Сум хөгжүүлэх сангийн зарцуулалтаас 46 төрлийн зөрчил илэрчээ

12АН-ын бүлгийнхэн Орон нутгийн хөгжлийн сан болон, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтад Үндэсний Аудитын газраас  хийсэн дүгнэлтийг сонсчээ. Орон нутгийн хөгжлийн санд 2013 оноос эхлэн орлого төвлөрч эхэлжээ. 2013 онд 197.3 тэрбум төгрөгийн төвлөрсөн. Үүнийг 4840 төсөл арга хэмжээнд зарцуулсан байна. Төсөл арга хэмжээнд хийсэн Аудитын дүгнэлтээр 46  төрлийн зөрчил илэрсэн байна.  Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан 30 хувь, иргэдийн саналыг эрэмбэлсэн ч үүндээ  зориулагдаагүй,  худалдаа авах журмыг зөрчсөн, чанаргүй, хугацаа хэтэрсэн ажлууд санхүүжүүлсэн 24 хувь байна гэсэн дүгнэлт гарсан тухай мэдээллийг Үндэсний Аудитын газраас бүлэгт өгсөн.  Сум хөгжүүлэх санд 37 тэрбум төгрөг төвлөрсөн. Суманд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээлийг олгосон байна. Орон нутгийн хөгжүүлэх санд хөрөнгийг хувиарлаж байгаа индекс арга буруу байна. Илүү нарийвлах ёстой гэсэн саналыг гишүүд хэлж байв.

Тухайлбал, суманд 20 сая төгрөгөөс дээш зарцуулалтыг тухайн аймагт  худалдан авах ажиллагаа зарладаг учраас төсөл арга хэмжээ хэт жижгэрч, үр ашиггүй зүйлд зарцуулж байгаа учраас бодлогын хэмжээнд засч, залруулах  нь зүйтэй гэж үзлээ. Энэ өдөр хэлэлцсэн өөр нэг сэдэв нь Гэр бүлийн тухай хуулийн төсөл юм. Гэр бүлийн тухай хуулийг анх 1999 онд баталж байжээ.  Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  ХАХННЯ өргөн барид УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэгдэнэ. Тиймээс хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд санал бодлоо солилцож нэгдсэн дүгнэлтэд хүрчээ. Хүүхдийн эрх, гэр бүлийн гишүүдийн өмчийн харилцаа болон өмнөх хуулиар зохицуулагдаагүй харилцаа болох  хамтран амьдрагчийн тухай асуудлыг илүүтэй зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн эх эцэг нь салсан тохиолдолд хүүхдэд олгох тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан олгодог байсан бол  шинэчилсэн найруулгын төсөлд бодит орлогынх нь 30-40 хувиар тооцдог болохоор зохицуулжээ. Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж бүлгийн гишүүд дэмжсэн байна.

 

 

Д.ГЭРЭЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих