Нам дамжсан “Түрийвчний нэгдэл” буюу сөрдөггүй сөрөг хүчний тухай
Ирландын зохиолч Жорж Бернард Шоу “Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй. Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүнийг баллаж орхидог” хэмээн 100 жилийн тэртээ хэлсэн нь өнөөдөр Монголд биеллээ олжээ.
Засаг төр туйлдаа хүртэл хямарчихлаа. Хамгийн аюултай нь үүнийг улстөрчид огт “анзаарахгүй” байгаа юм. Өнөөгийн болж буй үйл явдлууд өнгөн дээрээ АН доторх олон фракцын дажин мэт харагдаж буй. Харин цаагуураа нам дамжсан ашиг сонирхлын бүлгүүдийн “их зөвшилцөл” явагдаад байсан нь өдөр ирэх тутам ил болж эхэллээ.
Улаан нь цэнхэртэйгээ, баруунтан нь зүүнтэнтэйгээ аль хэдийнээс салах аргагүй “наалдан пад” болсныг ард түмэн мэддэг болж байна. Уг нь УИХ-ын ээлжит сонгуулиар мань мэтийн сонгогчид нь хэн нь эрх барих, аль нь сөрөг хүчин байхыг “заагаад” өгчихсөн байдаг. Гэсэн ч АН эрх баригч шиг , МАН-ынхан сөрөг хүчин шиг байж улс төрийн жам ёсны замаар явсангүй.
2012 оны наймдугаар сар.
Сонгуулийн дүн гарснаас сар гаруйн дараа гэсэн үг. МАН-ын дарга Ө.Энхтүвшин “…Олонхи нь засаг төрөө байгуулаад сонгуулийн амлалтаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгоод ажиллах ёстой. Бид бодлогоо уралдуулна. Тэдний үйл ажиллагаанд хяналт тавина. Ялангуяа сонгуулиас өмнө юу ярьж байв, мөрийн хөтөлбөрөө яаж хэрэгжүүлж байна вэ гэдэгт хяналт тавина. Хууль зөрчих, улс орны эрх ашгийг хөсөрдүүлэх аливаа үйлдэл гаргах юм бол эвлэршгүй тэмцэнэ. Манай нам тэмцэх чадвартай, зохион байгуулалттай, цэгцтэй бодлоготой, шуурхай, дайчин сөрөг хүчин байх болно” хэмээн гал цогтой мэдэгдэж байлаа.
Худлаа байж. Тэд өнөөдрийг хүртэл хэлж байсан шигээ ажилласангүй. Сөрөг хүчний дуу хоолой ч сонсогдсонгүй. Сөрөг хүчин ард түмний төлөө зангарагтай ганц үг ган хийсэнгүй. Харин энэ хооронд Сү.Батболдоос М.Энхболдод намын тамгаа шилжүүлж, удирдлагаа хотын фракцад шилжүүлсэн. Тэр их хурал дээрээ 2016 онд ялгуусан ялалт байгуулахын ерөөл тавиад салцгаасан гэж байгаа. УИХ дээр бол жинхэнэ мордохын хазгай гэгч болсон. Бүлгээ ч байгуулж чадалгүй хоцорсон. Үүнээс болж гишүүд нь байнгын хороонд ч харьяалагдаж чадахгүй хэсэг явсан. Эцэстээ Төрийн ордонд “буйдантай жагсаал” хийлээ.
Яг үнэндээ буйдантай жагсаалын зорилго нь гишүүдийн бариад сууж байсан ард түмний төлөө… гэсэн сүртэй үгтэй лоозон шигээ байгаагүй. Байнгын хорооны гишүүн болох, төрийн шийдвэрт нөлөөлөх боломжийг хайсан сандал ширээний төлөөх тэмцэл байв. Өнгөрсөн хоёр жилд “сөрж” хийсэн том ажил нь энэ. Ерөөс Монголын улс төрийн түүхэн дэх сөрөг хүчнүүд тийм ч хүчтэй байгаагүйг улс төр судлаачид хэлдэг. Гэхдээ энэ удаагийнх шиг ийм үлбэгэр дорой, өнгөрсөндөө харамсч харууссан, ялагдлын шокноос гаралгүй жил дамнан гашуудсан сөрөг хүчин лав байгаагүй гэх.
1990 онд анхны чөлөөт ардчилсан сонгууль болж Улсын бага хурлын 50 суудлын 30-ыг нь МАХН, үлдсэнийг нь МоАН, МҮДН, МСДН авчээ. Тэр үед шинэ тутам байгуулагдсан дээрх намууд МАХН-ын хувьд олигтой сөрөг хүчин болж чадаагүй. Үнэндээ хүчтэй байх намын төлөвшил гээч юм суугаагүй байсан хэрэг. Ингэж явсаар 1992 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр 76 суудлын 70-ыг нь МАХН дангаараа авч байв.
Шинэ намууд сөрөг хүчин ч болж чадсангүй. Харин 1996 оны УИХ-ын сонгуульд эвсэл болж оролцсон Ардчилсан хүчин анх удаа ялалт байгуулж эрх баригч хүчин болсон. Байнга засаглаж ирсэн МАХН сөрөг хүчин болов. Авах юм нь тэд тухайн үед ялагдлын шокноосоо тун богино хугацаанд гарч чадсан юм. Тэд эрх баригч Ардчилсан хүчний туршлагагүй, эв нэгдэлгүй дээр чадварлаг тоглож, сөрөг хүчний үүргээ сайтар биелүүлснээр дараагийн сонгуульд ялах нөхцлөө бүрдүүлж чадсан байдаг.
2000 оны сонгуулиар МАХН 74 суудал авч үнэмлэхүй олонхи болов. Тэр үед Ж.Наранцацралт агсан л Ардчилсан хүчний төлөөлөл болон Их хуралд ганцаараа орж ирж байв. Сөрөг хүчингүй дөрвөн жил болсон хэрэг. Дараа нь 2004 оны УИХ-ын сонгуулиар одоогийн МАХН буюу одоогийн МАН, “Эх орон-Ардчилал” эвсэл ойролцоо суудал авсан. Энэ үеэс л эрх баригч, сөрөг хүчин нь нийлсэн Засгийн газрын эхлэл тавигджээ.
2008 оны сонгуулийн дараа “7 сарын 1”-ний хэрэг явдал болж, эрх баригч МАН Засгийн газартаа сөрөг хүчин АН-аа урьж “Стандарт бус Засгийн газар”, “МАНАН хүчин”-ийг бий болгож эхэлсэн. Чухамдаа энэ үед л “хөнжил нэгтгэх” үйл явц маш хурдацтай явагдсан аж. Сөрөг хүчин гэдэг сонгуульт хугацаандаа эрх баригчдын жинхэнэ ангууч байдаг дэлхийн жишиг бий. Үүрэг нь ч эрх барьж байгаа намын зөв бодлогод саад болох биш худуутай үйлдлийг ард түмэнд ил болгон таслан зогсооход оршдог. Энэ үүргээ биелүүлэхийн тулд заримдаа “хазах” ёстойг ч улс орнуудын жишээ хэлээд байгаа юм. Ухамсрын шанаа өгөлцдөг гаднын парламентуудыг манайхан мэддэг л байлгүй.
2010 оны наймдугаар сар.
Өмнөд Солонгосын сөрөг хүчин болох Ардчилсан нам дараа жилийн төсвийг батлуулахгүй гэсэн байр суурьтай байв. Гол мөрнийг цэвэршүүлэх зарим төсөл дээр санал зөрсөн нь сөргөлдөөнд ийн хүргэжээ. Сөрөг хүчний гишүүдийн санал хүрэхгүй байсан учраас тэд хуралдаан эхлэхээс өмнө танхимд орох бүх замыг хааж коридорт тавилга овоолсон байв. Их хурлын дарга нь эрх баригч намын дэмжлэгтэй суудалдаа хүрэх гэж оролдсоноор зодоон эхэлсэн байна. Үр дүнд нь хэд хэдэн хүн гэмтэж, нэг хүн эмнэлэгт хүргэгдэв. Эцэст нь эрх баригч нам дийлж төсвийг баталсан байдаг.
2011 оны арванхоёрдугаар сарын 26-нд FLI хэмээх Италийн сөрөг хүчний намын гишүүн Клаудио Барбато “Умард Лиг”-ийн парламент дахь төлөөлөгч Фабио Раньериг дэлсээд авав. Сөрөг хүчний толгойлогч Джанфранко Фини нь телевизийн нэгэн нэвтрүүлгийн үеэр “Умард лиг”-ийн дарга Умберто Боссын эхнэр 39 насандаа тэтгэвэрт гарсан гэж хэлсэн нь зодооны үндсэн шалтгаан болжээ.
2010 оны дөрөвдүгээр сарын 27-нд Украйны Дээд рад хуралдаж ОХУ-ын цэргийн хүчнийг Хар тэнгист байрлуулах гэрээг сунгах төслийг батлах асуудлыг хэлэлцэхээр зэхэж байв. Гэвч сөрөг хүчний гишүүд парламентын дарга Владимир Литвинийг өндгөөр шидэж эхэлсэн байна. Юлия Тимошенко болон “Манай Украйн, манай ард түмэн” фракцынхан дээрх гэрээг дэмжсэн нам нэгтнүүдийнхээ суудалдаа очих замыг хаасан аж. Гэсэн хэдий ч Владимир Литвин хурлыг хүчээр эхлүүлснээр удалгүй сөргөлдөгч талуудын хооронд зодоон үүсчээ.
2007 оны тавдугаар сарын 28-нд Туркийн сөрөг хүчин болох Ардын бүгд найрамдах намын гишүүн Идрис Сами Тандоглу намынхаа нэгэн гишүүний хамт Туркийн хөгжил цэцэглэл, шударга ёсны төлөөх намын гишүүн Алим Тунчийг зоджээ. Туркийн парламент Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуультай холбоотой Үндсэн хуулийн зарим заалтыг авч хэлэлцсэн нь зодооны шалтгаан болсон гэнэ.
2014 оны хоёрдугаар сард Энэтхэгийн парламентын доод танхимд гишүүдийн хооронд маргаан гарч зодооноор төгсчээ. Ерөнхий сайд Манмохан Сингха шинэ муж байгуулах санал оруулсан нь зодооны шалтгаан болсон байна.
Энэ мэтчилэн бусад улс орнуудын сөрөг хүчин сөрж болох бүхий л арга хэмжээг авдаг. Монголд бол байдал өөр. Сөрөг хүчин нь сөрөх бус нөгөө талтайгаа цул болох бодлогыг л баримтална. Тэртэй тэргүй түрийвч санхүү нэгтэй, нам дамжсан бүлэглэлүүдийн ашиг сонирхол нь ийм бодлого хэрэгжүүлэхэд түлхэц болдог гэхэд болно. Ер нь бол төрд бизнесийн ашиг сонирхлоор олон хүн орж ирсэн нь энэхүү нам дамжсан бүлэглэлүүдийг улам хүчтэй болгосныг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Яг одоо Монголын төрд бизнес гишүүн 70 орчим байна” гэсэн нь зүгээр ч нэг тоо хэлсэн юм биш. Аюултай шүү… хэмээн анхааруулсан байгаа юм. Банкны хувьцаа, компанийн хувь эзэмшил, уул уурхайн лицензийн холбоотнууд АН, МАН дамнаад л сууж байна. Имй холбоо сүлбээг үгүйсгэх боломжгүй ч нам дамжсан бүлэглэлүүд улстөрийн намуудыг, төрийг удирдахдаа бүлэглэлийнхээ эрх, эдийн засгийн ашгийг улс орон, ард түмнийхээс дээгүүрт тавьж байдаг нь нууц биш. Үүний горыг өнөөдөр Монголчууд амсахын дээдээр хүртэж байна.
Уг нь УИХ-ын ээлжит сонгуулиар мань мэтийн сонгогчид нь хэн нь эрх барих, аль нь сөрөг хүчин байхыг “заагаад” өгчихсөн байдаг. Гэсэн ч АН эрх баригч шиг , МАН-ынхан сөрөг хүчин шиг байж улс төрийн жам ёсны замаар явсангүй.
Жижигхээн мэт нэг жишээ хэлье. УИХ-ын гишүүдийн олонхи нь Х.Баттулгын “Женко тур бюро”-гийн хувьцаа эзэмшигчид. Хэрэв “Женко тур бюро” дэмжлэг авах шаардлагатай хуулийн төсөл, эсвэл ямар нэг шийдвэр гарах болбол ногоон гэрлээр л шийдэгдэнэ гэсэн үг. Мөн улстөрчдийн хамгийн “дуртай” хувьцаагаар “АПУ”, “НИК”, “Говь”, “Эм Си Эс”-ийнх шалгарсан байна. Их бага хэмжээгээр ямар нэг эрх ашиг сонирхол иймэрхүү сүлбээтнүүдэд үйлчилж л таарна. Энэ бол ил холбоотнууд.
Харин далдуур, нутаг ус, ах дүүс, найз нөхөд, нөгөөх намын угшил энэ тэрээрээ холбогдсон бүлэглэлүүд бол жинхэнэ алж өгнө. Нийлж тендер цохино. Албан тушаалын хуваарилалт хийнэ. Засаг унагана. Улсаар, эдийн засгаар тоглох шиг болно. Тиймээс нөгөөх эрх баригч, сөрөг хүчин гэх улс төрийн хүчнүүд зөвхрөн цаасан дээр л байж таараад байгаа юм.
Эдийн засагч, нийтлэлч, “De facto” Д.Жаргалсайхан нэгэн нийтлэлдээ “Төрийн эрх авсан намууд улс орны төлөө биш, албан тушаал эрх мэдлээ авч үлдэхийн тулд, дараагийн сонгуульд ялахын төлөө л ажилладаг болжээ. МАН-ыг төрийн эрх барьж байх үеэс яамдад шургалсан улстөрчид 108 нууц данс нээж, нийтдээ 4.5 их наяд төгрөгийн зөвшөөрөлгүй гүйлгээ хийж, нийтийн хөрөнгийг зувчуулж ирснийг саяхан илрүүллээ” гэжээ.
Мөн Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай ч дуугүй сууж тэвчсэнгүй. Тэрээр “…Монголчууд бид шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш зургаан удаа төрөө сонгож өдийг хүрчээ. Элдэв холио найрлага, элдэв хувилбартай сонголт хийж үзлээ. Энэ бүхний дотор нэг сонирхолтой хандлага гуйвалтгүй хэрэгжиж ирсэн нь төрийн дээд суудалд хөрөнгө чинээтэй “эрхмүүд” улам улам түрж орсоор байгаа явдал юм. УИХ-д Монголдоо зартай бүх компанийн төлөөлөл байгаагийн дотор “MCS”, “МАК”, “Мон Уран”, “Монроуд”, “Монос”, “Ажнай” гэх мэтийн сүүлийн үед хөлжсөн бүлэглэлүүд шууд төлөөллөө оруулав.
УИХ нь нэгэнт хөрөнгийн эрхшээлд орсны толин тусгал нь Засгийн газрын бүрэлдэхүүн болж, компаниар овоглосон сайдуудын танхим бүрджээ. Энэ бүх үзэгдлүүдийг дүгнэвэл одоогийн Монгол оронд ард түмнийг гэхээс илүү олигархиудын засаглал тогтжээ гэхэд хилсдэхгүй. …Хэрэв цаад талаасаа манай олигархиудад “ногоон”-ы үнэрээр дохивол Ерөнхий сайд байсан ч хамаагүй, толгойгоороо дэнчин тавьж байгаад иргэдээ хуурч, хуулийг зөрчиж, эзнийхээ хөлийг тэвэрч, гутлыг үнсдэгийг Оюутолгойн гэрээ болон бусад олон удаагийн үйлдлүүд нотоллоо. Том хөрөнгийн давуу байдал, эрх ашгийг хамгаалах, улс орныхоо хойч ирээдүйгээр дэнчин тавьж, өр зээлээр барьцаалан өөрийнхөө өнөөдрийн ашиг хонжоог хайх, эх орныхоо өв баялгийг үнэгүйдүүлж үрэх нь манай олигархиудын үзэл болж байна” гэв.
Өнөөдрийн төрийг бусниулагчдын үнэн нүүр царай л энэ. Яасан гэв? АН-ын зарим бизнес гишүүн, нам дамжсан гишүүд МАН-тайгаа нийлж байгаад Засгийн газраа унагачихлаа. Дараа нь янз бүрийн онош, угшил ярьцгаав. Сонсох нээ, МАН-ын тэр даргын Дараагийн засагт сайд амлуулсан бололтой, унасан засгийн сайд нар хүртэл кнопоо даралгүй гараад зугтжээ. Учир нь фракцын толгойлогч нь “Гар” гэж дохисон гэх. Ийм л өчүүхэн эрх ашиг Монголын улстөрд үйлчилж, ард түмэн бидний амьдралыг самарч байна. Ерөөс энэ нам дамнасан бүлэглэл гэдэг шийдчихсэн, яахаас ч буцахгүй нөхөд болчихож.
Эх орны зүүн хязгаар, Сүхбаатар аймгийн нутагт Шилийн богд хэмээх уул бий. Дээхнэ үед шилийн сайн эрс буюу одоогийнхоор малын хулгайч нар очдог, дээр нь гарч андгай тангараг өргөдөг байж. Харин одоо манай энэ хэдэн улстөрчид, нам дамнасан бүлэглэлийн гишүүд бөөн бөөнөөрөө тийшээ зүглэх болсон байна. Бүр болоогүй, хэсэг бүлгээрээ нэрээ сийлчихсэн том хадан самбарыг Шилийн богдын оройд залчихсан байна гэнэ.
Иднэ ууна, төрийн өмч хөрөнгийг хулгайлна гэдгээ ингээд ил цагаан зарладаг болчихлоо гээд нутгийнхан ч таагүй байх юм билээ. Одоо АН шинэ Ерөнхий сайдаа тодруулж байна. Хамгийн гол нь нэр дэвшигч нам дамжсан бүлэглэлүүдэд таалагдахгүй бол Ерөнхий сайд болохгүй гэсэн үг. Тэгээд ч МАН шинэ Ерөнхий сайд хурдхан томилогдож, хөнжлөө сөхөхийг хүлээж байна. Гүйгээд л орчихно гэж байгаа. Тэд шинэ засагт таваас зургаан суудал авна. Ийм тооцоотойгоор нам дотроо бол сайд томилчихсон гэсэн.
Ингээд тэд одоо сөрөг хүчин байхаа болино. Байгаа ч үгүй л дээ, уг нь. Гэхдээ хамгийн сонирхолтой нь МАН одоо эрх баригч болно. Нам дамнасан бүлэглэлүүд ийм л хортой. “…Улс төрд дурлалын адил эв найрамдал гэрээ гэж байдаггүй, гагцхүү түр эвлэрэл л байдаг” гэж Г.Левис хэлсэн. Гэхдээ Монголын төрд гарсан энэхүү нам дамжсан бүлэглэл хөрөнгө санхүүгийн бат бөх “эв найрамдлын гэрээ”-тэй учраас эвлэрэл нь мөнхийнх байж таарна. Тиймээс улс төр дэх энэхүү бусармаг жишиг тэдэнтэй л хамт алга болох учиртай ажээ.
Б.Дамдин-Очир
Зууны мэдээ
URL: