Нэг сумаар- Агаарын бохирдол, цаг уурын дулааралт, олон улсын нэр хүнд
Засгийн газар огцорч, дарга цэрэг нар солигдохыг хүлээж тархиа бохирдуулж суусаар уушиг бохирдож байгаагаа мартчих юм. Агаарын бохирдол бол Улаанбаатарчуудын хамгийн гол эрүүл мэндийн дайсан. Харин хэн ч энэ талаар ярих завгүй.
Мөнгө байхгүй бол агаарын бохирдол буурахгүй. Одоо хэрэгжүүлж байгаа ухаалаг зуухнуудыг гэр хороололын өрх гэрүүдэд бүгдэд нь тараан өгсөн ч агаарын бохирдол Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тогтоосон түвшнээс 4-5 дахин их байхаар судалгаа гарсан. Тиймээс цахилгаан, эрчим хүчний эх үүсвэрээ ухаалаг зуухаар биш дэвшилтэт технологиор солих хэрэгтэй гэжээ .
Мөнгө байхгүй бол дэвшилтэд технологи нэвтрүүлэх боломжгүй. Агаарын Тухай Монгол Улсын Хуулиндаа (2012 он) эдийн засгийн эх үүсвэр, мөнгөний асуудлыг дараах байдлаар зохицуулахаар заажээ. Хуулийн 6.1.10-т “агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын болон нийслэлийн бонд гаргах, бусад санхүүгийн эх үүсвэрийг дайчлах замаар шийдвэрлэх,” 13.1.5.-т “гэр хорооллын өрхийн газрыг барьцаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар уул уурхайн баялгаас бий болох хөрөнгөөс урт хугацаатай, бага хүүтэй зээлийг олгож үл хөдлөх эд хөрөнгө, барилга, орон сууц барих бололцоо, нөхцөл бүрдүүлэх.”
Бонд, Уул уурхайн баялаг бүгд үлгэр болсныг бид мэдэж байгаа. Одоо яах вэ гэдэг асуудал хамгийн гол юм. Үргэлжлүүлэн худлаа амлах “3 жилийн дараа агаарын бохирдол буурна эсвэл Улаанбаатарын агаарын бохирдол 20 хувиар буурлаа” гэж олон давтан тархи угаах л үлдэв. Харин уушиг, улаан хоолойнууд тийм амархан угаагдахгүй байх.
Энэ долоо хоногт Австралийн Брисбен хотноо “G-20” орнуудын уулзалт болж байна. Дэлхийн эдийн засгийн хамгийн хүчирхэг 20 улсууд энэ уулзалтанд оролцдог бөгөөд уулзалтаас гарах шийдвэр, амлалтууд нь дэлхийн эдийн засгийн өнөөгийн болон ирээдүйн нөхцөл байдалд хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг.
Энэ уулзалтын үер АНУ-ын Ерөнхийлөгч Обама 3 тэр бум долларыг “Ногоон Уур Амьсгал Сан”-д оруулахаа мэдэгдэв. Энэ нь өнгөрсөн 7 хоногт хуралдсан APEC (Asian Pacific Economic Cooperation) орнуудын уулзалтан дээр БНХАУ болон АНУ-ын хүлэмжийг хийг бууруулах амлалтыг бодит ажил болгох эхний алхам болов.
Бондын өр, Улаанбаатарын агаараа яая гэж байгаа бидний хувьд 3 тэрбум доллар л хамгийн чухал тоо. Дэлхийн дулааралт бол тийм ч сонин биш.
2010 онд Мексикийн Канкум хотод болсон “Дэлхийн Цаг Уурын Өөрчлөлтийн Чуулга” уулзалтаар – “дэлхийн цаг уурын өөрчлөлт нь зөвхөн хөгжингүй орнуудын асуудал биш болоод байна. Тиймээс хөгжиж байгаа орнуудыг татан оролцуулах шаардлагатай байгааг онцолсон.” Харин ширээний нөгөө талаас хөгжиж байгаа орнууд эдийн засаг, шинэ технологийн тусламжгүйгээр энэ гэрээнд оролцох боломжгүйгээ мэдэгдсэн. Үүний үр дүнд “Ногоон Уур Амьсгал Сан” байгуулах санал гарч, энэ нь хөгжиж байгаа орнуудыг дэлхийн цаг уурын дулааралтай тэмцэхэд эдийн засаг, шинэ технологоор дэмжих үндсэн гол үүргийг хүлээсэн.
2013 оноос энэ сангийн удирдах төв байгууллага Өмнөд Солонгосын Сөүл хотноо байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд ЭНЭ САНД Обама 3 тэрбум доллар хандивлахаа мэдэгдээд байна.
Бидний урд хөрш болон бусад хөгжиж байгаа улсууд нэг сумаар хоёр туулай буудчих гээд маш хурдан хөдөлж эхлээд байна. Агаарын бохирдол болон цаг уурын өөрчлөлтийг нэг цонхоор харж агаарын бохирдол, эдийн засгийн хямралаасаа салахыг хичээж байна. Бидэнд ч бас тийм боломж байгааг үгүйсгэж болохгүй. Ялангуяа эдийн засгийн нөөц бололцоо дутмаг, шинэ технологийн хоцрогдолд орсон Монгол Улс энэ мэтийн боломжийг сайн ашиглах хэрэгтэй.
“Ногоон Уур Амьсгал Сан” нь хөгжиж байгаа орон болон түүний дотроос дэлхийн дулааралтаас болж хамгийн ихээр хохирч болох ядуу орнуудыг илүү анхаарч туслах үүрэгтэй байдаг. Бидэнд л хамгийн их тусламж хэрэгтэй.
Нэгэнт тусламж үзүүлэх хойно биднээс маш их зүйл шаардах болно. Ямар хэмжээгээр, хэдэн он гэхэд хүлэмжийн хийг багасгах талаар үндэслэлтэй судалгааг асуух болно. Харин гол асуудал бидэнд тэр судалгааг хийх бололцоо, улс төрийн хүсэл зориг байна уу? Агаарын бохирдлоо арилгах, иргэд – хойч үеийнхээ эрүүл аюулгүй амьдрах боломжийг хамгаалах, олон улсын түвшинд нэр хүндтэй тоглогч болох нь нэг улсын түүх, нэг улс төрчийн амьдралд ховор тохиолдох боломж юм.
Д.Баяр SONIN
URL: