрчилдөөнтэй байдал үүсчихээд байна. Яг энэ үед нь Н.Алтанхуягийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч танхимынх нь сайд нар үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоны дараа ийм шийдвэр гарсан нь эрхгүй олны анхаарлыг татаж байгаа.
Ямартай ч шүүхийн шийдвэр Б.Билэгтийн талд гарсан учраас гадуур “Сахал Б.Билэгт цагдаагийн байгууллагад эргэж ирнэ”, “Х.Тэмүүжин буцаж, Б.Билэгт ирэх үү” зэрэг таамаг төдий мэдээлэл гарч эхэллээ. Тэр ч байтугай шүүхийн шийдвэр гарсны маргааш Б.Билэгт ажлаа авах талаар хүртэл мэдээлсэн. ЦЕГ-аас энэ талаар тодруулахад “Тийм зүйл байхгүй. Гомдол гаргагч тал давж заалдах шатны шүүхэд хандаж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр мөрдөх боломжгүй” гэв. Харин Б.Билэгт Ерөнхий сайдын түр үүрэг гүйцэтгэгч Д.Тэрбишдагвад шүүхийн шийдвэрийг үзүүлж “Хэрэв намайг эгүүлэн томилохгүй бол хууль бусаар халсан та бүхэнд эрүүгийн хариуцлага тооцуулах болно” гэсэн асуудлыг ярьснаар түүнийг дахин томилохоор тохиролцоход хүрсэн гэх мэдээлэл ч бий.
unen.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
агентлаг УИХ-д бүр Засгийн газрын гишүүдийг ингэж дарамталдаг болж байгаа хэрэг үү. Салбарын сайдынхаа шийдвэр, тушаал, үүрэг даалгаврыг ч хөсөр хаяж, хэнд ч удирдагдахгүй болж яах ёстой гэж? Улсад минь төр хэрэггүй гэж үү? Ийм нөхдүүдийг төр яах ёстой вэ? Ер нь л хууль хяналтын байгууллагын завхралыг нэг тийш нь болгох цаг болсон. Тухайлбал АТГ-ын байцаагч нь Засгийн газрыг гацаанд оруулаал, толгойгүй төр, хүн хоёр амьгүй зүйлсээс ялгаагүй. Одоо төр нь төр шиг байх, Дарга нар нь дарга шиг л байх ёстой. МУ-ын Ерөнхий сайд юун дээр алдсан гээч хэтэрхий зангараггүй байдлаасаа, сүүлдээ зүгээр л хэрүүлч авгай шиг л болж хувирсан.