Наадмын өмнөх Хүй долоон худаг
-Хурдан морьдын уяа ханаж, уяачид наадмын гоёлоо бэлтгэж эхэлжээ-
Олон тэгш ой давхардах энэ жилийн наадам айсуй. Уяачид наадмын өглөөний үүл шинжих өдрийг хоног тоолон хүлээж буй энэ өдрүүдэд тэнгэр хураа, газар шимээ хайрлаж, зун гэж ч зун болж байна. Уяачид гэсний учир нь манай сурвалжлах хэсэг Хүй долоон худаг орчим байрлаж буй Тод манлайгаас авахуулаад тодотгох цолгүй уяачдын галаар буугаад ирсэн болохоор тэр л дээ.
Уяачид л болсон хойно өглөөний нартай уралдаад уяан дээрээ зогсч, морьдоо арчилдаг хүмүүс. Тиймээс Улаанбаатараас өглөө эртлэн гарч Хүй долоон худгийг зорилоо. Эмээлт өнгөрөв үү, үгүй юу замын урд талаар адуу багширч, уяа дүүрэн морьд уясан харагдав. Бүр майхантай, уяан дээрээ гурван морь уясан ч хүмүүс байгаа харагдсан. Гэхдээ шилдэг уяачид замынхаа хойд талаар гал болж гарсан гэж дуулаад шууд л тийшээ давхилаа.
Цагаан хөтөл хавиас эхлээд л асар майхан, монгол гэр, адуу мал багширч байна. Уяан дээрээ багширтал хурдан морь уясан галууд саахалт хүрэхгүй зайтай бууцгаажээ. Ногоон хилэн дэвсгэр дээр танан цагаан гэр барьсныг холоос харахад наадмын өглөө эгшиглэх уртын дуу санагдам. Бид давхисаар хамгийн эхэнд тааралдсан гурван гэрийн гадаа зогслоо.
Гурваар зэрэгцүүлсэн уяан дээр зургаан насны 10 гаруй морь уяжээ. Уяач нь хэзээний уяан дээрээ оччихсон хурдан морьдоо арчилж харагдав. Уяачид багагүй дэг ёстой байдгийг санаж машинаа зайтайхан тавиад уяа руу нь алхлаа. Ногооны үнэр сэнгэнээд, морь тургилж, өвсний шүүдэр гутал норгох нь жинхэнэ хөдөө нутгийн сайхныг илтгэнэ.
Хэдий зун болсон ч хотын агаар нэг л бүгчим байдаг. Харин хотоос 50 километрийн зайд бол агаар нь эм шиг л байна. Энэ зуурыг дотроо тунгаах зуураа уяач эрхэм дээр очиж мэнд мэдлээ. Зорьж яваа учраа ч хэлж хэсэг хөөрөлдлөө. Уяачийн алдар Пүрэвдорж гэнэ. Хөвсгөл аймгийн уяач бөгөөд анх удаа улсын наадамд морь уралдуулж, тоосыг нь харах гэж иржээ. Тэгээд ч 90 жилийн ой тохиож байгаа болохоор улсын баяртаа морь сойж, хийморио сэргээх гэж яваа юм байх.
Тэрбээр “Ах нь алдар цолгүй энгийн л уяач хүн. Улсын баярын чансааг үзэж, мориныхоо хурдыг үзэх гэж ирсэн юм. Аймагтаа бол морь түрүүлүүлж байсан. Бүсийн наадмуудад ч сайхан наадаж байлаа. Бага насны морь айрагдуулж байсан. Харин ойрноос адууны ханиад гараад морьд маань ханиад хүрчихлээ. Хөвсгөлийн өвс энд хийн өвснөөс өөр байдаг бололтой юм. Тэгээд ч тунгалаг голын ус ууж байсан морьдод худгийн ус өгөхөөр таарахгүй байх шиг байна. Болохгүй бол арай гайгүй байгаа хэдийгээ л сойно доо” хэмээн ярилаа.
Ярианы далимд алдар цолтой уяачдын галыг сурагласан боловч тусыг эс оллоо. Холоос анх удаа нийслэлийг зорьж ирсэн болохоор хэнийх хаагуур байгааг мэдэхгүй гэнэ. Тэндээс цааш хөдөлж дараагийн галаар очив. Уяан дээр олон хурдан буян сойжээ. Олон залуус морьдоо арчилж, дусал хийж байгаа нь өнөөх адууны ханиаднаас болсон хэрэг аж.
Уяач Галтаар ахлуулсан тус галынхан зургаан насны 60 гаруй морь сойж байгаа аж. Ихэнх морь нь ханиад хүрээд дусал хийж байгаа гэнэ. Галт гуай урьд нь Товуугийн Энхбатын морьдыг уяж, улсад айрагдуулж байсан аж. Харин сүүлийн жилүүдээс бие даан гал болж, өөрийнхөө хурдан морьдын сойлгыг тааруулдаг болж. Энэ жил хэдэн залуустай нийлж, ахлах маягаар 60 гаруй морь уяж байгаа нь энэ ажээ. Уяж байгаа хүлгүүд нь урьд жилүүдийн наадамд уралдаж байгаагүй битүү морьд гэнэ.
Азарга, соёолон, шүдлэн насны морьддоо найдлага тавьж байгаа гэсэн. Уяа сойлго ерөнхийдөө ханаж байгаа ч ханиалганаас болж зарим морьд нь уралдаж чадахгүйд хүрэх гээд байгаа талаар ч ярьсан юм. Ерөнхийдөө тэр хавиар адууны ханиад тархаад байгаа юм байна. Тэр зуур Галт гуайгаар Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны галыг заалгаж аваад мордов.
Тэднийхээс зүүн тийш нэг давааны цаана байрлаж байгаа ажээ. Нэгэнт морины галаар тойрч байгаа болохоор алдарт шарга азарганы барааг харж, болж өгвөл Тод манлайгаас ярилцлага авах санаа өвөртөлсөөр тэдний галыг зорилоо. Давааны цаад талд мөн л олон цагаан гэр цайруулсан уяачдын гал энд тэндгүй харагдаж байв. Хамгийн захын галд бууж, хэсэг зуур саатлаа.
Сүмбэр сумаас ирсэн Баяраа гэгч залуугийнх аж. 90 жилийн ой тохиож байгаа болохоор зургаан насны морь уралдуулж хийморио сэргээх гэж байгаа юм гэсэн. Адууны ханиад дэлгэрээд байгааг дуулсан болохоор морьд нь ямар байгааг асуугаад амжив. Бас л ханиад тусаад тэвдүүлж байгаа бололтой. Тариа тарьж, дусал хийж эмчилж байгаа гэнэ. Морьдын уяа ханасан, наадам хүлээсэн хүмүүс л сууж байгаагаа хуучилж байлаа. Энэ жил олон тэгш ой давхцаж байгаа болохоор морь уях дуртай, хурдан моринд хайртай, бас ч үгүй орон нутагтаа нэртэй уяачид нийслэлийг зорьж, газар газрын алдарт хурдан хүлгүүдийн тоосыг харах гэж ирсэн аж.
Тийм залуус баруун талаар л дүүрэн байна. Баяраагийн урдхан талд том цагаан гэртэй, уяагаараа дүүрэн морьдтой уяачдын гал харагдаж байлаа. Галт гуай Тод манлайнхыг зүүн талд гэж заасан болохоор дотроо мөн байж гэж бодлоо. Тэндээс хөдлөөд яаран давхиж очвол 2010 оны шилдэг уяач С.Ганзориг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн уяач А.Отгонбаярын гал аж.
Уяач С.Ганзориг хурдан морины хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гээд хот явсан байлаа. Харин А.Отгонбаяр уяач эрэлд явсан гээд эзгүй байв. Уг нь А.Отгонбаяр уяачийн уяж хурдлуулсан хар азарга өнгөрсөн жилийн наадамд найм, “Их Хурд-5” уралдаанд аман хүзүүнд, “Хотгойдын хурд” даншиг наадамд түрүүлсэн хурдан буян юм. Уг нь залуу уяачийг гал дээрээ байсан бол хар азарганых нь тухай хууч хөөрөх байсан ч чадаагүйдээ жаахан өөртөө гоморхов.
Нэгэнт уяачид нь эзгүй болохоор тэнд удаан саатсангүй. Морьдоо арчилж байгаа залуус адууны ханиадны талаар л ярьж байсан. Тэдний галаас зүүхэн талд Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны гал байгаа харагдсан. Морь арчилж байгаа залуусаар заалгаад шууд яваад очлоо. Гал дээр очиж байх зуур алдар шарга азарга тэжээлийн уутнаас овъёос идсэн шиг сул зогсч харагдав. Энэ жил уралдах эсэх нь эргэлзээтэй байгаа шарга азаргаа Тод манлай ямар ч байсан овъёосоор тэжээж байгаа аж.
Очсон даруйдаа унаач бололтой хүүгээс Э.Эрдэнэчулуун уяачийнхыг сурлаа. Гэвч Тод манлай уяач бас л эзгүй байв. Сураг дуулах нь ээ хот явсан бололтой юм. Морь арчилж байгаа залуус дээр очиж хэдэн юм асуусан ч бүтлийг эс оллоо. Огтоос дуугарахгүй юм билээ. Шарга азарга уралдах эсэхийг шалгаагаад ч ам алдуулж чадсангүй. “Уралдахгүй байх аа” гэсэн товчхон хариулт өгсөн.
Э.Эрдэнэчулуун уяач энэ жил зургаан насны 60 гаруй морь уяж байгаа аж. Соёолон насандаа улсад айрагдсан бор морь, 2009 онд улсын наадамд айрагдсан хүрэн азарга гээд тэдний уяан дээр улсад данстай хурдан буянууд сойлгоостой байна. Мөн шарга азарганы төл болох хул шүдлэн үрээг энэ жилийн наадамд уяж байгаа гэсэн. Уяанаас буцах замдаа унаач хүүхдүүдээс шарга азарга уралдах талаар асуухад ам алдах шинжгүй. Хэлж болохгүй гэж захисан байх л даа.
Гэхдээ нэмэлт тэжээл өгч байгаагаас бодвол уралдаж магадгүй юм. Хүмүүс ч гэсэн тэгж яриад байгаа. Тэр хавиар зусч байгаа алдарт болон манлай уяачийнх дуусахгүй юм аа. Э.Эрдэнэчулуун уяачийнхаас хойхно талд манлай уяач Д.Оюунбилэгийн галынхан байрлаж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн жилийн наадамд азарга түрүүлүүлж, “Их хурд-5” уралдаанд их насны морь айрагдуулсан эрдэмтэй уяач.
Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд улсын чанартай наадмаас хоёр түрүү, гурван айраг хүртсэн юм билээ. Тэдний галыг зорьсоор очвол морьдоо дөнгөж уяж байгаа аж. Том гэрийн үүдэнд зогсох залуустай мэндлээд, Д.Оюунбилэг уяачийг сураглавал бас л эзгүй байлаа. Наадмынхаа гоёог бэлдэх гээд хот явсан гэнэ. Өнөөх хэдэн залуустай их гэрт орж айраг уунгаа жаал хууч хөөрлөө.
Энэ жил зуншлага сайхан болохоор морины уяа сойлго ханаж гүйцсэн гэнэ. Уяачдын ажил дуусаад хот явж наадмын гоёлоо бэлтгэх ажлаа л хийж байгаа аж. Хоёр сунгаа болоод өнгөрсөн болохоор одоо их сунгаанд л бэлдэж байгаа гэнэ. Хаа сайгүй байгаа адууны ханиад эдний галыг ч тойроогүй аж. Ханиад бага хүрсэн болохоор Дорнодынхон л гайгүй уралдах болов уу гэж ярьж байлаа.
Тэднийхээс гарч хамгийн сүүлчийн найдвар болох Алдарт уяач Т.Ихбаярынхыг зорилоо. Т.Ихбаяр гэртээ байгаа нь гарцаагүй гэсэн мэдээг өнөөх хэдэн залуугаас сонссон болохоор тийшээ зүтгэсэн хэрэг. Улсын наадамд айрагдаж байгаагүй ч олон даншигт түрүүлсэн Соёмбо хүрэн азарганы эзэн болохоор тийн сонирхсон юм.
Т.Ихбаяр уяачийн гал дээр очиход хэдэн залуус, хүүхдүүд уяаны шонгоо сэлж байлаа. Т.Ихбаяр уяач байгаа эсэхийг асуувал зүүн гэрт унтаж байгаа гэв. Ажил нь дуусаад ойрдоо амарч байгаа бололтой юм. Шон сольж байгаа залуустай хуучлах зуураа эхнэрээр нь алдарт уяачийг дуудуулав. Нэг их удалгүй Т.Ихбаяр уяач уяа руугаа алхсаар ирлээ. “Шөнө айл нүүлгэж, наадмын талбайд гэр барьсаар орой болгосон болохоор нэлээд унтчихаж” хэмээлээ. Бид ч зорьж яваа учраа хэлж, ярилцлага авахаар болсон юм.
Алдарт уяач Т.Ихбаяр: Соёмбо хүрнээ улсад түрүүлж, айрагдахыг харахыг хүсдэг
-Та сайхан зусч байна уу. Морьдын уяа сойлго ямар байна?
-Сайхан л зусч байна. Энэ жил зуншлага сайхан болохоор санаа зовох юмгүй сайхан байна аа. Зургаан насны 40 гаруй морь уяж байгаа. Морьдын сойлго ханаж эхэлж л байна.
-Ганцаараа 40 морины уяа сойлго тааруулна гэдэг амаргүй байх шүү?
-Тийм ч хэцүү биш ээ. Угаасаа хийгээд сурчихсан, тэгээд ч хүүхдүүд, найзууд маань туслаад болдог юм. Одоо бол бүр хоёр сунгаа болчихсон. Аль морь нь ямар байгааг мэдчихсэн болохоор би чинь санаа амар унтаж амраад л байж байна шүү дээ. Энэ хавиар бас адууны ханиад гараад байгаа. Морьдоо эмчлэх л ажилтай байх шиг байна.
-Ямар насны мориндоо илүү найдвар тавьж байна?
-Гайгүй давхих болов уу гэмээр морьд бий бий. Би азарга уядаг байсан болохоор азаргандаа л илүү найдлага тавьж байгаа.
-Та хэдэн жил морь уяж байгаа вэ?
-Найман жил морь уяж байна. 20 настайгаасаа л Д.Онон уяачтай хамт морь уяж эхэлсэн. Д.Онон ах чинь миний багш. Тэр хүнээс олон юм сурсан. Тэднийд нэг настайгаасаа эхлээд л амьдарсан. Бараг л хүүхэд нь аятай л явдаг байлаа. Бүр багаасаа л морь уяхыг харж, суралцаж байлаа. Морь унахаас л эхэлсэн. Морь зөв унаж, хөлсийг нь зөв гаргах хэрэгтэй. Түүнээс эхлээд уях эрдэмд суралцаж эхэлсэн. Бие дааж найман жил морь уяхад энэ эрдмийг багагүй л сурдаг юм байна. Тэгээд ч багаасаа морь малтай ноцолдож өссөн болохоор цаанаасаа моринд дуртай байдаг юм. Гэхдээ сурчихсан гэж хэлэхэд ч хаашаа юм. Д.Онон ахынхаа зааж өгсөн зүйлсийг л дагаад л явж байна.
-Таны хүрэн морь улсад айрагдаж байсан. Энэ жил уяа сойлго ямар байна?
-Хүрэн морины уяа сойлго сайхан таарч байгаа. Ер нь дээгүүр давхих болов уу гэж бодоод л байж байна. Ер нь уяач хүн чинь уяж байгаа бүх л морьдоо сайн уралдана л гэж харна шүү дээ.
-Одоо морьдын уяа ханаж байгаа биз?
-Ер нь дөхчихсөн дөө. Одоо хоолыг нь тааруулаад, жаахан хөлс аваад л болох байх. Бүтэн жилийн хөдөлмөр юм чинь нэлээд хичээнэ дээ. Бүтэн жилээс дөрөвхөн хоног үлдэж байна. Тийм болохоор энэ дөрвөн хоногт л жинхэнэ эрдмээ гаргах л хэрэгтэй болно.
-Соёмбо хүрэн азаргаа энэ жилийн наадамд сойж байгаа юу?
-Соёмбо хүрэн азарга энэ жил уралдахгүй. Ноднингийн наадмаар уралдаж байгаад хөл нь гэмтсэн юм. Тэр бэртэл нь сайн эдгэрээгүй байгаа. Тийм болохоор энэ жилдээ өнжөөж байгаа.
-Уг нь 90 жилийн ой болж байгаа юм чинь тоосыг нь үзсэн бол яах ч байсан юм билээ. Үнэхээр болохооргүй байна уу?
-Уг нь олон том тэгш ой тохиож байгаа болохоор уралдуулсан бол сайхан л байлаа. Гэхдээ энэ жилдээ өнжөөхгүй бол болохгүй болоод байна аа.
-Соёмбо хүрэн улсын наадамд айрагдаагүй санагдаж байна?
-Хамгийн дээгүүр давхцсан нь есөд орж байлаа. Уяач хүн болохоор Соёмбо хүрнээ улсад түрүүлж айрагдахыг харахыг хүсдэг л юм. Би уяа сойлгоо жаахан дутаагаад байна уу гэж боддог. Нэг хэсэг азарганд жаахан хатуу байсан. Олон сайхан азарга наадмын үеэр осолдож байлаа. Түүнээс болж улсад азарга орохгүй байна уу гэж хааяа боддог л юм.
-Соёмбо хүрнийг та хаанаас авсан юм бэ?
-Манай аав Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Баянбараатын хүн. Нэг удаа аав бид хоёр Хөвсгөл руу Жамбага гуайнд очсон юм. Жамбага гэдэг нь аавтай маань тоглож өссөн багын найзууд юм. Гэтэл “Нутгийн найзын хүүхэд ирлээ. Уяач болж байгаа гэсэн. Хүний морь уяад яах вэ. Өөрийн гэсэн хурдан морьтой бол. Сайн адуу өгөхгүй бол болохгүй. Миний дүү нэг үрээ ав” гэсэн юм. Тэр үед нэг хүрэн үрээ нь Төв аймгийн 80 жилд шүдлэндээ аман хүзүүдсэн байсан юм. Тэгэхээр нь “Хүрэн үрээг чинь л авна даа” гээд хэлчихсэн чинь амласан болохоор юугаа харамлах вэ гээд өгсөн юм. Тэр нь соёмбо хүрэн. Тэр хүн надад энэ сайхан хүлгийг хайрласан болохоор сүсэглэж л явдаг юм.
-Олон даншигт түрүүлсэн байх шүү?
-Таван даншигт түрүүлж байсан. Хоёр даншигт тасархай түрүүлж байлаа. Уг нь нас гайгүй. 12 л хүрч байгаа. Ид уралддаг л нас. Азарга 15 нас хүртлээ уралдана. Ирэх жилээс аятайхан болох байх. Тэгвэл л сайн уяна даа.
-Та бусад галаараа явж морь шинжиж байгаа байлгүй. Аль галын морьд уяа сойлго сайтай байна?
-Д.Оюунбилэг гуайнхны морьд, Энхтайвны морьд л гайгүй байна. Батболдын зээрд азарга өнгөтэй харагдана лээ. Ер нь л уяа нь сайхан таарч байгаа болов уу гэмээр морь зөндөө л байна. Ноднингийн наадам, “Их хурд” уралдаанд дээгүүр давхисан Тайж халтар, Отгонбаярын хар гэсэн азарганууд байгаа. Сунгаанд тийм ч сайн давхихгүй байна билээ. Яасан юм бүү мэд. Гэхдээ нударгатай хүлгүүд улсын наадамд гараад ирэх байлгүй дээ.
-Таны уяж байгаа морьдоос хоёр сунгаанд яаж уралдав?
-Хоёр гурван азарга гайгүй давхисан. Түрүү азаргатай холбоотой л ирсэн. Бага насны морьд ч гэсэн гайгүй давхисан байгаа.
-Хоёр сунгаанаас морьдынхоо уяа сойлгыг шинжиж байна уу, их сунгаанаас харах уу?
-Ерөнхийдөө дунд сунгаанаас мэдэгддэг. Тэндээс л өөр өөрсдийнх өөрөө морьдоо шинжиж, тэрний морь сайн байна гэдгээ хэлэлцэнэ шүү дээ. Одоо тэгээд нойргүй явах нь явж, морьд нь гайгүй байгаа нэг нь өөр ажлаа хийгээд л явна даа.
-Та одоо унаган хурдан адуу бий болгож байгаа биз?
-Өөрийнхөө унаган адууг уралдуулах нь уяач болгоны л зорилго байдаг. Би ч гэсэн унаган хурдан адуу бий болгох санаатай л үзээд байгаа. Бас ганц нэг “юм” гарч ирж байгаа. Яваандаа болох байх.
-Энэ жилийн наадамд унаган адуунаасаа сойж байгаа юу?
-Гурав, дөрвөн адуу уралдана. Азарга, соёолон, шүдлэн насны морьд сойж байна. Урьд улсын наадамд уралдаж байгаагүй битүү морьд байгаа.
-Манай УИХ-ын гишүүд, нэртэй бизнесмэнүүд уяачдаар морио уяулдаг. Танд тийм захиалга ирсэн үү?
-Би тийм ажил хийдэггүй юм. Харин хэдэн найзуудынхаа морийг л уяж байгаа. Дундговийн хэдэн залуучууд байдаг юм. Тэднийхээ морийг л уяа сойлгыг нь тааруулж, улсад гайгүй уралдуулчих санаатай үзээд байна.
-Уяач хүн энд тэндээс хурдан морь худалдаж авч л таараа. Сүүлийн үед аль зүгээс хурд авч байна?
-Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас хэдэн адуу авчирсэн. Сүүлийн хоёр жилийн улсын наадмын түрүүг энэ нутгаас авсан шүү дээ. Түүнийгээ бодсон ч энэ нутагт хурд их байгаа. Мөн Сүхбаатар, Хэнтий аймгаар явдаг. Тэгээд хаана л хурдан морь байна гэвэл тийшээ л явна шүү дээ.
-Үнэ цохиж авна биз?
-Нэг их үнэ цохиж авахгүй ээ. Өөрийнхөө даах хэмжээгээр л хурдан адуу худалдаж авдаг юм. Энэ тэрүүгээр явж байгаад л сэтгэлд таарвал үнэ тохироод авдаг л юм.
-Уяачид бие биенийхээ уяагаараа орж, зөвлөгөө өгөх тохиолдол байх уу?
-Сунгаан дээр л шинжиж хэлдэг. Энэ морь чинь л уяа сойлго овоо дөхөж байгаа юм гэж. Түүнээс биш шууд уяан дээр ирээд хэлнэ гэж байхгүй л дээ. Тэгээд ч өөрөө уяагүй морийг шууд мэддэг хүн гэж байхгүй. Сунгаан дээр л давхилыг нь хараад зүтгэж мэдэх нь гэж шинждэг юм. Тэр мөр сайн гэсэн, энэ жил гайгүй давхих байх шүү. Сунгаан дээр гайгүй давхиж байна билээ гэж нэгэндээ ярина. Иймэрхүү маягаар л шинжинэ шүү дээ.
-Бөхчүүд, уяачид наадмын гоёогоо бэлддэг юм билээ. Та яаж бэлдэж байна?
-Гоёо гэж бэлдээд сүйд болдоггүй. Юугаа ч бэлдэх юм билээ. Сайхан морь унаад, эмээл, хазаартай бол болно л гэж боддог. Дээл хувцсаа бэлдчихсэн байгаа. Би чинь залуу хүн болохоор нэг сүрхий гангарах гээд байдаггүй юм. Монгол цамц өмсөнө. Хааяа дээлээ өмсөнө. Тэгээд л болдог юм.
-Таны адуунаас соёмбо хүрний шийрийг хатаах хурдан ажнай төрөх шинж байна уу?
-Яваандаа гарах л байлгүй дээ. Одоохондоо мэдэгдэх юм алга. Гэхдээ соёмбо хүрэн ч арай л өөр шүү. Сунгаанд явуулахад ганцаараа тасарч ирдэг. Одоо ч тиймэрхүү морь харагдахгүй л байна шүү. Тэгээд ч монгол, эрлийз гээд хуваачихаад байгаа. Гэтэл сунгаандаа хамт уралдуулсан. Хаагуур нь ч эрлийз нь яваад байгаа юм, бүү мэд. Учир нь олдохгүй л сунгаа болсон. За яах вэ, Монголдоо гуравт орлоо л гэнэ. Би ч юугаа ч мэдэхгүй л байгаа шүү.
-Эрлийз гэснээс энэ жилийн наадмаар тусад нь уралдуулахаар болсон. Тэгэхээр уралдаан арай л өөр болох байлгүй?
-Нэлээд өөр болно. Одоо бол яг аль нь монгол адуун дундаа илүү хурдан байгаа нь мэдэгдэхгүй байгаа шүү дээ. Эрлийзүүд нь тэртээ тэргүй дээгүүр давхиж байгаа юм чинь. Их нас, азарга ч яах вэ ихэнх нь монгол юм болохоор мэдэгдээд байгаа. Бага насны морьд одоо бол мэдэгдэхгүй байгаа. Сунгаагаар эрлийзүүд нь түрүүлсэн болохоор яг уралдаан дээр яахыг мэдэхгүй л байна.
-Монгол адууг холын зайд сайн давхидаг гэдэг. Тэгсэн хэрнээ эрлийз адуунд хавьтахгүй байгаагийн учир юунд байна?
-Эрлийз гэдэг чинь хурдны чиглэлээр хөгжүүлчихсэн адуу юм. Гадаадынхан чинь олон зуун жилээр хурдан морь үржүүлээд, хөгжүүлээд, өсгөдөг юм билээ. Тийм адуутай жирийн монгол адуу уралдана гэхээр яаж гүйцэх вэ дээ. Гэхдээ миний соёмбо хүрэн Өндөр гэгээний даншгаар эрлийз азаргатай зуу зай холбож ирж л байлаа. Бараг л дийлж уралдсан. Тэгээд бодохоор энгүй хурдан хүлэг юм даа.
Н.Пунцагболд
Эх сурвалж: “Монголын мэдээ”
URL: