Арьс ширний үйлдвэрүүд Туул гол руу хаягдлаа цутгасаар байна

olloo_mn_1415758800_tuul

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн долоо хоногт ”Туул голын усыг унданд хэрэглэх боломжгүй болсон” талаар мэдээлэл хийсэн билээ. Уг мэдээлэлд Туул голын бохирдол нийслэл хотын баруун захад байх Төв цэвэрлэх байгууламжаас цааш буюу Сонгины гүүрнээс цааш маш их бохирдолтой, дээгүүрээ бага хэмжээний бохирдолтой“ хэмээн дурьдсан байсан. “ММ-ийн сурвалжлах баг энэ асуудлыг хөндлөө.

Арьс ширний үйлдвэрүүд Туул гол руу хаягдлаа цутгасаар байна

Бид “асуудалтай” байж болох эхний газраараа Зайсан орчмын орон сууцны хороолол, тэр дундаа Хавай таун хэмээх “асуудалтай” газар, хуучин Арьс ширний үйлдвэрийн орчмыг сонгосон юм. Энэ газрыг сонгож авсан нь ч учиртай. Жилийн өмнө “Хавай таун” гэх сүржин нэртэй ч орон сууцны ганц  барилгад сурвалжлагаар очиход бохирын цооног нь халиад урдхан талд нь ухаад орхисон барилгын суурь руу орж, ойр орчимд нь хүн байж суухын эцэсгүй байдалтай байсан юм.

Хоёр сарын өмнө “Хавай таун”-ын орчимд бохир ус Туул гол руу шахаж байна” гэсэн мэдээлэл зураг хөрөгтэйгөө цахим ертөнцөд шуугиан тарьсан. Албаны эх сурвалж “Туул гол руу бохир асгаагүй. Барилгын ажилтай холбоотойгоор хөрсний усыг шавхан асгаж байгаа. Тэр хавийн хөрс нь хар шороо, нүүрсний нунтаг хогтой, мөн насосоор соруулж байгаа болохоор булингартай харагдаж байна” гэсэн тайлбарыг өгсөн байсан юм.

Биднийг очиход “Хавай таун”-ы урд байсан бохироор дүүрсэн байсан суурин дээр байшин баригджээ. Барилга барихын тулд бохирыг зайлуулах ёстой, гэхдээ барьж эхлэхээсээ өмнө ингэдэг гэдэг нь хэнд ч ойлгомжтой. ;;Гэтэл ойр хавьд нь “гишгэх ч газаргүй” болтлоо барилгажсан Хавай тауны хажууд хэд хоногийн турш хөрсний ус шавхаж байсан нь хачин. Хууль журмаараа бол хөрсний ус шавхахад ч гэсэн холбогдох байгууллагаар дүгнэлт хийлгэж, зөвшөөрөл авч байж хийх ёстой байдаг. Гэвч Туулын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дүрэм журмыг үл тоодог гэнэ.

Ингээд бид голоо уруудлаа. Замдаа гол руу орсон бохирын цооног хайж явсан нь мэдээж. Далан дагуу 100 орчим метр яваад л “Туул гол. 50 метр онцгой хамгаалалтын бүс, онцгой хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн бичиг бүхий пайз хадсан шон тааралдана.

Далан дээгүүр том оврын ачааны машин, бетон зуурмагийн машинууд байсхийгээд зөрөх. Том машин олон жил явснаас нарийн нунтаг шороо нь ил гарч, явган явахын аргагүй болжээ.

Уг нь Онцгой хамгаалалтын бүсээс гадагшаа энгийн хамгаалалтын бүс гэж бас бий. Энэ талаар Усны тухай хуулийн  22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” хэмээн тодорхой зааж өгсөн байдаг.

Гэтэл Зайсан орчмын гял цал болсон таун хауснууд Туул голтой хаяа дэрлэжээ. Далантайгаа шууд залгачих юм. Сонгуулийн дараа, нийслэлийн шинэ удирдлага “Туул голын орчимд барилга бариулахгүй” хэмээн мэдэгдэж, хэд хэдэн барилгыг “нураана” гэж байсан билээ. Гэвч ажил хэрэг болсонгүй. Туул голын эргээр барилгажилт явагдсаар байна. Эдгээр орон сууцнууд нь бүгд гаднаа хогийн цэгтэй байхаар зохион байгуулагдсан байдаг. Байшин болгон нь гаднаа хашаатай, хашаагүй нь хогийн цэгтэй.

Зундаа хогны ялзарч, өмхийрсөн үнэр үнэртдэгээс болоод гадаа суухаас ч хэцүү байдаг тухай оршин суугчид нь ярих юм билээ. Орон сууцны конторууд хүлээж авахаас татгалздаг учраас ихэнх нь эзэнгүй мэт орхигдсон байдгаас үүдэн энэ хавьд Усны тухай хуулийн эрүүл ахуйн бүсийн талаарх заалт мөрдөгдөхгүй байна. Дээр дурьдсан “Хавай таун”-ы хогийн цэг л гэхэд Туул голын далантай яг залгаа байх жишээтэй. Ер нь тэр хавийн “таун” хэмээх томдсон нэртэй байшингуудын тоогоор ил хогийн цэг байгаа гэж ойлгочих.

Хог юм чинь элдэв мэрэгч амьтан байж таарна. Зун болохоор тэр хавийн гэлтгүй хотын бүх борооны ус Туул гол руу цутгадаг гэж бодохоор харамсмаар. Далан дагаж явах аргагүй болсон учир голынхоо салаа руу орлоо. Хавай тауны орчимд таарсан нутгийн эр “Бохир асгаж байгаа бол салаа руу л асгаж байгаа, их голоо дагаад нэмэргүй” гэж хэлснийг ч санаж, цаашид салаагаа дагахаар шийдэв. Салаа гэдэг нь голын хатсан сайр мэт боловч, хайрга чулуу биш, малын өтөг бууц гэмээр, имэрч үзэхэд нуугиран бутрах шар өнгөтэй зүйлээс тогтжээ.

Маш сийрэг, зүйрлүүлж хэлбэл, уушгин чулуу, хөөс шиг бүтэцтэй учраас чангахад гишгэхэд амархан цөмөрч орох юм. Ямар ч байсан байгалийнх биш, ямар нэг бохирт агуулагдаж байгаад тунан тогтсон гэмээр ажээ. Энэ бодлыг батлах мэт өмхий үнэр үе, үе үнэртэх боловч цооног, ил ус харагдахгүй л байлаа. Гэвч Хавай таунаас баруун тийш хагас км орчим яваад амжилтад хүрч, эхний хоолойгоо оллоо. Ус гоожиж барьсан юм байхгүй, гэхдээ үе, үе ашиглагддаг болох нь илэрхий.

Бид сүүлд Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн С.Сүхбатаас энэ талаар тодруулахад “Суваг гаргачихсан л байгаа бол ашигладаг гэсэн үг л дээ. Байнга биш ч гэсэн бидэнд мэдэгдэлгүй урсгадаг байх магадлалтай” гэсэн билээ.

Цооног олж урамшсан бид цааш явсаар холгүйхэн дахин нэг цооног олов. Хуурай сайр үргэлжилж байснаасаа ус гэнэт газар доороосоо гэмээр гараад ирсэн юм. Учрыг магадлахаар ойр хавьд “үзлэг” хийж байгаад газар доор байгуулсан байгууламжийн орой болох нь тодорхой харагдах газраас 40 орчим см цухуйсан цооногийг олов.

Туул голын далан дотор, салааных нь доор байгууламж барьчихсан байдаг юм байна. Хоолойн амсарт нүүрээ наан үнэртвэл санаа дагаад тэр ч юм уу өмхий байх аж. Чухам энэ байгууламжаас хэдхэн метрийн цаана ус газар доороос гарч ирэн цааш урсч байсан билээ. Ингээд бид хуучнаар Арьс ширний үйлдвэрийн ойролцоо ирсэн байв.

Хуучнаар арьс ширний үйлдвэрийн хашаанд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүд хаягдал усаа шууд Туул голд нийлүүлэхээ больсон гэж мэдэгддэг билээ. Төв цэвэрлэх байгууламжийн удирдлага бохироо бүрэн цэвэрлэж чадахгүй байгаа шалтгаанаа “Арьс ширний үйлдвэрүүдээс ирсэн хаягдал ус”-тай холбон тайлбарладаг, Арьс ширний үйлдвэрлэлийн холбооныхон ч “Туул гол руу хаягдлаа шууд цутгахаа больсон” гэсэн мэдэгдлийг байнга хийдэг зэргээс үүдээд “Арьс ширний үйлдвэрүүдийн хэлсэн нь үнэн юм байна” гэсэн ойлголт нийгэмд төрөөд байсан.

НМХГ-аас хамгийн сүүлд гаргасан дүгнэлтэд ч “Сонгины гүүрээс доошхи голын усны бохирдол тавдугаар зэргийн буюу  эрс бохирдолтой, дээд хэсгээр буюу Сонгины гүүрээс дээш бага бохирдолтой” гэсэн байсан. Гэвч үнэндээ дээд хэсгээр ч маш их бохирдолтой байна. Бид арьс ширний үйлдвэрийн орчимд очоод хаягдал усаа хашаанаасаа шууд Туул гол руу урсгаж байгаа харамсалтай дүр зургийг олж харсан билээ.

Арьс ширний үйлдвэрлэл манай экспортыг нэмэгдүүлэх гол эх үүсвэрийн нэг нь үнэн. Төрөөс ч энэ салбарыг тодорхой хэмжээгээр дэмжиж, хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулж байгаа. Арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны удирдлага ч “Манай салбар сэргэн мандалтынхаа гараан дээр ирээд байна” гэсэн бардам мэдэгдэл хийдэг. Гэвч ачир дээрээ хэдэн ногоон олохын төлөө байгаль эхээ хайр найргүй сүйтгэж байгаа гашуун үнэнийг олж мэдэв.

Төрөөс Арьс ширний үйлдвэрүүдийг нийслэлээс гаргах бодлого аримталж, ажил хийж эхлээд байгаа. Нийслэлээс алс баригдаж буй уг цоцолборын ажил 60 хувьтай явагдаж байгаа юм билээ. Гэвч “Удахгүй нүүх юм чинь” гэж байгаа юм шиг ханджээ. Төв цэвэрлэх байгууламжийн зүгээс хаягдал усныхаа бохирдлын хэмжээг тодорхой хэмжээнд барих шаардлагыг арьс ширний үйлдвэрүүдэд тавьдаг, тиймээс шаардлага хангахгүй, өөрөөр хэлбэл дэндүү их бохирдсон усаа Туул гол руу шахаж алдаа гаргадаг аж.

Бид энэ талаар Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн С.Сүхбатад энэ талаар дуулгахад тэрбээр эхэндээ “Шавхаргын ус байх аа даа. Хаягдлаа яг Туул гол руу шууд цутгаж байгаа газар бол нэг ч байхгүй. Барилгын ажил хийж байгаа компаниуд хөрсний ус шавхах явдал гардаг. Энэ ажлаа зохих журмын дагуу хийх ёстой ч худгайгаар хийх тохиолдол гардаг” гэсэн тайлбарыг өгсөн ч зураг илгээсний дараа “Арьс ширний үйлдвэрээс урсч гарч байгаа нь үнэхээр ноцтой зураг байна.

Үе, үе хулгайгаар урсгаж байгаа бололтой. Арьс ширний үйлдвэрлэгчдийн холбооны захирал Т.Баярсайхан саяхан Үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа “Туул гол руу бохироо хаяж байгаа нэг ч үйлдвэр байхгүй” гэж яриад байсан. Гэтэл үгүй байж” хэмээсэн юм. Тэрбээр мэдээллийн мөрөөр арга хэмжээ авна гэдгээ бидэнд мэдэгдсэн юм.

Төв цэвэрлэх байгууламж бохирыг 88-93 хувь цэвэршүүлдэг нь худлаа

Бидний дараагийн очсон газар Төв цэвэрлэх байгууламж. Нийслэлээс гарсан бүх л бохирыг ариутган шүүх үүрэгтэй энэ байгууламж ажлаа дийлэхээ болиод уджээ. Улаанбаатарыг 500 мянган хүнтэй байхаар бодож төлөвлөхдөө цэвэрлэх байгууламжийг ч дээрх тооцоогоор хийсэн гэдэг. Гэвч нийслэлийн хүн ам 2.5 дахин нэмэгдсэн, химийн хортой бодис ашигладаг эх үүсвэрүүд ихэссэнтэй холбоотойгоор сүүлийн үед усаа цэвэршүүлж чадахаа больжээ.

100 хувь цвэрэшүүлэх ёстой байсан бохир усыг одоогоор 88-93 хувь хүртэл цэвэршүүлээд Туул гол руу урсгадаг болсон гэнэ. Гэвч албаныхан л тэгж хэлдэг болохоос үнэн хэрэгтээ 50 хувь ч хүрэхгүй байгаа аж. Одоо л ийм болчихсон ч юм биш, дээр үед ч 70 орчим хувь цэвэршүүлдэг байжээ. Тухайн үед бохирын хэмжээ бага байсан учраас тийм байж. Харин одоо зөвхөн нэг станц дээр нь 70-80 мянган м3, нөгөө дээр нь 120-150 мянган м3 бохир ус ирдэг болсон учир /стандарт хүчин чадлаас нь 3 дахин их/ ачааллаа дийлэхээ больж, зөвхөн биологийн цэвэрлэгээ хийгээд механик цэвэрлэгээ хийж чадахгүй байгаа гэнэ. Яг одоогийн байдлаар 40 гаруй хувьтай л цэвэршүүлж байгаа юм байна.

Туул гол бол нийслэлчүүдийн ундны усны гол эх үүсвэр. Нийслэлээс хойшоо Төв аймгийн Алтанбулаг хүртэл хүн мал ундаалдаг. Ийм байхад 88-93 хувь цэвэршүүлдэг гэсэн хоосон пи ар хийж эрсдэл үүсгэх хэрэг байна уу. Мэргэжлийн хяналт сая Сонгины гүүрнээс дооших хэсгээс ямар ч байдлаар хэрэглэж болохгүй гэж дүгнэлт гаргасан нь сайн хэрэг. Магадгүй энэ дүгнэлт нь 88-93 худлаа тоо гэдгийг баталж байх шиг байна.

Нэгэнт НМХГ-аас “Туул голын Төв цэвэрлэх байгууламжаас дооших хэсгийн усыг унданд байтугай ахуйн зориулалтаар ч ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан учир ус ямар байгааг зөвхөн зургаар үзүүлээд, энэ байгууламжийн бас нэг “аюул” болсон үнэрний асуудлыг хөндөж байна.

Төв цэвэрлэх байгууламж нь нийслэлээс ирсэн бохир уснаас лагийг шүүж авдаг, шүүж авсан лагаа гадаа байгалийн аргаар хатаагаад ачдаг хуучирсан технологитой. Тиймээс зуны улиралд энэхүү лаг нь салхины дагуу үнэртэж ойр орчиноо аюулд учруулж байдаг аж. Үнэр гэдэг бол бактери. Бохирын үнэр буюу бактери хүний уушгинд ороод өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Бид Төв цэвэрлэх байгууламжийн чанх хойд талд байх Хүнс трейдийн 48 айлын байрны иргэдээс Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй үнэр хэрхэн нөлөөлж байгаа талаар сонирхсон юм.

Тус байрны иргэн н.Раднаа “Хортойгоор нөлөөлж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж байгаа ажилчдыг хортой нөхцөлд ажилладаг гээд хорыг нь тайлах гэж өдөр бүр нормын сүү өгдөг биз дээ. Гэтэл тэр үнэр наашаа орж ирж байна гэдэг чинь эндхийн иргэд бас хортой нөхцөлд амьдарч байна гэсэн үг. Гэхдээ энэ наад захын хэрэг.

Удахгүй хот тэр даяараа төв цэвэрлэх байгууламжаас гарсан өмхий үнэрт хордоно. Яг энд ирж үзээгүй болохоор хотын төвийнхөн мэддэггүй байхгүй юу. Тэрнээс биш 3-4 дүгээр хорооллын эцэст ч үнэртдэг. “Баячуудын” гэж нэрлээд байдаг Зайсангийн гоё хауснуудын ихэнх нь төвийн шугаманд холбогдоогүй. Машинаар зөөж Туул гол руу асгадаг. Өрөвдмөөр шүү дээ. Ер нь энэ байдлаараа Улаанбаатар сүйрэхэд бэлэн байна” гэж ярив. Иргэдийн ярианаас Төв цэвэрлэх байгууламжийн үнэр сүүлийн хэдэн жилд улам нэмэгдсэн гэнэ.

Бүгд л өмнө нь хаяа л нэг үнэртдэг байсан бол одоо бараг л өглөө болгон үнэртэх болсон талаар ярих аж. Энэ нь салхины чигтэй илүү хамаатай гэмээр боловч, үнэр улам хурц болж байгаа гэдэг нь асуудал юм. Иргэн н.Дулмаа “Манайх энд олон жил болж байна. Өмнө нь гайгүй байсан, сүүлийн үед арай их үнэртэж байна. Өглөө нялх хүүхэд шуухад салхилуулах болдог.

Гэтэл өглөөгүүр урдаасаа салхилж таарах юм” гэсэн юм. Туул голын бохирдолд ч, ойр орчмынхоо иргэдийн эрүүл мэнд, ахуй амьдралд ч хүндрэл учруулдаг Төв цэвэрлэх байгууламж гэж нэг ийм газар байна. Төр засаг энэ газрыг нүүлгэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авах цаг болжээ. Удирдлагууд нь ч гэсэн 88-93 гэж “үлгэрийн” тоо ярилгүй үнэнээ хэлж, даруйхан арга хэмжээ авахуулах цаг болсон байна.

Монголын мэдээ
Х.Батсайхан

URL:

Сэтгэгдэл бичих