Дурлал уу, секс үү…
МОНГОЛ улсын хэмжээгээр хийсэн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаанаас харахад насанд хүрээгүй байхдаа жирэмсэлсэн олон охид найз залуудаа хайртайгаа нотлох гэж бэлгийн хавьталд орж байжээ. Гэвч тэр нь ихэнх тохиолдолд амьдралд нь хар толбо үлдээдэг. Тэгээд л өөрийгөө дурлалын золиос болсон гэж бодох болно.
Гэвч ингэхэд дурлал, секс хоёр нэг зүйл гэж үү? Үгүй. Хоёр өөр зүйл.
Харьцуулж үзье л дээ.
ДУРЛАЛ
Хайр дурлал бол сэтгэлийн хөдөлгөөн. Дурлалыг яг таг тодорхойлчихсон зүйл байхгүй. Дурлал ямагт хүний сэтгэлийг хөдөлгөсөн романтик зүйл байдаг.
СЕКС
Секс нь биологийн, бие махбодийн үйлдэл. Сексийн олон хэлбэр байдаг. Тухайлбал эрэгтэй эмэгтэй хүний хооронд, ижил хүйстнүүд хоорондоо, гар хангалга зэрэг.
Секс бүхэн тийм ч романтик байдаггүй. Тэгээд ч сексээс өөр хэлбэрээр хайраа илэрхийлж болно. Бэлгийн хавьтлыг тэвчих нь утгагүй дэмий зүйл гэж зарим хүн ярьдаг. Гэвч бэлгийн хавьтлыг тэвчих нь магадгүй танд хамгаас хэрэгтэй ч байж болно. Юуны өмнө бүх төрлийн бэлгийн хавьтлыг тэвчиснээр та БЗДХ-уудаас өөрийгөө сэргийлнэ. БЗДХ-уудын ихэнх нь эмчлэгддэг ч бас эмчилгээгүй үхэлд хүргэдэг нь ч бий.
Мөн та бэлгийн хавьтлыг тэвчиснээр өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг болно. Та сексийн талаар юу мэдэрдэг байх нь хамаагүй. “Зөв мэдрэх” хүртлээ л сексийг тэвчих нь зөв. Өөрөөр хэлбэл та бэлгийн хавьтлыг тэвчиснээр дурлал, секс хоёрын ялгааг ойлгох болно. Хэн нэгэнд дурласнаа бэлгийн хавьталд орохгүйгээр илэрхийлэх хэдэн мянган арга бий. Та хайртдаа аль болох их цаг зарцуулж, үзвэр үзэх, сэтгэлээсээ ярилцах гээд л тоолж барамгүй олон хэлбэрээр хайраа илэрхийлж болно. Түүнчлэн та хайрттайгаа үнсэлцэж тэврэлдэж бас болно. Гэхдээ энэ нь секс рүү түлхэх нь олонтоо. Гэвч учирч болох хүндрэлүүдийг санаж цаг тухайд нь өөрийгөө хязгаарлаж явбал болох нь тэр.
URL: