Ш.РАДНААСЭД: Н.АЛТАНХУЯГ АЖЛАА ЁС ЖУДАГТАЙ ӨГӨӨД ЯВАХ ЁСТОЙ

56448-Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 68 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн талаар мэдээлэл гарч байна. Та хуульч хүний хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

-Улс төр талаас нь үүнийг харах ёстой. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хугацаанд өөрөө Үндсэн хууль хэд зөрчсөн юм бэ. Тоолж баршгүй олон байгаа шүү дээ. Хуулийн дээр Н.Алтанхуяг байдаг юм бол Алтанхуягийн дээр Их хурал байх ёстой. Энэ хүн үүргээ зүй ёсоор гүйцэтгэж байх хугацаандаа хууль зөрчөөд, олон алдаатай шийдвэр гаргаж байсан. Үүрэг гүйцэтгэгч болуутаа гаргах шийдвэр нь тэрнээс ч илүү аюултай нөхцөл байдал үүсгэх талтай. Тийм учраас төрийн дархлааг хамгаалах үүднээс улс төрийн талаасаа зөв зүйтэй алхам. Манай хууль тогтоомжид байсан нэг зүйлийг 2012 онд устгачихсан. Төсвийн байгууллагуудын санхүүжилтийн тухай хуульд ажлаасаа түр чөлөөлөгдсөн түр орлон гүйцэтгэгч маягаар үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа боловсон хүчин болон хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаар аливаа байгууллагын дарга удирдлага, удирдах албан тушаалтан шийдвэр гаргахыг хориглочихсон заалт байсан. Тэр зохицуулалт одоо байхгүй болчихсон. Тийм учраас үүнд ямар ч хамгаалалт байхгүй. Дураараа хүнийг хална, солино, дураараа мөнгө төгрөг зарцуулна. Тэгэхээр Ерөнхий сайдын тамгыг энэ хүнээс салгаж авах хэрэгтэй. Энэ улс төрийн нөхцөл байдал, ирээдүйд бараг гавьяа болж үлдэнэ шүү. Тийм учраас үүнийг буруутгаад явах асуудал байхгүй. Байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцээд явна л биз. Их хурал өөрийнхөө гаргасан шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох асуудалтай. Хууль зүйн болон улс төр талаасаа ийм байна.

-Н.Алтанхуягийг олонхиороо огцруулсан. Гэтэл яагаад албан тушаалтайгаа зууралдаад байдаг юм бол, та юу гэж бодож байна вэ?

-УИХ олонхиороо огцруулчихаад байна. Гэтэл яагаад долоо хоног хүрэхгүй хугацаанд тамга барьж авах гээд байгаа юм. Энийг харин энэ хүний өмнөөс Үндсэн хуулийн цэцэд хандаад яваад байгаа хүмүүсээс асуух ёстой. Одоо юу шийдэх гээд байгаа юм бэ. Үнэхээр ард түмний төлөө шийдэх цаг хугацаа бол байсан. Энэ хугацаанд шийдээгүй зүйлээ одоо шийдэх гээд байгаа юм уу. Тэртэй тэргүй олонхи шийдвэрээ гаргачихсан байхад тэрийг хүлээн зөвшөөрөөд, ёс жудагтай ажлаа өгөөд явах ёстой юм болов уу гэж бодож байна.  Засгийн газраас гарч байгаа аливаа шийдвэр гэдэг нийтээр дагаж мөрддөг хуулийн хүчин чадалтай актууд гарч байгаа.

-Яг ямар заалтыг хассан байдаг вэ?

-Зарим яамдын үүрэг гүйцэтгэгч нар гаргаж байгаа тушаал, шийдвэрийнхээ хугацаа хоногийг нааш, цааш хөдөлгөөд явж байна гэх юм. Энэ зүгээр сайд нарын хийж байгаа үйлдэл. Тэгэхээр Ерөнхий сайдын хувьд тэнд юу болох вэ гэдгийг тооцох ёстой. Ер нь бол үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа улс төрийн болон төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаа хүмүүс хөрөнгө мөнгө, боловсон хүчинтэй холбоотой асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргахыг хориглосон хуулийн зохицуулалтыг буцааж хуульд хийхгүй бол тэртээ, тэргүй би явж байгаа юм чинь гэсэн сэтгэлээр хандаад маш их хэмжээний хортой үр дагавар бүхий шийдвэрүүд гаргадаг талтай.

-Өөрийнхөө эсрэг санал өгсөн гишүүдийг намаасаа хөөнө хална гэсэн асуудал яригдаж байгаа?

-Ийм шийдвэрийг гаргаж байгаа намын даргын үйлдэл эргээд юу болох вэ гэхээр тэдэнтэй холбоотой төрийн албан хаагчдыг халж сэлгэх, солих өшөө авах бодлого хэрэгжих гээд байгаа юм. Гүйцэлдүүлж чадаагүй юмаа гүйцэлдүүлэхийн тулд ганц минут ч болтугай тамгыг атгаад хэдэн зүйл дээр гарын үсэг зураад тамга дарчихья гэсэн ийм л санаархал байгаа байхгүй юу. Үндсэн хууль бусад хууль тогтоомжийг хангалттай зөрчсөн хүн. Тэр зөрчлийг зогсоохын тулд хийсэн УИХ-ын үйлдэл гэж харж байна.


URL:

Сэтгэгдэл бичих