Зад хямдралын цаана юу нуугддаг вэ?

10144965441459aa3ae731

“Хямдрал гэсэн чинь харин ч үнээ нэмсэн юм биш үү?” гэж гайхан зогсох эмэгтэйтэй нэгэн нэр хүндтэй дэлгүүрийн үүдэнд тааралдлаа. Ингэж цагаа гарздаж, бухимдаж байгаагүй хүн Монголд байхгүй гэхэд хилсдэхгүй. Манай том дэлгүүрүүдийн гадна өлгөсөн хямдралын тоотой нүд хужирлам рекламуудын хэд нь бодит байдаг бол гэдэг үнэхээр эргэлзээтэй.

Өнгөрсөн Цагаан сарын үеэр гэхэд Бишрэлт, Улаанбаатар их дэлгүүрүүд 10-70 хувийн хямдралтай гэж зарласан ч бараагаа хамгийн ихдээ 50 хувь хямдруулан зарж байсан нь нотлогдсон. ШӨХТГ-аас алдаа, дутагдлаа арилгахыг шаардаад өнгөрсөн.

Гэсэн ч башир аргаар хэрэглэгчдийг татах явдал байсаар л. IPTV, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээ үзүүлдэг Скаймедиа гэхэд саяхан 19.500 төгрөгийн үнэтэй тун хямд үйлчилгээ гаргасан ч чанар нь эрс муудсан гэдгийг хэлэх хүн цөөнгүй.

Хурд нь багассаны дээр HBO, Fashion TV, SportBox, Cartoon Network, National Geographic гээд хамгийн олон үзэгчтэй, хамгийн сонирхолтой, “cool” сувгууд нь байхгүй болжээ. Хэрэв хурдаа нэмье гэвэл 9.900 төгрөг, “cool” сувгуудаа үзье гэвэл сарын суурь хураамж нь мөн л 9.900 төгрөгөөр нэмэгдэх юм.

Хэрэв 9.900-хан төгрөг юм байна гээд нэмж авбал өмнөх багцуудтайгаа дүндээ дүн болно. Олон суваг нэмбэл бүр ч илүү мөнгө төлнө. Юун хямдрал!

“Хэрэглэгч та хаан” гэж хошгоруулахын зэрэгцээ “байнгын хямдрал” зарласан л бол сэжигтэй шүү. “Байнгын хямдрал” гэсэн ойлголт ганц манайд л байдаг байх. Хямдрал гэж барааны зарагдаж байгаа үндсэн үнийг тодорхой хэмжээгээр багасгахыг хэлнэ. Тэгвэл тухайн дэлгүүр байнга ийм үнээр зардаг бол үндсэн үнэд тооцогдох биш үү?

Энэ мэт жижиг залиар хэрэглэгчдийг хуурах нь олон. Ялангуяа баяр дөхөөд ирэхээр зад хямдралын тухай задгай рекламууд олширдог нь бараг л бичигдээгүй хууль мэт болжээ. Уг нь манайх хуультай, иргэдийг зар сурталчилгаагаар төөрөгдүүлбэл хариуцлага хүлээх заалттай.

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуульд “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн байдаг. Гэсэн үүнийг зөрчсөн байгууллага ердөө 100.000- 250.000 төгрөгийн торгууль төлдөг.

Хямдралаар халхавч хийсэн, иргэдийн төөрөгдүүлсэнээрээ үүнээс хэд дахин их мөнгө олдог нь гарцаагүй.

Тиймээс хэрэглэгчдээ хүндэлдэггүй, шударга бусаар ашиг хонжоо хайсан байгууллагуудыг торгож, торгохдоо дахиж ийм үйлдэл хийхгүй байхаар өндөр торгодог байя.

Бидний халаасан дахь мөнгө өдөр ирэх тусам багасч, эдийн засаг уруудаж байгаа энэ үед бараа, үйлчилгээгээ хямдруулдаггүй юм аа гэхэд ядаж үнээ бодитоор нь мэдээлдэг байгаасай. Шинэ жилийн баяр дөхөж байна гээд хямдралтай газар руу гүйхээсээ өмнө “Зад хямдралын цаана юу нуугддаг вэ?” гэдгийг бодоод үзэхэд гэмгүй шүү.

С.Тэлмэн


URL:

Сэтгэгдэл бичих