Гарц

527-1415943208e390473397570fa3big1996 оны “Ардчилсан-Холбоо” эвсэл 50 хүнээс бүрдэж байсан. Огцроод байгаа Н. Алтанхуягийн Засгийн газрыг бүрдүүлэхэд АН-ын 34, Шударга ёс эвслийн 11, НН-ын 2, Бие даагч 3 гээд мөн л 50 хүн байгаа.

“Ардчилсан-Холбоо” эвслийн анхны Засгийн газрыг сайд нар том толгойтой боллоо. Их хурлынхаа дээр сандайлж суулаа. Ялсан намын дарга нь ерөнхий сайд байх ёстой гээд Ц. Элбэгдоржийн засаг байгуулагдаж байж дээ. Үүнээс хойш дөрвөнтөө засгаа солиод тусыг эс олоод, 2004 онд одоогийн Ардчилсан ерөнхийлөгч маань бас нэг удаа гүйцэтгэх засаглалын тэргүүн болоод огцорсон. Тэр үед өвөл байсан, одоо ч бас өвөл л байна.

Өнгөрсөн хаврын дан дээл гээд Алтанхуягийг огцруулахаа шахсан үйл явдал нь Энхсайханы засаг огцорч байсантай нэг л өдрийн зөрүүтэй байсан юм даа. Түүх түүхээрээ л үлддэг. Ардчилсан намынхан “А” үсгээр эхэлсэн л бол ерөнхий сайд байх ёстой гээд нэг хүнийг намируулаад эхэллээ.

АН-д элсээд удаагүй л болохоос төрийн эрх мэдлийг барих дээд байгууллагад тасралтгүй суусан, бөөн туршлагатай, бас нэг хүн байгаа гэдгийг мартаагүй л баймаар санагдана. Өвөө, эмээ нар мэдэх л юм даа. Дэлхий нийтээрээ шахуу жендэр ярьж байна, дээр нь хоёр өндөрлөгийн дэмжлэг байна, эр “А” эрдэж болохгүй ээ.

Үүх түүх ярилгүйгээр дараагийн засгийн талаар саналаа хэлье. Шинэчлэлийн засгийн газарт АН-аас 11, МАХН-аас 2, НН-аас 1, МҮАН-аас 1 хүн байсан байна. Дээр дурьдсан 50-аас 35 хүн нь үлдсэн байгаа. Одоогийн байгуулагдах засгийн газар 18 сайдтай байх бөгөөд АН-ынхан эр “А“-гаараа засаг толгойлуулна, энэ Засгийн газарт өмнө нь сайд хийсэн хүн орохгүй.

Эр “А” –гаар толгойлуулсан Засгийн газар хүүхдийн мөнгийг 10000-р нэмэгдүүлэх, Ардчиллалын партизануудад тэтгэмж олгох, нийслэлээс гэр хорооллын дахин төлөвлөлтөөр баригдаж байгаа орон сууцнуудад орох, царцаасан барилгуудыг барьж дуусгах зэрэг эдийн засгийн реформыг хийж дуусаад, дараа нь жинхэнэ монгол хатан ухаант “А”-гаараа засаг толгойлуулна даа. Энэ Засгийн газарт Оюунгэрэлээс бусад эмэгтэй гишүүд орох бөгөөд нөгөө намаасаа ганц эмэгтэйг нь аваад засаг бүрдэнэ.

Ардчилсан намынханд ялуулаагүй ч ялснаас дутуугүй саналыг өглөө. Та нар Ардчилсан ерөнхиилөгчтэй ч, дан дээлтэй ч, давхар дээлтэй ч, дангаараа ч, эвсээд ч сонгогчдын итгэлийг даахгүйгээс хойш одоо дахин зодолдолгүйгээр гомдоод байгаа үлдсэн хэддээ дээр хэлсэнчлэн сайдын сэнтийг амсуулаад, хөдөөний хэдийнхээ ажлыг хийлгээд энэ хугацаагаа дуусгавал яасан юм бэ. Шинэчлэлийн Засгийн газарыг огцруулсан боловч нөгөө хоёр ”А” нь хоорондоо солигдсон Засгийн газар гээд л ойлгоход болно.

Бүгд сайд болох учраас одооноос бэлтгэлээ хангаад нүүр нүдээ янзлуулаад, өмсөж зүүхээ бэлдээд, хийх ажлаа төлөвлөөд, хэл яриагаа цэгцлээд, чуулгандаа идэвхтэй суугаад байхад л эрхэм гишүүн та халдашгүй дархан эрхээ эдэлнэ. Эцэст нь ганц л зүйлийг гуйя. Дахин битгий л нэр дэвшээрэй.

Б. Оргил


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих