Орлогыг хэт өөдрөг төлөвлөх нь эрсдэл

10e765af94fb5b180fc8ddf9e035cb85d_x3-093116-1099346393ШУТИС-ийн докторант, судлаач Д.Баярмаа “Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн өрийн удирдлага” сэдвээр тойм судалгаа бэлтгэжээ. Түүнээс ирэх оны төсөвт ямар эрсдэл байгаа эсэх талаар цөөн зүйлийг тодрууллаа.

-Таны хийсэн судалгаагаар Монгол Улсын өрийн хязгаар ДНБ-ий хэдэн хувьд хүрээд байна вэ. Энэ нь ирэх оны төсөвт хэрхэн илэрч байна вэ?

-Монгол Улсын нийт өрийн хэмжээ энэ оны есдүгээр сарын 30-ны байдлаар 13.2 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ нь нэрлэсэн үнээр ДНБ-ий 61 хувьтай тэнцэх хэмжээ. Харин өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 49.3 хувьтай дүйцэж байна. Өрийн хэмжээ ийм өндөр дүнтэй байгаа нь ирэх оны төсөвт сөргөөр нөлөөлж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг хангаж чадахгүйд хүрэх нь. Сүүлийн жилүүдэд төсвийн орлогын тасалдал, ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан төсвийн алдагдал огцом хэмжээгээр нэмэгдэж байна. Өнгөрсөн хоёр жилд манайх 3.3 тэрбум ам.долларын гадаад өр тавьсан. Энэ нь сүүлийн 30 жилд үүсгэсэн өрөөс хоёр дахин их. Тиймээс төсвийн төслөө эргэж харах хэрэгтэй. Тэр тусмаа эдийн засаг хүндрэлтэй байгаа үед төсвийн зарлагыг хэт тэлж болохгүй. Энэ нь эрсдэлийг улам өдөөх талтай.

-Хөгжлийн банкны зарцуулалтыг төсөвт тооцохгүй гэвэл төсвийн алдагдал хэдэн хувьтай гарахаар байгаа вэ?

-Хэрэв Хөгжлийн банкны зарцуулалтыг нэгдсэн төсвийн зардалд суулгахгүй төсвийг баталвал төсвийн бодит алдагдал ДНБ-ий найман хувьд хүрэхээр байна. Энэ тохиолдолд нэгдсэн төсвийн зардлаас 1.3 их наяд төгрөг танах шаардлагатай болно. Ингэснээр хуулийн шалгууртаа тэнцүүлнэ. Ер нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагыг биелүүлэхэд нэлээн хүндрэлтэй болж байна.

-Хөгжлийн банкны санхүүжилтийн хүрээнд нийтдээ хэчнээн төгрөгийн санхүүжилт одоо хийгдээд байна вэ. Энэ талаар сонирхох гэсэн юм.

-Зургаан салбарын хүрээнд нийт 32 төсөлд гурван их наяд төгрөгийн санхүүжилт хийгдээд байна. Үүний 1.7 их наяд нь Чингис бондоос гарсан бол 1.2 нь Хөгжлийн банкны бусад эх үүсвэрээс санхүүжилт авчээ. Тус банкнаас санхүүжүүлсэн 32 төслийн 21 нь төрийн өмчит болон төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүд, байгууллагууд байна. Тухайлбал, нийт олгосон зээлийн 49 хувийг зам тээврийн салбарт зарцуулсан бол Хөдөө аж ахуйд 10 хувь нь хүрсэн байна лээ.

-Ирэх оны төсөвт ямар эрсдэл байна вэ?

-Төсвийн орлогод учирч болзошгүй хэд хэдэн эрсдэл байна. Тухайлбал, голлох эрсдлүүдийн нэг нь гадаад эдийн засгийн таагүй нөхцөл байдал. Үүнийг бид хянах боломжгүй. Гэхдээ эрсдлээ тооцох ёстой. Дараагийнх нь уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээнээс үүдэлтэй эрсдэл тулгарч мэдэхээр байна. Тиймээс төсвийн орлогыг бодитой төлөвлөх ёстой. Орлогыг төсвийн төсөлд хэт өөдрөг төсөөлсөн байсан. Энэ нь эрсдэл. Боломжит орлого орохгүй байх тохиолдолд эрсдэл гарч ирнэ. Тиймээс орлогоо зөв төлөвлөж, зарлагаа дахин авч үзэх хэрэгтэй. Өөр нэг эрсдэл гарч ирсэн. Энэ нь валютын ханшийн дарамт. Үүнээс болж Засгийн газрын төлөвлөсөн худалдан авалтын мөнгөн дүнд нөлөөлнө. Үүнээс гадна зээлийн үйлчилгээний төлбөр ч нэмэгдэхээр байгаа.

Mongolian economy


URL:

Сэтгэгдэл бичих