Урсгал зардлыг 250 тэрбум төгрөгөөр бууруулах тооцоог МАН-ын бүлэг хийлээ

IMG_4162

Хоёр өдөр дараалан ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэн УИХ дахь МАН-ын бүлэг ямар шийдэлд хүрсэн талаар бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Эрдэнэбат нар мэдээлэл хийлээ. Хэдийгээр Ерөнхий сайд, Сангийн сайдгүй ч гэсэн төсвийн төсөл УИХ-ын мэдэлд ирсэн учраас хариуцлагатай хандаж, хуулийн хугацаанд нь батлах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. МАН-ын бүлгээс байгуулагдсан Төсвийн ажлын хэсэг Сангийн яам болон Төсвийн байнгын хорооны ажлын хэсэгтэй хамтарч хэд хэдэн удаа хуралдсаны эцэст төсвийн урсгал зардлыг бууруулах ёстой гэдэгт санал нэгджээ. Нийт дүнгээрээ 250 гаруй тэрбум төгрөгийн урсгал зардлыг бууруулснаар цалин тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх, царцаагдсан хөрөнгө оруулалтыг урагш нь явуулах боломжтой гэж үзсэн байна. Тухайлбал, эмнэлэг, цагдаа, онцгой байдлаас бусад төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв дэх шатахууны зардлыг 30 хувиар бууруулахад 5 тэрбум 880 сая төгрөгийн хэмнэлт гарах юм байна. Гадаад томилолтын зардлыг бууруулбал 2.9 тэрбум төгрөг, дотоод томилолтын зардлыг 2012 оны төвшинд хүргэвэл 7.0 тэрбум төгрөг, бараа үйлчилгээний зардлыг 20 хувиар бууруулахад 14 тэрбум, Засгийн газрын тусгай сангийн санхүүжилтийг танавал 50.3 тэрбум гэх мэт тэвчиж болох олон зардлыг хэмнэх тооцоо гаргаснаа бүлгийн дэд дарга Д.Оюунхорол танилцууллаа.

Мөн бүх төвшиндөө орон тоогоо нэмсэн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын орон тоо, зардлыг 2012 оны төвшинд хүргэснээр 4.0 тэрбум төгрөг, “Цэвэр агаар” сангийн 30 тэрбум төгрөгийн санхүүжилтийг танаж 15 тэрбум болгохоор МАН-ын бүлэг тооцжээ. Түүнчлэн аймаг, дүүрэг бүхэн Засаг даргын нэг орлогч, агентлаг бүр нэг дэд даргатай байснаар зардал хэмнэгдэх боломжтой гэж үзэв. 601 орон тоотой Тахарын албыг чиг үүргийн хувьд давхардал ихтэй байгаа гэж гишүүд шүүмжилж байгаа учраас энэ асуудлыг судлах, хуульд нь өөрчлөлт оруулах, төсвийг нь О дүнтэй тавих, Хилийн боомтын захиргааг цомхотгох зэрэг санал гарсан байна.

Ч.Хүрэлбаатар: Төр бүсээ чангалах цаг болсон

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсвийн орлого жил бүр нэг их наяд төгрөгөөр тасарсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэрээ байгуулж ажил хийсэн компаниуд улсын төсвөөс мөнгөө авч чадахаа байсан. Улмаар банкинд өр зээлтэй болсон. Ийм төсөвтэй Монгол Улс хоёр жил явлаа. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр төсөв дээр тавьдаг тоо худлаа байсан гэсэн үг. Нэг ам.долларыг 1384 төгрөг буюу бодит байдлаас 500 төгрөгөөр доогуур тооцсон нь өнөөдрийг хүртэл төсөв дээр хүчинтэй хэвээр байгаа. Тиймээс бид тоо болгоныг бодит байдалд нийцүүлэх шаардлага тавьж байгаа. Төсвийн бодлогоо зөв болговол бид эдийн засгийн хүндрэлээс гарах ёстой гэж үзсэн. Ийм учраас бүлэг дээр дэд сайд Пүрэвээр ахлуулсан Сангийн яамны ажлын хэсгийг хэдэнтээ дуудаж уулзаж, ярилцсан.

2015 он бол амаргүй жил болох төлөвтэй учраас бүсээ чангалсан төсөв батлах ёстой. Гэхдээ хөрөнгө оруулалтын ажлуудыг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Мөнгөний бодлоготой уялдуулахын тулд гадаад валютын эрэлтийг шууд бий болгодог гадаадаас тоног төхөөрөмж авдаг зардлыг танах боломжтой. Валютын нөөц хомсдож байгаа энэ үед төсвөөс гарсан зардал нь долларын нэмэлт эрэлтийг бий болгохгүй байх нь зүйтэй. Тэвчиж болох зардлыг танахаас өөр аргагүй. Эдийн засгийн байдал хүнд байгаа үед ард иргэд, аж ахуйн нэгжүүд бүсээ чангалж байгаа. Харин төр бүсээ чангалах цаг болсон. Уг нь жил хагасын өмнөөс бүсээ чангалах ёстой байсан. Маргааш Төсвийн байнгын хороон дээр бид саналуудаа тавина, дэмжинэ байх гэж найдаж байна” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих