Таван Хятад залуу хоёр Монгол иргэнийг зодож танхайрлаа
Энэ сарын 9-ны өдрийн 20:00 цагийн орчимд “модны хоёр”-т байрлах Вааят Хаус зочид буудлын замын эсрэг талд таван Хятад залуу хоёр Монгол иргэнийг зоджээ. Зодуулсан Монгол иргэд цагдаа болон шүүх эмнэлгийн байгууллагад хандаад байна. Гэмтэл, бэртлийн зэрэг хараахан тодорхой болоогүй. Урьдчилсан үзлэгээр эмэгтэйнх нь толгойд гэмтэл учирсан, эрэгтэйнх нь цээж, нуруу тархи гэмтжээ. Хятад залууст зодуулсан иргэн Е, Х нар нь залуу хосууд юм байна. Тэд хорооллоос уруудаад модны хоёрын зам руу орж явах үед машиных нь шалавч тормозны доор нугаларч тээглээд байсан учир замын карма руу орж зогсчээ. Зогсох үед ард нь приус маркийн машин очиж олон удаа сигналдаж хажууд нь зэрэгцэж ирээд Хятадаар хашгичиж эхэлсэн байна. Машинд явсан эмэгтэй “тойроод гарчих зөндөө зай байна шүү дээ” гэж хэлжээ. Харин гэрлэн дохион дээр зогсож байхад нь зэрэгцэж ирээд жолооч нь цонхоо онгойлгоод Монголоор элдэв хараал үг урсгаж машинд нь сууж явсан эмэгтэйг доромжилжээ. Үүнд нь дургүйцсэн Монгол залуу найз охиноо өмөөрч цонхоороо цэвэр усны сав гаргаж шидсэн байна. Үүний дараа жолоо барьж явсан Хятад залуу машинаасаа бууж, машиныг нь өшиглөж цонхыг нь хагалах гэж оролджээ. Энэ хооронд Монгол залуус цагдаад дуудлага өгсөн байна. Цагдааг ирэх хооронд Монгол залуус Вааят Хаус зочид буудлын урд Хятад залуусыг машинаараа шахаж зогсоогоод цагдаа иртэл хүлээ гэсэн шаардлага тавьжээ. Харин машин дотор байсан Хятад залуус Монгол иргэнийг чирж гарган зодож эхэлсэн байна. Хохирсон иргэний ярьж байгаагаар Хятад залуус цагдаагийн газар очоод цагдаа нарыг ч элдвээр доромжилж, хараалын үг урсгасан гэлээ. Үүгээр ч барахгүй та нар өргөдлөө татаж авахгүй бол ална, амь настай чинь ярьна гэх мэтээр сүрдүүлжээ.
Бид болсон явдлыг харсан гэрчтэй утсаар холбогдож мэдээлэл авсан юм.
Гэрч: Та харсан зүйлийнхээ тухай бидэнд яриач:
Хэдэн Хятад залуучууд Монгол, Хятадаар хольж яриад хашгичаад элдэв хараал хэлээд байсан. Тэгээд нэг Монгол залууг машинаас нь чирж гаргаж ирээд зодож эхэлсэн. Бас нэг жижигхэн Хятад охин Монгол охиныг нь нэг шилээр цохиод байсан. Тэгээд л гүүниа, пизда гэчий гэх мэт элдвээр харааж зүхээд муусайн Монголчуудыг алнаа гээд л дайраад байсан. Тэгээд тэр хавиар явж байсан залуучууд зодооныг салгаж ядаж байхад цагдаа нар ирээд салгасан. Монголчуудыг ална, нутаг дээр нь булна гэх ухааны юм яриад л Монголоор орилоод байсан. Яг адгуус шиг л дайрч байсан. Би мансуурсан байх гэж л харсан.
Хятад залуусын хувьд Монгол улсад машин барих үнэмлэхтэй, түр оршин суух эрхтэй юм байна. Гадаадын иргэдийн хувьд жолоочийн үнэмлэх эзэмших эрхтэй гэж албаныхан тайлбарласан юмаа.
Авирласан ааш зан, байгаа байдлыг нь хараад Монгол залуус тэднийг согтуу гэж бодсон ч эрүүл байсан гэв. Цагдаагийн газарт очоод үлээлгэхэд согтууралтын хувь 0 гарсан байна. Харин нүдний хүүхэн хараа зэргийг гэрэл тусгаж харсан цагдаа нар мансуурсан байж болзошгүй гэж хэлжээ. Тиймээс шээснээс нь шинжилгээ авсан байна. Нарийвчилсан шинжилгээний хариу хэд хоногийн дараа гарна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.
mongolcomments
URL: