Дэлхийн улсууд хар тамхитай хэрхэн тэмцэж байна вэ?

хар тамхиХар тамхи SOS зарлаж байна

Өдрөөс өдөрт, улсаас улсад хүрээгээ тэлсээр буй хар тамхи гэгч хар мөртэй цагаан тахалтай тэмцэхийн тулд хүний эрхийг дээдэлсэн оновчтой бодлого гаргахыг НҮБ болон хүний эрхийн байгууллагуудаас улс орнуудад уриалдаг. Гэхдээ хар тамхи мансууруулах бодистой тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга улс орон бүрт харилцан адилгүй.

1800 оноос Наполеон Египетэд дайтаж байхдаа өөрийн цэргүүддээ каннабисын ургамал хэрэглэхийг хориглосон зарлиг гаргаж, 1858 онд нэгдсэн Вант улсад хүний амийг хөнөөх зорилгоор хор өгөх, нийлүүлэхийг хориглосон хууль гарсан нь өнөөгийн мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодистой холбоотой эрх зүйн зохицуулалтын дэлхийн түүх эхэлсэн гэж үздэг байна. Одоо дэлхийн улс орнуудын даган мөрдөж буй хуулиудад 2013 онд Монголын ХЭҮК холбогдох байгууллагуудтай хамтран судалгаа хийсэн байна.

 

АНУ ШИНЭ БОДЛОГО ГАРГАНА

1947 оноос АНУ-д хар тамхийг удаан үйлчилгээтэй, хямд өртөгтэй мэдээ алдуулагч болгон үйлдвэрлэж, түгээж эхэлжээ. Харин 1961 онд НҮБ-ын Мансууруулах эмийн тухай конвенц батлагдаж, эмнэлгийн болон судалгааны зорилгоос бусад тохиолдолд хориглож, 1971 онд Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийг баталсан юм.

1970-аад оны эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон “Хар тамхины эсрэг дайн” зарлаж, конгресс “Мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх, хянах тухай цогц хууль”-ийг баталжээ. Энэхүү хууль нь мансууруулах бодисын үйлдвэрлэл, түгээлтийг зохицуулахаас гадна эмийн болон донтоход нөлөөлөх байдлаар нь таван ангилалд оруулж, ангилалд бүрт тохирсон хорих ялыг оноож, хамгийн дээд тал нь бүх насаар нь хорих ял өгч эхэлсэн юм. Мөн тээвэрлэгч этгээдэд заавал хорих ял оноох, ялын доод хэмжээг заасан байна.

1988 онд Мансууруулах ба сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенц батлагдаж, олон улсын хамтын ажиллагааны зарчмуудыг тодорхойлжээ. Энэ үед АНУ-д 13 настай охин төрсөн өдрөөрөө найзуудтайгаа марихуана хэрэглэсэн нь илэрч, өсвөр насныхныг мансууруулах бодис хэрэглэхийг эсэргүүцсэн эцэг эхчүүдийн хөдөлгөөн өрнөсөн байна. Тиймээс 1984 онд Рейганы засаг захиргаанаас хар тамхины эсрэг “Үгүй гэж хэл” нэртэй компанит ажлыг өрнүүлж, 1990 онд Ерөнхийлөгч Буш мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодистой тэмцэх, хуулийг хэрэгжүүлэх зорилгоор төсвийг нь 50 хувиар буюу 1.2 тэрбум доллараар нэмэгдүүлжээ.

1970 оны эхээр эхэлсэн “Хар тамхины эсрэг дайн”-ы бодлого ийнхүү АНУ-д ямар нэгэн хэмжээгээр өөрчлөгдөн үргэлжилсээр 2012 онд шинэ бодлого гаргахаар болсон юм. Энэхүү бодлого нь дэлхийн шилдэг эрдэмтдийн хийсэн судалгаанд тулгуурлан мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хяналтдаа авах, “гуравдагч арга зам” нэртэй арга барилыг тусгахаар болсон байна.

 

ХБНГУ-Д ГЕРОЙН АШИГЛАЖ ЭМЧИЛГЭЭ ХИЙДЭГ

ХБНГУ-д энэ төрлийн эрх зүйн орчин харьцангуй хөгжсөн. Учир нь европын бусад улсуудын бодлоготой харьцуулбал хатуу ял, шийтгэл оногдуулдаг байна.

Гэвч 1994 онд ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүх мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хувийн зорилгоор багахан хэмжээгээр авч явах нь гэмт хэрэг биш, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодист донтсон гэж үзэхгүй гэжээ.

2000 онд батлагдсан Мансууруулах бодисын тухай хуульд аливаа хяналтын дор мансууруулах бодисыг тарилгаар хэрэглэдэг өрөөг бий болгохыг зөвшөөрчээ. Энэ өрөө нь ариун цэврийн болон тайван амгалан орчныг бүрдүүлсэн, эмнэлгийн зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, олон нийтэд харагдахааргүй байдлаар бэлтгэсэн байдаг аж.

2002 онд Германы долоон хотод хийсэн туршилтын судалгаагаар мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодист донтсон хүмүүст геройныг ашигласан эмчилгээ үр дүнтэй, хямд төсөр байсан учир 2009 оноос эрүүл мэндийн даатгалд заавал оруулах үйлчилгээнд хамааруулсан байна.

 

ГОЛЛАНД ХАР ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭГ ЗӨВШӨӨРСӨН ГАНЦ ОРОН

Голландад мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисын хэрэглээ бол эрүүл мэндийн асуудал бөгөөд эрүүгийн гэмт хэрэг биш гэж үздэг . Энэ талаар баримталдаг нэгдсэн бодлоготой ч марихуанаг хэрэглэхэд ямар нэгэн ял, шийтгэл, хариуцлага хүлээлгэдэггүй цорын ганц орон юм. Геройнд суурилсан эмчилгээг зөвшөөрсөн анхны улс бөгөөд тусгай зориулалтын өрөөнд уг эмчилгээг хийлгэхийг зөвшөөрдөг. Тиймээс хар тамхитай холбоотойгоор амь насаа алдсан хүний тоогоор Европын Холбооны улсууд дотроо хамгийн бага хувьтайд тооцогддог.

“Хөнгөн” ангилалд багтах каннабисын төрлийн бодисыг худалддаг кофе шоп ажилладаг байсан ч 2008 оноос олноор нь хааж эхэлжээ. Мөн энэ төрлийн бодисыг импортлох болон экспортлохыг хатуу хориглосон. Хэрэв “хатуу” ангиллын мансууруулах бодис худалдаалсан бол 12-16 жилийн хорих ялаар шийтгэж, “хөнгөн” ангиллын бодисыг их хэмжээгээр экспортлох болон импортлосон бол дээд тал нь дөрвөн жилийн хорих ял оноодог байна.

Хэдий хуулиараа хэрэглэхийг зөвшөөрдөг ч эмчилгээ болон урьдчилан сэргийлэх ажилд бусад улс орнуудтай харьцуулахад маш их мөнгө зарцуулдаг улс.

 

ПОРТУГАЛИ ХДХВ ТЭЭГЧ ТАРИУРААР МАНСУУРАГЧДААРАА ТЭРГҮҮЛДЭГ

Португали улс европын холбооны улс дотроо ХДХВ тээгч тариураар мансуурдаг хэрэглэгчдийн тоогоороо тэргүүлдэг. Тиймээс ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг багасгах зорилгоор эмийн сан, гудамжинд мансууруулах эм, бэлдмэлийн төхөөрөмжийг ажиллуулж, нэг удаагийн тариур тараах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилсан сэргийлэх сурталчилгаануудыг байнга хийдэг байна. Энд тусгай зөвшөөрөлгүйгээр хувийн зорилгоор мансууруулах бодисыг хэрэглэх, биедээ авч явахыг 2001 онд хуулиар хориглосон. Өмнө нь ийм хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хорих хүртэл ял оноодог байсан бол тухайн бодис нь 10 өдрийн дотор хэрэглэхээр хэмжээтэй бол захиргааны шийтгэл ноогдуулдаг болжээ.

Донтогсдыг торгож, шийтгэхээс илүү албадан эмчилгээнд оруулах эсвэл хамт олон гэр бүлийн хүрээнд хүмүүжүүлэх арга хэмжээг заавал авдаг байна. Харин хар тамхи тариалагчид, хууль бусаар худалдах, зуучлан борлуулагчдыг Эрүүгийн хуулиар шийтгэдэг.

 

ОХУ ЯЛЫНХАА ХЭМЖЭЭГ ЯЛГАВАРТАЙГААР ТОГТООЛОО

Манай хойд хөршид мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг зөвхөн их, онц их хэмжээг зааж ял оноодог байжээ. 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Эрүүгийн хуулийн 228, 228.1, 229.1 зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж энэ төрлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын хэмжээг  ялгавартайгаар тогтоож, бодисын хэмжээг тусгаж өгчээ. Энэхүү шинэ бодлого нь дэлхийн нийтийн хандлагатай ойролцоо очиж байгааг хүний эрхийн байгууллагынхан үнэлсэн байна. Ингэснээр ОХУ-д шоронжсон байдал багасаж, хорих газарт халдварлан тархдаг сүрьеэ, ДОХ зэрэг өвчнийг багасгана гэж донтогсдод эмчилгээ хийдэг мэргэжлийн хүмүүс дурьджээ. Гэхдээ мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг онц их хэмжээтэйгээр бэлтгэх, тараан түгээсэн бол бүх насаар нь хорих юм байна.

 

ХЯТАДАД ЦААЗААР АВАХ ЯЛ ОНООДОГ

Манай өмнөд хөрш хар тамхины гол дамжуулагч болон хэрэглэгч орон юм. 2005 оны эхний байдлаар Хятадад мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хэрэглэгчдийн тоо 35 хувиар өсч, 1.16 саяд хүрсэн гэж цагдаагийн байгууллагаас нь мэдээлсэн. Нийт хэрэглэгчдийн 700 мянга гаруй нь геройнд донтдог бөгөөд ихэнх нь 35- аас доош насныхан байгааг онцолжээ. Гэвч албан бус тоогоор донтогсдын тоо 12 саяд хүрсэн гэдэг.

2007 онд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисын эсрэг тусгай хууль гарган 2008 оноос Опиум, геройныг хамгийн ихээр тариалдаг Бирм, Лаос, Вьетнам орнууд мөрдөж эхэлжээ. Хуульд зааснаар диско, баар, шөнийн клуб зэрэг цэнгээний газруудын эзэд хар тамхи хэрэглэж байгаа хүмүүсийг цагдаагийн газарт мэдэгдэхгүй бол шийтгэл хүлээхээр заажээ.

Мөн хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлэх, худалдах, тээвэрлэх, үйлдвэрлэсэн этгээдийг 15 жилээс бүх насаар нь хорих эсвэл 50 граммаас дээш геройн авч яваа нь илэрвэл цаазаар авах ялаар шийтгэдэг байна.

Ер нь зүүн өмнөд ази нь хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ялын хамгийн хатуу бодлоготой бүс нутагт тооцогддог. Тиймээс энэ хэргээр ял эдэлж буй хоригдлын тоо маш их. Оногдуулж байгаа ял нь үйлдсэн гэмт үйлдэлтэй нь харьцуулахад хэт чанга байдаг  аж.

 

Х.МОНГОЛХАТАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих