Хямралын төсөв
2015 он бол монголчуудын хувьд бүсээ чангалах жил байх нь. Эдийн засгийн өндөр өсөлт мөрөөдөл болж, харин их өрийн дарамт хаалга тогших нь ээ. Дөнгөж батлаад буй 2015 оны төсвийн хуулиас энэ бүхэн тодхон харагдаж байна. Сайнаасаа илүү муу мэдээ, олохоосоо илүү зарах мөнгө нь л ирэх оны төсөв дээр илүү жин дарж байгаа бололтой. Хаалга тогшсон их өрийн тухайд “Чингис” бонд, Засгийн газрын үнэт цаасны хүүгийн төлбөрт нийтдээ 700 тэрбум гаруй төгрөг улсын төсвөөс төлөх юм. Харин шинэ бүтээн байгуулалтад бол сохор зоос ч тавьсангүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улс түүхэндээ анх удаа улсаараа бүтэн жил ямар ч бүтээн байгуулалтын ажил шинээр эхлүүлэхгүй байх хэмжээнд бүсээ чангалах нь. Саяхныг хүртэл төсвийнхөө дөрөв хуваасны нэгийг, дөрвөн төгрөг тутмаас нэг төгрөгийг нь хөрөнгө оруулалтад зарж байсан үед ард хоцорчээ.
Авлигажсан нэрээр царцаагаад байсан 400 гаруй объектоо л 2015 онд үргэлжлүүлэн барих хөрөнгийг төсөвт суулгав.
Нэг ч эмнэлэг, нэг ч сургууль, нэг ч цэцэрлэг шинээр барихгүй. Харин нэлээд хэдэн хүн 2015 онд ажлын байргүй болох нь хямралын төсвөөс харагдаж байна. Сангийн сайд нь чөлөөлөгдөж, Ерөнхий сайд нь огцорсон энэ үед УИХ-аас баталсан төсвийн хуульд энэ бүхэн тодорхой байна.
Дарга нарын орон тоог хасахаас төсвийн хэмнэлт эхлэх юм байна. Төсөвт байгууллагын дэд дарга, орлогч дарга, зөвлөхийн гээд нийтдээ 345 орон тоог цомхотгохоор УИХ төсвийн хуулийг батлав. Ингэснээр урсгал зардал 2.9 тэрбумаар хэмнэх ажээ. Жишээ нь, одоо зургаан орлогчтой ажиллаж буй нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ирэх онд хоёр орлогчоо үлдээж, дөрвийг нь цомхотгох болох нь. Аймгийн дарга нарын хувьд өөрийгөө хоёр, гурван хүнээр орлуулдаг байсан цаг 2015 онд дуусгавар болох юм байна. Улсын төсвөөс нэг л орлогчийнх нь цалин, хангамжийг шийдэж өгөх аж. Агентлагийн дарга нар ч нэг л дэд даргатай байх бөгөөд орон тооны зөвлөхгүй байхаар төсвийн хууль батлагдлаа.
2015 онд эдийн засаг сайнгүй байхыг, хямрал үргэлжлэхийг УИХ-ын дарга З.Энхболд ч хүлээн зөвшөөрлөө. Тэрээр “Хямралаас үүдэн төсвийн урсгал зардлыг 2015 онд 118.8 тэрбум төгрөгөөр хассан” гэж мэдэгдэв.
Төрийн бараг бүх байгууллага урсгал зардлаа арван хувиар тануулж, зарим орон тоогоо цомхотгох нь. Дээр өгүүлсэн 345 даргаас гадна 540 хүн орон тооны цомхртголд орох юм байна. Ирэх онд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Сургалт судалгааны төвийгтатан буулгахаар болов. Энд ажиллаж байсан хүмүүс ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ гэсэн үг. Мөн БНСУ дахь “Нэг цэгийн үйлчилгээний төв”, Амьтан ургамал хамгаалах үндэсний хорооны ажлын алба, Зурагтөсөл, эрдэм шинжилгээний институт, Мал хамгаалах сангийн ажлын албыг ч бас татан буулгах шийдвэрийг УИХ гаргалаа.
Шинэ Ерөнхий сайд томилогдсоны дараа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах үедээ зарим агентлагийг нэгтгэх санал ч явж байгаа юм байна. УИХ-ын дарга Цөмийн энергийн газар гээд хийх ажилгүй байгууллагыг Ашигт малтмалын газарт буцаан нэгтгэх хэрэгтэй гэж хэлсэн нь үүний баталгаа.
Энэ мэт хямралаас үүдэлтэй төсвийн хэмнэлт, төрийн байгууллагуудын цомхотгол цааш үргэлжлэх нь. Засгийн газрын зарим тусгай сан, төрийн зарим байгууллагын төсвийн урсгал зардлыг 50 хувь буулгасан нь үүний жишээ. Тухайлбал, “Цэвэр агаар” сангийн төсвийн талыг, МҮОНТ-ийн урсгал зардлыг 50 хувиар бууруулжээ.
Одоо баталсан төсвийн дагуу цомхотгол эхлэх нь.
Ч.САНСАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: