Д.Оюунхорол: Улс орныхоо эрх ашигт нийцсэн, ард түмнийхээ эрэлт хэрэгцээг хангасан санал, санаачилгуудыг дэмжихийг хүсье
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх УИХ дахь МАН-ын бүлгийн санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд бүлгийн дэд дарга Д.Оюунхорол уншиж танилцууллаа. Уг санал, дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 төсвийн тухай хуулийн төслүүд, эдгээрийг дагалдуулан өргөн барьсан хуулийн төслүүдийг нягтлан үзэж УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг дараах ДҮГНЭЛТ хийснийг Та бүхэнд танилцуулъя.
Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчсөн, тооцоо судалгаа дутуу, хөрөнгө оруулалтын суурь бодлогыг алдагдуулсан төсвийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн. Монгол Улсын парламентын түүхэнд ийм хариуцлагагүй боловсруулагдсан, эргэж буцсан, бодлого төлөвлөлт нь алдагдсан төсвийн төслийг хэлэлцэж байгаагүйг онцлон тэмдэглэж байна. Цаашид Улсын Их Хурал гүйцэтгэх засаглалд тавих хяналтаа сайжруулан хууль тогтоомж зөрчсөн, тооцоо судалгаа муутай, бүрэн бус хуулийн төслүүдийг хүлээн авахаас татгалзаж байх нь зүйтэй юм.
Улс эх орон маань эдийн засгийн хүнд сорилтуудтай нүүр тулсан эгзэгтэй үед та бид ирэх оныхоо төсвийг хэлэлцэж байна. Тийм учраас 2015 оны төсөв, мөнгөний бодлогыг нягт уялдуулан, төсвийг хэмнэлттэй, үр ашигтай, хариуцлагатай, ил тод, үнэн зөв, нэгдмэл байх зарчимд нь нийцүүлэх талаас онцгой анхаарч чамбайруулах шаардлагатай гэж Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг үзлээ.
ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ХАНГАХ ХҮРЭЭНД:
1. Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 6 дугаар зүйлийн 6.1.4-т “…улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх” болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн үндсэн 9 шалгуур үзүүлэлтийн 4-ийг нь хангаагүй байна. Тиймээс эдгээр хуулиудтай нийцүүлэх шаардлагатай байна.
2. Хөгжлийн банк 2 жил гаруй хугацаанд Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8 дахь хэсэг, Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг тус тус зөрчиж Улсын Их Хурлын хараа хяналтаас гадуур хөрөнгө мөнгийг зарцуулж байгаа явдлыг таслан зогсоох шаардлагатай. Мөн Улсын Их Хурлын 2012 оны 60, 2014 оны 30 дугаар тогтоолоор өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгааг Улсын Их Хурал анхаарч тус банкны удирдлагад хариуцлага тооцохыг Монгол Ардын Намын бүлэг шаардах болно.
3. Засгийн газар улс орноо барьцаалан, ард түмнийхээ нэрээр босгосон “Чингис” бондын хөрөнгийг нэгдсэн төсөвт тусгахгүй хяналтгүй зарцуулж байгаа нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөөр ирснийг МАН-ын бүлэг удаа дараа сануулж, хуулийг биелүүлэхийг шаардсан. Энэхүү хууль бус байдлыг таслан зогсоох зорилгоор 2014 оны 5 дугаар сард Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлөөс “Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн зарцуулалтын тухай” 19/20 дугаар зөвлөмж гаргасан. Засгийн газрын үнэт цаасыг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн улсын нэгдсэн төсөвт тусган Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх үүргийг өгсөн ч өнөөг хүртэл биелүүлэхгүй эрх мэдэлдээ эрдсээр явна. Тиймээс “Чингис” бондын хөрөнгийг улсын төсөвт тусгаж, зарцуулах төсөл хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлье гэсэн МАН-ын бүлгийн шаардлага, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг биелүүлэхийг анхааруулж байна.
Төсвийн урсгал зарДЛЫН ХҮРЭЭНД:
- Улс орны эдийн засаг хямарч, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлого буурсан хүндхэн цаг үед улсын төсвийн зардлыг нэмэгдүүлж байгааг МАН-ын бүлэг буруутгаж, дэмжих боломжгүй гэж үзлээ.
Шинэчлэлийн Засгийн газрын үед улсын төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын санхүүжилт жил дараалан олон зуун тэрбум төгрөгөөр тасарлаа. Ийм учраас УИХ-ын 2014 оны 30 болон 34 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолоор өгөгдсөн төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх үүргийн хүрээнд урсгал зардлыг 20-иос доошгүй хувиар танахыг МАН-ын бүлэг санал болгож байна. Үүнд эрүүл мэнд, боловсролын салбарын урсгал зардал хамаарахгүй болохыг онцлон тэмдэглэе. Урсгал зардлаас хэмнэгдсэн хөрөнгийг цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, нийгмийн чанартай хөрөнгө оруулалт, нийгмийн эмзэг хэсэг, зорилтот бүлгийг хамгаалахад чиглүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулинд холбогдох зарим өөрчлөлт оруулж чиг үүрэг нь давхардсан, үйл ажиллагаа явуулахгүй байгаа сангуудыг татан буулгах шаардлагатай байна. Үүний дагуу холбогдох тооцоо, судалгааг хийхэд тусгай сангүүдийн зардлыг 50,4 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой байна. Ганцхан жишээ дурдахад, “Цэвэр агаар” сангийн зардлыг 2014 оныхоос 48,8 хувиар нэмэгдүүлэн 30,2 тэрбум төгрөгийг төсөвлөж. Үүний дотор олон нийттэй харилцах, төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зардлыг энэ оныхоос 26,6 дахин нэмэгдүүлжээ. Утаа багасдаггүй ч жил жилийн төсөв нь олон тэрбумаар нэмэгддэг, ард түмний төлөө сэтгэл зүтгэлгүй, амин хувийнхаа төлөө авлигад баригдсан нь илэрч ял авсан захирал, нягтлангуудтай байсан “Цэвэр агаар” сангийн төсвийг 15 тэрбум төгрөгөөр бууруулах саналыг орууллаа.
3. Төсвийн зээлийн үйлчилгээний төлбөр сүүлийн 2 жилд хурдацтай өслөө. Тухайлбал, зээлийн үйлчилгээний төлбөрт 2011 онд 37 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2015 оны төсвийн төсөлд 19 дахин их буюу 708 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Үүний 75 хувь буюу 536,4 тэрбум төгрөг нь Засгийн газрын дотоод үнэт цаасны хүүгийн төлбөр байна. Дотоодын зах зээлд Засгийн газрын үнэт цаасыг шингээх чадвар, эргэн төлөх хугацаа, хүүгийн зардлыг харгалзахгүйгээр ирэх жил шинээр 1,8 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргах нь дахин санхүүжилтийн томоохон эрсдэлийг бий болгоно. Тиймээс үнэт цаас шинээр гаргах хэмжээг хамгийн доод түвшинд хүртэл хязгаарлах замаар зээлийн үйлчилгээний төлбөрийг бууруулж, урсгал зардлыг хэмнэх арга хэмжээ авах шаардлагатай.
Чиг үүрэг давхардуулж төсвөөс санхүүжүүлж байгаа шинээр байгуулагдсан агентлаг, ажлын алба, нэгж, төвүүдийг холбогдох яам, агентлаг, төсөвт байгууллагад нь нэгтгэх, татан буулгах ажлыг зохион байгуулж, тооцоо судалгааг гарган шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Энэ мэтчилэн урсгал зардлыг танах боломж их байна. Тиймээс бууруулах боломжтой гэж үзсэн зардлын жагсаалтыг хавсралтаар Та бүхэнд хүргүүллээ.
ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:
1. Төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын зардлыг 627,6 тэрбум төгрөг тусгасан нь 2014 оныхоос 45 хувиар буюу 515,6 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Өөрөөр хэлбэл, 2015 онд төсвийн хөрөнгөөр шинэ бүтээн байгуулалтын ажил эхлэхгүй, өмнөх онуудад эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлаа ч дуусгаж чадахгүй нь тодорхой болж байна. Иймд хөрөнгө оруулалтын зардлыг хамгийн багадаа 2014 оны түвшинд хүртэл нэмэгдүүлэх ёстой гэж үзлээ.
2. Монгол Улсын 2014 оны төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл туйлын хангалтгүй байна. Тухайлбал энэ оны эхний 9 сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 688,4 тэрбумаар, тэнцвэржүүлсэн зардал 1,4 их наядаар, хөрөнгө оруулалтын санхүүжилт 54 хувиар буюу 872,3 тэрбум төгрөгөөр тасалдлаа. 2013 онд ч төсвийн гүйцэтгэл хариуцлагагүй, тааруухан дүр зурагтай байсан. Төсвийн хөрөнгө оруулалтын ажил он дамжин удаашрах, санхүүжилтээ цаг хугацаанд нь хийж чадахгүй болсноор олон зуун аж ахуйн нэгжийг хохироох, үл ойлгогдох шалтгаанаар хөрөнгө оруулалтын жагсаалтаас хасагдах, төсөвт өртөг нь үндэслэлгүй нэмэгдэх зэрэг Засгийн газрын хариуцлагагүй байдал сүүлийн 2 жил дараалан давтагдаж байна. Иймд ажил, үйлчилгээгээ гүйцэтгэж дууссан аж ахуйн нэгжүүдийн дутуу санхүүжилтийг шийдвэрлэж өгөх шаардлагатай байна. Ам.долларын ханшийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт нь зээлийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ явуулсан аж ахуйн нэгжүүдийг их хэмжээний алдагдалд оруулах, дампууруулах аюултай нөхцөл байдал үүсээд байгааг дахин анхааруулж байна.
3. Түүнчлэн татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтайгаар зарцуулах үүднээс барилгын ажил нь эхэлсэн, дутуу баригдсан барилга, байгууламжийг эхний ээлжинд бүрэн барьж дуусгах шаардлагатай болохыг онцлон тэмдэглэж байна.
4. 2015 оны Төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад төсөвт өртөг нь 76 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн 15 барилга, байгууламжийг Засгийн газраас оруулж ирсэн. Эдгээр объектыг 2015 оны төсөвт “0.0” дүнтэйгээр суулгаж Үндэсний аудитын газраар шалгуулснаар 2015 төсвийн тодотголоор санхүүжилтийн дүнг батлахыг санал болгож байна.
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:
1.Та бүхэн ирэх оны төсвийн төсөлд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 500 тэрбум төгрөг тусгасан гэж сурталчилж байгаа. Үнэн хэрэгтээ өмнөх жилийн цалин, тэтгэврийн нэмэгдлийг үргэлжлүүлэхэд 150 орчим тэрбум төгрөг нь зарцуулагдана. Тэгэхээр үлдсэн 350 орчим тэрбум төгрөг нь цалин, тэтгэврийг ирэх онд ердөө 12 хувиар нэмэгдүүлэх хэмжээний хөрөнгийг төсөвлөсөн байна. Иймд тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалингийн өсөлтийг 2012-2014 оны инфляцийн өсөлтийг бүрэн нөхөх, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхийн тулд 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг МАН-ын бүлгийн зүгээс шаардаж байна.
2. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд бүрт Хүний хөгжил сангаас олгодог 20 мянган төгрөгийг 30 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд буюу зорилтот бүлэгт сар бүр 30 мянган төгрөг олгох нь үнэ ханшийн өсөлтөд дарлуулсан иргэдэд жинтэй хувь нэмэр болно гэж дүгнэлээ. Түүнчлэн Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгодог мөнгөн тусламжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзэж байна.
УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,
Улс орны эдийн засаг хямарсан, хариуцлагагүй төсөв өргөн мэдүүлсэн Засгийн газар нь огцорсон Ерөнхий сайд ч үгүй, Сангийн сайд ч үгүй үед түүхэндээ анх удаа та бид ирэх оныхоо төсвийг хэлэлцэж байна. Монгол Улсын төсвийг тооцоолол бүр нь үнэн, тоо бүхэн нь бодитой байж, улс орныхоо эрх ашигт нийцсэн, ард түмнийхээ эрэлт хэрэгцээг хангасан нэгдмэл, хэмнэлттэй, үр ашигтай байлгах талаар МАН-ын бүлгээс гаргасан тодорхой санал, санаачилгуудыг дэмжиж хэрэгжүүлэхийн төлөө ажиллахыг хүсье.
Анхаарлаа хандуулсанд баярлалаа.
URL: