Хуурч мэхлэх нь цагдаагийн үүрэг үү

“Цагдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх биш иргэдийг алдаа гаргахыг анаж байгаад баривчилдаг. Баривчлахдаа хуурч мэхэлж хүссэн газартаа дууддаг болж”. Энэ үгийг “Гал үндэстэн” холбооныхон хэлсэн юм. Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийг уул уурхайн компани руу буудсан, танхайрсан, зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан гэх үндэслэлээр хорьж, саатуулж байгаа. Асуудлын гол нь “Гал үндэстэн”-ийхнийг цагдаагийн албан тушаалтнууд худлаа хэлж хуурч байгаад гав зүүчихсэнд байгаа юм. Болсон явдлыг тодрууллаа.

“ТА НАРЫГ ОЙЛГОЖ БАЙНА АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УЧРАА ОЛЧИХ”

Өвөрхангай аймагт “Гал үндэстэн” холбооныхон уул уурхайн компаниудад үйл ажиллагаагаа зогсоох шаардлага өгч явсан. Тэдний яриагаар нутгийн иргэд болон цагдаагийнхан дэмжиж байгаагаа илэрхийлэн чадах чинээгээрээ тусалж байжээ. Зүүнбаян-Улаан сумын хэсгийн төлөөлөгч нь хүртэл тус холбооныхонд хоолны борц өгч байсан гэнэ. Тэднийг уул уурхайн хэд, хэдэн компаниудад шаардлага өгч, морьтнууд аймгийн төвөөр давхиж байхад цагдаагийнхан ер тоогоогүй аж. Бүр Зүүнбаян-Улаан сумын Өрөмт гэдэг газарт үйл ажиллагаа явуулж байсан “Ирмүүн босго” компанийн техник рүү нь хоёр удаа буудахад хүртэл анзаараагүй дүр эсгэжээ. Харин маргааш нь тэмцэгчдийн байрлаж байсан отогт Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Дамбийням нарын цагдаагийн албан тушаалтнууд очжээ. Ингэхдээ хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр баривчлаагүй аж. Харин “Та нарын тэмцлийг ойлгож байна. Ер нь та нар аймгийн Засаг даргын тамгын газарт очоод удирдлагуудтай нь уулзчих. Тэнд мэргэжлийн хяналтынхан ч байна Тэгээд гурван талаас зөвшилцөж байгаад уул уурхайн компаниудыг хэрхэх талаар Ашигт малтмалын газарт хандацгаасан нь дээр. Тэгвэл та нарын ажилд ч дөхөм болно. Засаг даргын тамгын газарт та нарыг хүмүүс хүлээж байгаа” гэжээ. Тэмцэгчид ч гарц оллоо хэмээн баярлаж цагдаагийнхантай Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар руу явжээ. Гэтэл “Гал үндэстэн” холбооныхныг суулгасан машин зорьсон газартаа биш цагдаагийн хэлтсийн үүдэнд очсон байна. Ингээд л тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр. Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энхбаяр, Д.Төмөрбаатар, Н.Самбуу-Ёндон, М.Баатархуяг нарыг баривчилж нийслэлд авчирчээ. Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга урьд нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан нэгэн. Тиймээс түүний оролцоотойгоор цагдаа нар дээрх баривчилгааг хийсэн ч гэх хардлага иргэдийн дунд байна.

ӨМГӨӨЛӨГЧИЙГ НЬ Ч ХУУРЧ БАРИВЧИЛЖЭЭ

“Гал үндэстэн” холбооны удирдлагуудыг өнгөрсөн сарын 22-ны шөнө нийслэлд авчирсныхаа дараа ч ямар шалтгаанаар хорьж байгаагаа хэлээгүй байна. Өвөрхангай аймгаас баривчлагдаж ирсэн Ц.Мөнхбаяр, Ц.Энхбаяр нарын хүмүүсийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст тус бүр дөрвөн цагдаагаар “мануулж” өрөөнөөс өрөө сэлгүүлж хоножээ. Тэр шөнө тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Болдбаатарыг гэртээ эмчилгээ хийж байхад нь таван цагдаа очиж гэрт нь хамт хоножээ. Улмаар өглөө нь нэмэлт хүчээр зургаан цагдаа очиж 11-үүлээ Г.Баатархуягийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүргэжээ. Ингэхдээ мөн л баривчилж байгааг шалтгаанаа тайлбарлаагүй гэнэ. Тэр өдөр “Гал үндэстэн” холбооны өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл рүү Улсын мөрдөн байцаах газраас утасдаж “Танай үйлчлүүлэгч Н.Самбуу-Ёндон байцаалт өгөх гэж байна. Ирээч” гэж дуудсан байна. Ингээд өмгөөлөгчийн хувиар үйлчлүүлэгчээ байцаалт өгөхөд нь хамт байж байтал Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч Отгонбаяр “Г.Болдбаатар, Д.Баатархуяг нар зөвхөн танаар өмгөөлүүлнэ гээд байна. Тэнд очоодохооч” гэжээ. Өмгөөлөгч ч хэрэг бүртгэгчийн хэлснээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст очтол гарт нь гав зүүжээ.

Цагдаа нар “Гал үндэстэн”-ийхнийг баривчлах ажиллагааг ингэж явуулжээ. Хуурч мэхлэх аргаар баривчлах нь цагдаагийн үүрэг үү. Эсвэл Монголын цагдаа ийм инээдтэй, болхи ажиллагаа явуулдаг болоо юу.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


URL:

Сэтгэгдэл бичих