Таван настай хүү дэлхийн мэдээлэл, технологийн хамгийн залуу мэргэжилтэн болжээ
ИСЛАМАБАД. /Voice of Russia/. “Майкрософт” компанийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн шалгалтад таван настай, пакистан гаралтай хүү Аян Куреши тэнцсэнээр дэлхийн компьютерын хамгийн залуу мэргэшсэн мэргэжилтэн боллоо.
Компьютерын мэргэшсэн мэргэжилтэн болохыг хүсч буй оюутнуудын өгдөг шалгалтад бяцхан хүү ирж суухад Английн Бирмингем хотын их сургуулийн ажиглагчид нэлээд гайхжээ. Гэхдээ Аян Куреши шалгалтыг богино хугацаанд хийж гүйцэтгэснээр профессоруудын эргэлзээг үгүй хийжээ.
“Аян цаашид ахисан шатны шалгалт өгөхөөр төлөвлөж байгаа. Гэхдээ одоогоор тэр хичээл сургуульдаа анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байна” гэж хүүгийн аав Асим Киреши хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдсэн байна.
Аавынх нь хэлснээр, гоц ухаантай энэ хүү гурван настайдаа анх компьютертой танилцжээ.
“Би анх хүүдээ компьютерын техник болон программ хангамжийг тайлбарлаж, компьютерын лаборатори байгуулж өгсөн” гэж хүүгийн 43 настай аав ярьсан байна. Энэ хүүгийн ой тогтоолт мөн гойд сайн аж.
Аян Куреши Пакистаны Лахоре хотод төрсөн ч тэднийх 2009 онд Лондон руу нүүжээ. Одоо мэдээлэл, технологийн энэ залуу мэргэжилтэн Английн Ковентри хотод амьдарч байна.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: