МАХН-ын түр штаб: Бид хэзээ ч “Хувьсгалт” гэдэг нэрнээсээ ичихгүй
Өнөөдөр МАХН-ын түр штаб гэгч байгууллага хэвлэлийн хурал зарлалаа. Тэд МАХН-аа сэргээн байгуулах ажлыгзохион байгуулж эхэлсэн аж.Уг хуралд Н.Удвал, Ц.Шинэбаяр нарын олны танил улс төрчдөөс гадна намын ахмад гишүүд хүрэлцэн ирсэн байв.
Мөн “Даяар Монгол” гэх хөдөлгөөний тэргүүн, Н.Энхбаярын өрсөлдөгчдийг “Хужаа” хэмээн зарладаг З.Эрдэнэбилэг, улс төр судлаач С.Молор-Эрдэнэ нар ч тэдэнтэй нэгджээ.
Сонирхолтой нь МАХН-ыг сэргээнэ хэмээж буй С.Молор-Эрдэнэ нь МНН-ын Сүхбаатар дүүргийн хорооны дарга юм байна.
МАХН-ын түр штабын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
Ц.Сугар
Мэдэгдэл
Олон удаа хэрэглэж сэвтсэн МАН гэсэн нэрийг зориуд зүүн, Монгол орны тусгаар тогтнолыг авчирч, XX зуунд хөгжлийн замд аваачсан МАХН-ын түүхэн үүргийг бүдгэрүүлж, Монголын улс төрд дэх орон зайг нь үгүйсгэн, нэрийг нь устгах гэсэн зохион байгуулалттай улс төрийн увайгүй үйл ажиллагаа явуулж байгааг бид эрс эсэргүүцэж байна.
МАХН-ыг устгах ямар ч боломжгүй. Устах ч ёсгүй. Хэсэг хүмүүс нийлэн МАН болж болно. Тэглээ гээд МАХН-ыг газрын хөрснөөс арчих гэж бүдүүлгээр дайрах нь хэнд хэрэгтэй вэ? Олигархуудад хэрэгтэй юу?, гадаадын уул уурхайн компаниудад ашигтай юу?.
МАХН-ын хувьсгал гэсэн үгийг авч хаях гэсэн оролдлого Монгол оронд явагдсан хувьсгалт бүтээн байгуулалтыг үгүйсгэсэнтэй адил юм. Тухайлбал,
• Эрүүл мэндийн хувьсгал
• Боловсролын хувьсгал
• Соёлын хувьсгал
• Хоршоололын хувьсгал
• Газар тариалангийн хувьсгал
• Аж үйлдвэрийн хувьсгал зэрэг МАХН-ын түүхэн гавъяаг хэн ч үгүйсгэж чадахгүй юм.
МАХН-ын жирийн гишүүд дэмжигчид хөдөө орон нутгаас санал сэтгэгдэлээ илэрхийлж, МАХН-аа аварч, нэрээ ч, гишүүдээ ч авч үлдэе гэсэн хүсэлт тавьж эхэлжээ.
1999 онд МАХН-д МАН-ын жигүүр болж орж ирсэн хүмүүстэй хамтран намын удирдлагууд нийлж МАН нэртэйгээр салан тусгаарлаж буйг бид үгүйсгээгүй. Гагцхүү энэ түүхэн хариуцлагатай МАХН-ыг устгах гэж буйг бид тэвчиж чадахгүй.
МАХН-аа аварч, Монголын улс төрийн тавцанд буцааж байранд нь аваачиж, ард түмнээс хүлээлгэсэн итгэлийг буцааж авах зорилготойгоор намаа аврах түр штаб саяханаас ажилдаа ороод байгаагаа албан ёсоор энд зарлаж байна.
Бид МАХН-ын гишүүдийн бүртгэлийн ажлыг хэд хоногийн өмнөөс явуулж эхэллээ. Цаашид бид МАХН-ын Онц Их хурлыг зарлан хуралдуулахын төлөө ажиллаж байгаагаа мэдэгдэж байна.
МАХН одоо ч байгаа, цаашид байх ч болно. МАХН Монголын ард түмэнтэй хэзээд хамт. үйл ажиллагаагаа үргэлжилүүлэн явуулна.
МАХН-ын Онц Их Хурлын МАХН-ын Түр Штаб
URL: