Хэн гэдэг эрх мэдэлтэн “Петрочайна дачин тамсаг”-аас өдөрт 300 ам.доллар халааслаад суудаг юм бол…
Нутагтаа “лааз өшиглөж” явсан гадаадынхан Монголд ирээд босс болдог бичигдээгүй хуультай. Өр тавьж өвөртөлж ирсэн хэдэн “ногоон”-оо хэд дахин үржүүлж, өнгөрсөнөө мартахад манай улсын эрх баригчид, дунд, доод шатны дарга нар онцгой үүрэг гүйцэтгэн тус хүргэнэ. Гэхдээ тэд гадаадынханд зүгээр тус хүргэхгүй, хариугаа ямар нэгэн хэлбэрээр заавал авна. Өөрөөр хэлбэл, өөрт унцтай наймаа хийж, ядаж хувийн бизнесээ цэцэглүүлэхгүй бол тэднийг “тэнгэр ниргэх” биз.
Саяхан даа, өнгөрсөн сарын сүүлчээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газраас Дорнод аймагт газрын тосны олборлолт явуулдаг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин тамсаг” ХХК-д шалгалт хийж, 10 зөрчил илрүүлээд тээвэрлэлтийг нь зогсоосон. Гэтэл маргааш нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү Авто тээврийн газар руу утас цохиж “Петрочайна дачин тамсаг”-ийн тээвэрлэлтийг зогсоох акт тавьсан байцаагч нарын улсын байцаагчийн эрхийг цуцал гэдэг лүндэн буулгасан гэх. МХЕГ-ын дарга болоод удаагүй байгаа ч салбараа олигтойхон шиг удирдаж чадахгүй байж хаа байсан Авто тээврийн газрын ажил руу хошуу дүрж байгаагаас үзэхэд дээрхи компанийн хууль бус үйл ажиллагааны цаана түүний хувийн бизнес явж байхыг үгүйсгэхгүй гэдэг хардлага төрж байсан. Яагаад гэвэл, “Петрочайна дачин тамсаг” компанинд МХЕГ-аас шалтгалт хийж, дээрх зөрлийг илрүүлэх ёстой байсан ч зайлсхийгээд явсан. Харин Авто тээврийн газраас шалгалт хийж, зөрлийг нь илрүүлээд акт тавьсны төлөө Р.Содхүү дарга “боож үхэх” гэж байгаагаас үзэхэд тэгж хардахаас биш яах вэ дээ. Гэтэл энэхүү хардалт оргүй биш гэдгийг албан бус эх сурвалж мэдээлэв.
Тус компанийн хот хоорондох ажлыг зохицуудаг 56-65 УБА болон 04-15 УНГ дугаартай Ланд-80 маркийн хоёр жийп хэн нэгэн албан тушаалтны “шахаа” бөгөөд машины эзэн нь нэг машинаа өдөрт 150 ам.доллараар түрээслүүлдэг юм байх. Тэгэхээр тэр хоёр машин эзэндээ сард 90000 ам.доллар зүгээр л сул оруулдаг байх нь. Энэ асар их мөнгө байгаа биз. Гэхдээ эдгээр машин яг хэн гэдэг даргын шахаа вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. МХЕГ-ын даргынх уу эсвэл Газрын тосны газрын даргынх уу гэдэг нь удахгүй тодорхой болно биз.
Хятадуудад Монголын хууль хэзээ ч үйлчлэхгүй байсаар өнөөдрийг хүргэсэн. Цаашид ч үргэлжлэх байх. Гэхдээ хуулиа гууль болгосон хүмүүс бол Монголын эрх мэдэлтнүүд, мөн дунд шатны “хурган дарга” нар. Тэд ил, далд байдлаар хятадуудтай сүлбэлдэж, эцэст нь амаа үдүүлээд толгой дээрээ гаргасан гээд хэлчихвэл буруудахгүй байх. Ямар сайндаа л “Петрочайна дачин тамсаг”-ийнхан тээвэрлэлтээ зогсоосны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ “Бид бүх зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Тиймээс зөрчлөө арилгаж эхэлнэ. Хоёр жилийн дараа гэхэд хатуу хучилттай зам тавина” хэмээн ярьж байгаа тус компанийн дарга нар танай хууль бидэнд үйлчилдэггүй юм гээд доромжиж байгаагийн илрэл биш гэж үү.
Тэгээд ч дотооддоо шатахууны хомсдолд орж, хоёр хөршөө царайчлан байгаа юм байж Дорнодын тал газраас олборлож буй газрын тосоо Хятад руу түүхийгээр нь гаргаж байгааг үе үеийн эрх баригчид юу гэж тайлбарлах бол…Ер нь, улсынхаа хөгжлийг чөдөрлөж, ард түмнээ ядуу байлгах нь Засгийн газрын бодлого уу. Хэрэв тиймгүйсэн бол түүхий эдийнхээ нөөцийг ашиглан жижиг ч гэсэн нефть боловсруулах үйлдвэр барьчихвал Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь ээлжлэн айл хэсэж, “гуйлга” гуйхгүй байсан даа. Харин ч үр дүн нь хэзээ, яаж гарах гээд байгаа нь мэдэгдэхгүй нүсэр бүрэлдэхүүнтэй айлчлалдаа зарцуулсан төсвийн хэдэн төгрөгийг хэмнээд, үйлдвэр барихдаа нэмэрлэвэл багадахгүй дээ.
Д.Гэрэлхүү
URL: