“АЛТАНГАДАС”-ын АЖИЛЛАГАА ЭХЛЭВ

altanhuyag_1

УИХ дахь АН-ын бүлгээс гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ. АН-ын бүлэг 35 гишүүнтэй. Тэднээс 30 нь хуралд оролцож, 27 нь санал өгсөн юм байна. Д.Ганбат гишүүн нэрээ татсан тул тэд 100 хувийн саналаар Р.Амаржаргалыг дэмжсэн аж. Одоо түүний нэрийг ҮЗХ-гоор хэлэлцэнэ. Эдийн засгийн хямралыг даван туулах хүнийг Ерөнхий сайдаар томилж, мэргэжлийн Засгийн газар байгуулах нь фракцаар талцан жижиг улс төр хийхээс илүү чухал хэмээн АН-ынхан санал нэгдсэн юм байна. Тус намын зургаан фракцаас тав нь нэгдсэн гэдэг нь амжилт. Гэхдээ асуудал одоо л эхэлнэ. Учир нь АН-даа нөлөө бүхий “Алтангадас” фракцынхан хүрээний гадна үлдэв. Уг фракцын долоон гишүүнээс Р.Гончигдорж, С.Баярцогт, Г.Батхүү нар төлөөлөл болж Бүлгийн хуралдаа суусан ч санал хураалтад оролцсонгүй. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, А.Бакей, Я.Санжмятав нар бүр ирсэн ч үгүй. Бүлэг дээр Р.Амаржаргалыг дэмжиж байх мөчид “Алтангадас”-ынхан Н.Алтанхуягийнхаа өрөөнд хуралдаж байжээ.

“ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ ОРОНД ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРЧ Л БАЙДАГ”

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан дээр гишүүн Л.Гантөмөр ингэж хэлжээ. Тэрбээр “Засгийн газрыг хэн, аль фракцынхан огцруулсан нь тийм чухал биш. Өмнөх Засгийн газар олон сайн ажил хийсэн. Гэхдээ юун дээр алдсан бэ гэдгийг бид олж, хамтдаа засах хэрэгтэй байна. Одоо хямралыг давах мэргэжлийн Засгийн газар байгуулах нь чухал” гэсэн аж. Мөн С.Эрдэнэ гишүүн “2012 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг ямар нэг фракц биш, Ардчилсан намынхан хэрэгжүүлэх үүрэгтэй” гэдгийг сануулаад эрх ашигт нь нийцэхгүй үед хурал хаядаг муу зангаа болих ёстой гэжээ. Уржигдар болсон бүлгийн хурлыг Н.Алтанхуяг хаяж гарч явсан юм билээ. Энэ мэтээр тэдний яриа фракцын улс төр хийдгээ зогсоож, хямралаас улс орныг гаргах чадалтай улстөрчийг томилох гэдэг дээр нэгдсэн юм байна. Засгийн газрыг нам дотроосоо огцруулсанд “өс санах” цаг биш гэж үзсэн гэсэн үг.

ҮЗХ-Н ДЭЭР БУЖИГНАНА

Харин Н.Алтанхуягийн талынхан тэгж бодохгүй байна. АН-ын түүхэнд Засгийн газрыг хамгийн удаан тэргүүлсэн, багагүй ажил хийсэн даргыг нь түлхээд унагачихсан учраас тэр. Тиймээс тэд эсэрг үүцэх ажиллагаагаа эхлүүлэв. Р.Амаржаргалыг дэмжсэн давалгаа эрчимжээд ирмэгц Н.Алтанхуяг дарга “Ерөнхий сайдыг огцруулах товчлуур дарсан хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй” хэмээн мэдэгдсэн. АН-ын дүрэм ёсоор намын дарга нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлдэг. Гэхдээ энэ удаа ҮЗХ-ноос УИХ дахь бүлэгтээ “Ерөнхий сайдыг тодруулах, Засгийн газрыг байгуулах асуудлаар парламентад суудалтай намуудтай зөвшилцөж шийдэхийг” даалгасан тогтоол гаргасныг Д.Эрдэнэбат дарга онцлон сануулж, уншиж өгсөн юм. Мөн “Бүх зүйл ҮЗХ-ноос өгсөн үүргийн дагуу өрнөсөн” гэлээ. Дараахан нь АН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Байгаль “ҮЗХ-ноос гаргасан тогтоолыг Э.Бат-Үүл тэргүүтэй хурал даргалагч зассан байна.

УИХ дахь бүлэгт зөвхөн Засгийн газрыг байгуулах асуудлаар намуудтай зөвшилцөх үүрэг өгсөн атал энэ хэсэгт “Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах” гэсэн өгүүлбэр нэмсэн гэж зарлав. Үнэхээр ҮЗХ-ны тогтоолыг зассан бол төрийн ажлыг хойшлуулан байж УИХ дахь АН-ын бүлэг хоёр өдөр хуралдсан шийдэл үр дүнгүй болно. Э.Бат-Үүлд ч хариуцлага ногдуулах байх. Р.Амаржаргалын нүүрэнд тодорч байгаа инээмсэглэл ч үгүй болно. Гэхдээ ийм ноцтой зүйл болоод бүтэн долоо хоног улирсан байхад ХЕХ чимээгүй байсан нь анхаарал татна. Тэгснээ Бүлгээс Р.Амаржаргалын нэрийг санал нэгтэй дэвшүүлсний дараа гэнэт “сэрээд” л. Үүнийг Н.Алтанхуягийн ажиллагаа гэдгийг таахад тийм ч хэцүү биш. Мөн 17.00 цагт Гүйцэтгэх зөвлөлийн хурлаа зарласан юм. Улмаар ҮЗХ-г маргааш 17.00 цагт хуралдуулахаар товложээ. Үүгээр “УИХ дахь бүлгийн шийдвэр дүрмийн бус байсан” гэж асуудал хөндөх байв. “Алтангадас”-ынхан УИХ дахь бүлэгтэйгээ, үнэндээ бол бусад таван фракцтайгаа тулаан зарлажээ. Хэрэв Бүлгээс тус фракцын Ч.Сайханбилэг дэмжлэг авсан бол тэд энэ ноцтой мэдээллийг санаа зоволгүй нуугаад өнгөрөх байсан болов уу. Харин Р.Амаржаргал тэргүүтэй “эсэргүү” гишүүн цойлоод ирвэл уг хөзрөөрөө дарж авахаар хадгалж байсан бололтой. Өдий болтол энэ талаар дуугарахгүй явсан нь ингэж дүгнэхэд хүргэж байгаа юм. ҮЗХ-нд “Алтангадас” багагүй нөлөөтэй. Тэгэхээр тэнд жинхэнэ “тулаан” болно. АН-ын фракцуудын мөнхийн зөрчлөөс болоод Монгол Улс Ерөнхий сайдаа тийм ч амархан тодруулахгүй нь ээ.

АН- ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас зарим зүйл тодруулав.

-АН-ын дүрэм ёсоор дарга нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлдэг. Тэгвэл Н.Алтанхуяг дарга Ерөнхий сайдыг огцруулсан хүмүүсийн нэрийг дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Зөрчил үүсээд байгаа юм биш үү?

-Тэр бол намын даргын л байр суурь. Нам болон УИХ дахь бүлгийн дүрэм өөр. УИХ-ын 35 гишүүн бүгд тэгш эрхтэй. Бид дийлэнх олонхоороо асуудлыг эцэслэн шийдсэн. ҮЗХ-ноос “Ерөнхий сайдыг тодруулах болон Засгийн газрыг байгуулах асуудлаар намуудтай зөвшилцөж шийдэхийг Бүлэгт үүрэг болгосугай” гэсэн тогтоол гаргасан. Үүний дагуу ажиллалаа. Ямар нэг зөрчил гарвал ҮЗХ хагална байх.

-Бүлгийн шийдвэрийг ҮЗХ дэмжихгүй бол яах вэ?

-Тийм зүйл болохгүй байх.

mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих