Хэдэн тэрбумаар хэмжигдэх гэр хорооллын харанхуйдал

a7c905e6-b749-485e-92cc-d417afd725a4Нийслэлийн гэр хорооллын гэрэлтүүлэгт энэ жил 7.1 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ өртгөөр 5500 гэрэлтүүлэгийг гэр хороололд  байршуулж байгаа.

 

Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт 1.4 тэрбум 1250, Хан-Уулд гурван тэрбум төгрөгөөр 2250, Сонгинохайрханд 1.2 тэрбум төгрөгөөр 950, Баянгол дүүрэгт 1.5 тэрбум төгрөгөөр 1000 ширхэг гэрэлтүүлэг суурилуулах ажлыг хийж байгаа ажээ.

 

Гэсэн ч тэрбумаар хэмжигдэх харанхуйдал гэр хороололд нүүрлэсэн хэвээр л байгаа.

 

Хэдхэн хоногийн өмнө нийслэлийн Захирагчийн ажлын албанаас “Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр” гээчийг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулжээ.

 

Нийслэл хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууц,гэр хорооллын гэрэлтүүлгийн 24492 шон, 35372ш гэрэлтүүлэгч, 722 ширхэг удирдлагын самбар, 803913м СИП кабель, 294588м АВВБ маркийн кабелийн засвар үйлчилгээг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран хариуцан ажилладаг байна.

 

Бүх гэрэлтүүлэгчийн 49 хувь нь гэр хороололд, 38 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд, 13 хувь нь орон сууцны хороолол дунд суурилагдсан байдаг аж.

 

Албаныхан одоогоор нийтийн эзэмшлийн гудамж талбайн 80 хувь , орон сууцны хорооллын 90 хувь, гэр хорооллын 60 хувь нь гэрэлтүүлэгтэй байгаа гэх судалгааг гаргажээ.

 

Тэдгээрийн цахилгаан эрчим хүчний төлбөрт 1.2 тэрбум орчим төгрөг, ашиглалт засвар үйлчилгээний зардалд 3.7 тэрбум орчим төгрөгийг жилд зарцуулдаг аж. Өдрийн цагаар ч зам дагуу байрлах шонгийн гэрэл асаалттай байдаг. Цахилгааны хэмнэлтийг энэ мэтэд анхаарал хандуулж хийх боломжтой.

 

Дээрх хөтөлбөр нь нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалтын төвшинг сайжруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, гэрэлтүүлгийн сүлжээг шинээр бий болгох замаар иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой гэнэ.

 

Хөтөлбөр хэрэгжсэнээр гэрэлтүүлгийн чанар тоон үзүүлэлтүүд нэмэгдэж дэлхийн хөгжингүй хотуудын жишигт хүрсэн гэрэлтүүлэгтэй болох ажээ. Сайжруулж байгаа нь сайшаалтай. Харин урьд нь хийснээ нөгөө гараараа сүйтгэчих вий дээ. Тэгвэл долоо, найман тэрбум төгрөг салхинд хийсэх нь тэр.

 

Гэр хорооллын гэрэлтүүлэгийн ажил хэдэн тэрбумаар хэмжигдэж  байгаа ч харанхуйдал хэвээр байгаа нь үнэн юм.

 

С.Ууган

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих