МХЕГ 97 хоолны газрын үйл ажиллагааг зогсоов
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг газруудад холбогдох хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилт, технологийн горимын мөрдөлт, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлд нь шалгалт хийжээ. Шалгалтад нийт 1421 хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчээс төлөвлөгөөт хяналтад 735, урьдчилан сэргийлэх болон удирдлагын шийдвэрээр хийсэн хяналтад 686, хяналт шинжилгээнд 523 хоолны газар, тандалт судалгаанд 38 нэр төрлийн хоол амтлагч /хүнсний нэмэлт/ зөвлөн туслах үйлчилгээнд 175 хоолны газрыг хамруулжээ.
Шинжилгээнд хамрагдсан хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын ажилчид хувцас солих өрөө болон шүүгээгүйгээс гал тогооны өрөөнд хувцсаа сольдог, хүнсний агуулахгүй, бэлтгэл өрөө, тасалгаагүй, хоол үйлдвэрлэлийн бүх ажиллагааг нэг дор гүйцэтгэдэг зэрэг зөрчлийг илрүүлсэн байна. Түүнчлэн шаардлага хангаагүй гал тогоо бүхий ажлын байртай, технологийн урсгал буруу зохион байгуулагдсан, ажлын байрны нөхцөл тодорхойлох хэмжилт шинжилгээгүй, ажлын байрны ариун цэврийн шаардлагыг хангаагүй, 166 хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар мэргэжлийн тогоочгүй үйл ажиллагаа явуулж байв.
Уг шалгалтын хүрээнд 97 хоолны газрыг зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулж, үйл ажиллагааг нь зогсоожээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 78 хоолны хордлого гарсан ба үүнээс аймгийн хэмжээнд 59, нийслэлийн хэмжээнд 19 тохиолдол бүртгэгдсэн байна.2004-2014 онд хоолны хордлого хамгийн их бүртгэгдсэн аймаг нь Төв аймаг бөгөөд 39 тохиолдол, Хөвсгөл, Ховд, Баянхонгор, Дундговь аймгуудад 1-2 тохиолдол бүртгэгджээ. 2014 оны эхний 8 сарын байдлаар нийт 7 удаагийн дэгдэлтэнд 541 хүн, үүнээс хүүхдийн байгууллагад 4 удаагийн тохиолдол бүртгэгдэж 356 хүн, байгууллагын цайны газартай холбоотой 2 тохиолдол бүртгэгдэж 152 хүн өртсөн байна.
URL: