Зам тээврийн яамныхан автомашины оныг доод тал нь 2-3 жилээр ахиулдаг байжээ
Монголчууд автомашин худалдаж авахдаа гаднах өнгө үзэмжээс нь гадна нүдэнд төдийлөн ил харагддаггүй тоон үзүүлэлтүүдийг нь чухал гэж үздэг билээ. Унах унаатай болох гэж машины захаар эргэлдэгчдийн хамгийн гол шалгуур нь үйлдвэрлэсэн он болон Монголд орж ирсэн он, “гүйсэн” километр нь л байдаг. Чухамдаа тэдгээр үзүүлэлтүүдэд тулгуурлан автомашинаа сонгодог. Учир нь машины он залуу байх тусмаа зах зээлд өндөр үнээр борлогдох, мөн бага зам туулсан, өнгө үзэмж, хурд хүч нь илүү байх тусам тухайн хүний авах сонирхлыг нэмэгдүүлдэг нь маргашгүй үнэн.
Тэгвэл бидний энэхүү эрэлт дээр дөрөөлөн албаныхан буюу ЗТЯ-ны хэсэг нөхөд гаднаас орж ирээд Монголд хэдэн жил болсон автомашиныг өөрсдийнхөө эрх мэдэл, албан тушаалаа ашиглан оныг нь засч, машины ченж гэгдэх хүмүүстэй хуйвалдан өндөр үнээр зардаг байжээ.
Гэхдээ энэ асуудал одоо л гарч ирж байгаа юм биш. Аль 2012 онд Замын цагдаагийн газарт тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгодог байхад тухайн машины үйлдвэрлэсэн он болон орж ирсэн оныг нь 1-3 жилээр нэмээд биччихдэг байж.
Өөрөөр хэлбэл, тэд хуучин машиныг бүр цоо шинэ болгон дүгнэлт гаргасан нь тухайн үед НМХГ, Нийслэлийн нийтийн тээврийн газар, ОБЕГ, Нийслэлийн татварын газруудын хамтарсан шалгалтаар илэрч байсан түүхтэй.
Тиймээс л энэхүү луйврын асуудлыг нэг тийш нь шийдэхээр уг бүртгэлийг хуучнаар Авто тээврийн газарт шилжүүлж, арай цэгц журамтай болж байв.
Гэтэл удалгүй Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан бүртэлтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг Зам тээврийн яаманд өгснөөс болж өнөөдөр олон мянган иргэд хуучин машиныг шинэ хэмээн хулхидуулж, худалдан авч хохирогч болсоор байгаа аж.
Өдгөө дээрх гэмт хэрэг УМБГ-т шалгагдан Эрүүгийн хэрэг үүссэн ч бидэнд энэ тухай мэдээлэл өгөх албаны хүн олдохгүй байсан юм.
Харин бидэнд байгаа баримтаас иш татвал одоогийн байдлаар бидний гарт тээврийн 18-н хэрэгслийн орж ирсэн огноог зассан баримт байна.
Тухайлбал, ЗТЯ-ны бүртгэлийн мэргэжилтнүүд 2013 оны зургаадугаар сарын 20-нд орж ирсэн “6330 УНИ” улсын дугаартай суудлын “Toyota Corolla” автомашиныг 2014 оны гуравдугаар сарын 01, Мөн 2009 оны дөрөвдүгээр сарын 14-нд орж ирсэн “5510 УНД” улсын дугаартай “Toyoto Altezars” маркийн машиныг 2013 оны долоодугаар сарын 01, 2008 оны арванхоёрдугаар сарын 09-нд орж ирсэн “5976 УНД” улсын дугаартай “Mazda Bongo” маркийн машиныг 2013 оны долоодугаар сарын 01, 2007 оны нэгдүгээр сарын 22-нд орж ирсэн “3880 ДАХ” улсын дугаартай “Mitsuвisi Legnum” машиныг 2013 оны арваннэгдүгээр сарын 11-нд орж ирсэн болгож зассаныг баримтаас харж болно.
ЗТЯ-ны энэхүү хууль бус үйлдэл нь тус газарт мөрдөгдөх стандарт дүрэм журмыг зөрчөөд зогсохгүй гагцхүү ашиг харж, бизнес хийж байжээ гэж ойлгогдохоор байгаа юм.
Өөрөөр хэлбэл тус яамныхан 2012 онд Замын цагдаагийн нэр бүхий хүмүүс тээврийн хэрэгслийн гэрчилгээг олгохдоо хэрхэн яаж автомашины үйлдвэрлэсэн оныг нь засч байсан үйлдлийг дахин давтсан хэрэг юм.
Тухайн үед Замын цагдаагийнхан 1999 онд үйлдвэрлэсэн машиныг 2002, 1996 оныхыг 1998 гэх мэтчилэн засахдаа хүн тус бүрээс 350-400 мянган төгрөг халаасладаг байсан нь илэрч, хуулийн байгууллагад шалгагдан зарим нэг хүмүүс нь цагдаагийн байгууллагад ажиллах эрхээ хасуулж байсан юм.
Харин луйврын сэтгэхүйтэй хэдхэн тооны нөхөд өнөөдөр дээрх хэргээс мултарч үлдээд, тухайн он жилүүдэд хийж байсан хууль бус үйлдлээ ЗТЯ-нд дахин эхлүүлсэн гэж хэлж болно.
Түүнчлэн зарим эх сурвалжуудын мэдэгдэж байгаагаар “Монголчууд бид голдуу Японд машины осолд орсон, эсвэл таксинд явж байсан тэрэгнүүдийг л худалдаж авдаг. Учир нь машин осолд орлоо гэхэд эзэн нь даатгалын мөнгөө олоод авчихдаг болохоор унасан, мөргөлдсөн машинаа хямдхан зарчихдаг юм билээ. Харин үүнийг японы ченжүүд худалдаж аваад, ямар ч өө сэвгүй болтол нь янзалж байгаад монгол руу явуулчихдаг.
Гэтэл бид тэнд мөргөлдсөн, таксинд явж байсан тээврийн хэрэгслүүдийг шинэ машин авч байгаа мэтээр ойлгоод байдаг юм. За энэ ч бүр дүүрч гэж бодъё. Дайран дээр давс нэмэв гэгчээр автомашины ченжүүдтэй албаны нөхдүүд үгсэн хуйвалдаж орж ирсэн машины оныг засаад зогсохгүй үйлдвэрлэсэн оныг нь хүртэл хуурамчаар үйлдэж эргээд зах зээлд өндөр үнээр борлуулж байгаа нь яалт ч үгүй албан тушаалын гэмт хэрэг мөнөөсөө мөн.
Яг үнэндээ танил тал ихтэй ченжүүд ЗТЯ-нд сүлжээ үүсгэж автомашинтай холбоотой бүхий л бүртгэлийг янзлуулж, их хэмжээний ашиг олдог нь нууц биш болжээ. Гэхдээ үүнийг тус яамны хэдхэн тооны хүмүүс хийж байгааг олон нийт бараг л гадарлах байх” гэсэн юм.
Эндээс харахад албан тушаалын гэмт хэрэг нь хууль тогтоомж, эрх зүйн актыг зөрчөөгүй юм шиг харагддаг ч, далд аргаар үйлдэж, үйлдсэн хэргээ нуун далдалж чаддаг нь энэ төрлийн гэмт хэргийн нэг онцлог гэж учир мэдэх хүн хэлж байна.
Мөн хуулийн хийдлийг ашигласан, шалгаж, шийдвэрлэх гэхээр тухайн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тийм боломжуудыг ашигласан байдаг нь албан тушаалын гэмт хэргийн онцлог юм.
Өөрөөр хэлбэл, машины ченжүүд, оныг нь засч тэдэнтэй хуйвалдаж байгаа ЗТЯ-ны албан хаагчид хуулийн хийдлийг ашиглаж өөрсдөө хөлжөөд зогсохгүй, дунд нь худалдан авагч, хэрэглэгчид хохироод үлдэж байна.
Тиймээс л энэхүү хэрэгт өдгөө ЗТЯ-ныхан ажлын хэсэг байгуулан бүртгэлийн байцаагч нартай холбоотой хууль бус үйлдлүүдийг нь мөрдөгч нарт нэг бүрчлэн гаргаж өгч буй юм билээ.
Бид дараагийн дугаартаа машины эх бие буюу “Кузов” хэрхэн машин болдгийг хүргэхээс гадна Монгол Улсын гаалийн мэдээллийн санд огт бүртгэлгүй 27 автомашиныг баримттайгаар дэлгэх болно.
Р.Саруул
URL: