АН: 10 жилийн гэрээг хүчингүй болгосон МАХН: 10 жилийн гэрээ хүчингүй болоогүй

d6dddc7e66882261original2024 он хүртэл 10 жил хамтран ажиллах гэрээ байгуулсан АН, МАХН-ын байр суурь ихээхэн зөрөх болов. Учир нь АН-ынхан өнгөрсөн амралтын өдөр болсон ҮЗХ-ны хурлаараа 10 жилийн гэрээгээ хүчингүй болгосон. Гэтэл МАХН-ынхан хүчингүй болоогүй гэж зүтгэх болов. Өөрөөр хэлбэл нэг нь гэрээгээ хүчингүй болсон гэсэн бол нөгөө нь хүчингүй болоогүй гэж зүтгэж эхлэв. Тухайлбал АН-ын ҮЗХ-ны 43-р хурлын тогтоолд “АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай 2014 оны 10 дугаар сарын 18 өдөр гарын үсэг зурсан “Хамтран ажиллах гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцсугай” хэмээн бичсэн юм. Эндээс харвал АН-ынхан энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзээд цуцалжээ. Гэтэл МАХН-аас УИХ-д сууж буй О.Баасанхүү энэ гэрээг хоёр талаас гарын үсэг зурсан. Нэг тал санаачилга гаргаснаар хүчингүй болчихгүй талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “Албан ёсоор хэлэхэд хоёр намын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг АН-ын ҮЗХ-ны хурлаар хүчингүй болгоогүй. Юуг хүчингүй болгосон гэхээр АН-ыг төлөөлж гарын үсэг зурсан шийдвэрийг хүчингүй болгосон. Манай намын зүгээс хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр байна гэж үзэж байгаа” хэмээн тайлбарлав. МАХН-ынхан гэрээ хүчинтэй байгаа шүү, та нар дангаараа хүчингүй болгож чадахгүй гэж АН-ынханд сануулга өгч байна. Энэ маргааныг анзаарч байгаа улс төрч алга. Учир нь тэд зөвхөн хэнийг Ерөнхий сайд болгох вэ гэдэг асуудалд л анхаарал төвлөрүүлж байна. Хэрэв МАХН-ынхан нойтон хамуу шиг ингээд салахгүй бол асуудал шүүх дээр очно гэсэн үг л дээ. Шүүх Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёрын “гэрлэлт”-ийг салгаж байж асуудал нэг мөр шийдэх бололтой. Түүнээс нааш МАХН-ынхан барьцаа тавихгүй гэдэг нь эрхэм дарга нарынх нь ярианаас тодорхой боллоо. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Н.Энхбаяр гэрээ хүчинтэй байгаа шүү. Ингэж үзэх нь та нарт хэрэгтэй. Шүүх хүртэл яв гэж үүрэг өгсөн бололтой. Тэгээд л МАХН-ынхан гэрээгээ АН-ынхны хүссэнээр тийм ч амархан цуцалчихгүй аж.

Тэр ч бүү хэл МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “Хамтран байгуулсан гэрээг хэрэгжүүлэхийн төлөө хоёр нам зүтгэх хэрэгтэй” хэмээн гүрийж байна. Тэгэхээр 2024 он хүртэл хамтран ажиллана шүү. Хоёулаа зүтгэцгээе хэмээн уриалсан хэрэг л дээ.

Үүнээс гадна МАХН-ынхан дараагийн Засгийн газраас гаргачих вий гэдгээс үнхэлцэгээ хагартал айцгаах болжээ. Тэд гэрээ хүчинтэй, хамтдаа шүү л гээд байх бололтой. Энэ тухай МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “УИХ-д суудалтай суудлын тоогоор хуваарилалт хийнэ гэх юм. Энэ үнэн хэрэгтээ АН-д ямар ч ашиггүй. Тэд МАН-д илүү суудал өгч, өөрсдийнхөө суудлаас хасна. Ийм өөртөө ашиггүй алхмыг хийж Их эвслийн Засгийн газар байгуулж яах юм. АН-ыг Их эвсэлийн Засгийн газар байгуулахгүй байх гэдэгт бат итгэлтэй байна. АН дотор эрүүл, саруул сэтгэхүйтэй, намаа боддог, сонгогчидоо хүндэтгэдэг, хүн олонхи нь байгаа учраас Их эвсэлийн Засгийн газар байгуулагдахгүй байх” хэмээн байр сууриа илэрхийлж байна. Дүгнэж үзвэл МАХН-ын байр суурь гэхээсээ илүү хамтрагчийн өмнөөс АН-ыг ямар шийдвэр гаргахыг урьдчилан зааж зөвлөж эхлэв. Ц.Шаравдоржийн үгэнд ордог АН ч гэж юу байхав дээ. Гэхдээ л МАХН-ынхан 10 жилийн хамтрагч АН-аа МАН-тай л битгий нийлээрэй гэж ил, далдаар ятгах боллоо. Хэрэв МАН-тай нийлвэл тэр Засгийн газарт чинь бид орохгүй гэж далдуур дарамтлах болов. С.Баярцогтын хэлдэгээр “урвагчид” хэмээн цоллогдох болсон МАХН-ынхан өөрсдийнхөө ирээдүйд санаа зовинож эхлэв. Өнгөрсөн хоёр жилд хамтран ажилласан АН-аа түгжилдсэн тэд өнөөдөр салахгүйгээр барахгүй 10 жилийн гэрээ хэвээрээ байгаа шүү гэж дарамтлах шинэ ажилтай боллоо.

24tsag.mn


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих