Оюун бодол санаа, зүрх сэтгэлийг тайвшруулж амгалан болгодог нь иогийн хамгийн том давуу тал
-Миний ээж Украйн улсын Киевын соёл урлагийн сургуулийг бүжгийн багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн бүжигчин Д.Бэхбат гэж хүн байдаг. 1983 онд МУГЖ цол хүртэж байлаа. Ээж минь 1996 онд Гоолингоо клубыг үүсгэн байгуулсан. Харин миний хувьд 1999 оноос хойш “Гоолингоо” клубт багшилж байгаа. 2001 оноос миний төрсөн эгч Р.Хулан ажиллаж эхэлсэн. Гаднаас ерөөсөө багш аваагүй л дээ. ирэх 2016 онд манай клуб байгуулагдсаны 20 жилийн ой болох гэж байна. Ойн хүрээнд нэлээд олон ажил хийхээр төлөвлөж байна.
-Танай клубын хамгийн гол онцлог нь бүжгээр илүүдэл жинг хасч, эрүүл мэндэд анхаарах байдаг?
-Манай “Гоолингоо” клубын бусад клубуудээс ялгарах хамгийн гол онцлог нь спорт, бүжиг, иог, эрүүл мэндэд түлхүү анхаарч гурван өөр төрлийн дасгал заадагт байгаа юм. Манай клуб хүмүүсийн нас харгалзахгүйгээр эрүүл мэнд талаас нь дасгал заадаг. Мөн галбир засах дасгалууд заадаг. Илүүдэл жин хасах дасгалууд, хөдөлгөөний эвсэл, хөгжмийн сонгол мэдрэмж, хөдөлгөөний уян хатан байдлыг сайжруулах чиглэлээр ажилласаар ирсэн.
-Бүжгээр эмэгтэйчиүүдийн эрүүл мэнд, гоо сайханд анхаарч, тэдэнд багшилж байгаа гэхээр та ч гэсэн ээж шигээ бүжигчин хүн үү?
-Би ээж шигээ цэвэр бүжгээр яваагүй л дээ. Их олон төрлийн спортоор хичээллэж үзсэн. Багшийн их сургуулийг биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр 2005 онд төгссөн. Энэ клубынхээ галбир засах дасгал, аэробекийн багш. Багаасаа циркээр хичээллэсэн. Маш хатуу шаардлагатай багшийн ачаар их зүйл сурч байлаа. Тэвчээр хатуужил, туршлага гэж үнэт зүйлийг надад өгсөн. Энэ дасгалыг хийхэд энэ булчинд нөлөөлдөг. Энэ дасгалыг хийхэл илүү жин хасагддаг, ингэж хийхээр хөлс их гардаг, ингэж хийхэд хүний бие уян хатан болдог гэх мэт зүйлүүдийг сурч байгаа юм. Харин миний аав чөлөөт бөхийн тамирчин байсан хүн. Тиймээс ч хэсэг хугацаанд жүдо, самбо бөхөөр хичээллэж үзсэн. Эмэгтэй хүнд биеийн галбир байх ёстой шүү дээ. Энэ хугацаанд би өөрийнхөө биеийг эвдэрч байгааг анзаараагүй, мэдрээгүй явсан. Яахав тэр хооронд давхар клубтээ ажилласаар байсан л даа. Нэг удаа дасгалаа заах гээд зогсч байхдаа өөрийгөө толинд тусгаж хараад их гайхсан. Эмэгтэй хүнийг гоё болгох гээд зогсч байгаа багш нь толинд өөрөө өөрийгөө хараад үнэхээр санаа зовсон. Би яг л эрэгтэй хүн шиг харагдсан. Эмэгтэй хүн спортоор хичээллээд эхлэхээр хүзүүний булчин өргөсч, шанаа өргөн болдог. Цээжинд бяр суух тусам бүсэлхий өргөсдөг юм байна лээ. Мөн бодибилдингээр хичээллэж байлаа. “Хар ирвэс” клубын бодибилдингийн тамирчин байсан. Бас л гоё спорт. Гэхдээ тэр үед одоогийнх шиг фитнесс мисс гэдэг утгаар нь хардаггүй байсан л даа. Би юм юм руу орж үзье, учрыг нь олж, туршлага суухыг л хүсч байсан.
-Тэгвэл хэзээнээс бүжиглэж эхлэв?
-Багаасаа бүжигт маш их дуртай хүүхэд байсан. Бүжигчдийн бүжгийн хөдөлгөөнийг хараад онцгойлсон хэдэн хөдөлгөөнүүдийг нь тогтоогоод авчихна. Тэрнийгээ найруулан өөр өөр дасгал болгон найруулдаг байлаа. Багшилж эхлэх үедээ ээжийнхээ боловсруулсан дасгалыг заадаг байсан юм. Сүүлдээ өөрийн гэсэн дасгалыг боловсруулсан. “Тайхар” клубт хэсэг хугацаанд аэробекийн багшаар ажиллахдаа мундаг багш нартай хамтран ажиллаж, тэднээсээ их зүйл сурсан даа. 2011 онд би СИУС-д элсэн орсон. Бүжгийн багш чиглэлээр суралцаж байна.
-Бүжгээр илүүдэл жин хасах болохоор эрчүүд хандах нь бага байх?
-Эрчүүд мэр сэр хандана шүү. Тусгай цаг авч, ганцаарчилж хичээллэдэг. Манай “Гоолингоо” гэдэг нэрнээс болоод ч тэр үү эрэгтэй хүмүүс хандах цөөхөн. Гэхдээ сүүлийн үед бүжгээр илүүдэл жингээ хасах сонирхолтой эрчүүдийн тоо нэмэгдэж байна.
-Тэгвэл хүүхдүүдэд тусгайлан хичээл заадаг уу?
-Манай клуб хүүхдүүдэд мөн хичээл заадаг. Бага насны хүүхдүүд буюу 6-9 насны хүүхдүүдэд миний ээж сонгодог бүжгийн дасгал заадаг байсан. Мөн монгол бүжиг заана.
-Саяхан Хөх хотод “Гоолингоо” клуб салбараа нээсэн гэж сонссон?
-Манай “Гоолингоо” клуб Хөх хотод салбараа нээлээ. Өвөрмонголын Хөх хот дахь Дөрөвдүгээр тамирын ордны бие чийрэгжүүлэх ахлах багш н.Санжаа гэж хүн байдаг юм. Тэр хүн өөрөө “Санжаа” чийрэгжүүлэх төв нээхдээ манай клубт хамтарч ажиллах санал тавьсан юм. Энэ саналыг хүлээн авч ажиллаад хоёр жилийн нүүр үзэж байна. Би өөрөө энгөрсөн жил Хөх хотод ажиллаад ирсэн. Тэнд байхдаа өвөрмонгол хүүхнүүдэд эрүүл мэндийн дасгал, илүүдэл жингийн дасгал, хөдөлгөөний эвсэл, монгол бүжгийн хичээлүүдийг зааж байгаад ирлээ. Мөн “Авъяаслаг Өвөрмонголчууд” гээд тэмцээнд хоёр хятад, дөрвөн өвөрмонгол оролцогчийг амжилттай бэлтгэж оролцуулсан. Дандаа 40 нас гарсан хүмүүс шүү дээ. Өвөрмонголын “Амьдралын хань” нэвтрүүлгийн хоёр дугаарт манай клуб хүүхнүүдийн эрүүл мэнд, илүүдэл жин хасах чиглэлээр оролцсон.
-Хөх хотод ажиллаж байх хугацаандаа халуун иог гэж зүйлд суралцаад ирсэн гэсэн. Иогийн энэ төрөл нь энгийн иогоос ямар ялгаатай юм бэ?
-Хятадад иогт суралцаад ирлээ. 15 жил иогийн багшаар ажиллаж байгаа Ян Ша Ли гэж багшар халуун иог, хатгаа буюу энгийн иог заалгаж байгаад ирсэн. Тэр багш маань өөрөө энэтхэгт иогийн дасгалыг суралцаж, судалсан хүн. Одоо 55 настай эмэгтэй бий. Энэ халуун иог нь хүнийг тайвшруулж, тогтуун болгож, илүүдэл жин хасах, арьс чангарах, толигор болох, дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжрах, үе мөч, хууч өвчнүүд дарагдах гэх мэт маш олон сайн үр дүнг үзүүлдэг. Их өвөрмөц хүнд дасгалтай. Хүний бид их өөрчлөлт оруулдаг ид шидтэй дасгалууд байдаг юм байна. халуун орчинд буюу 38-42 градусын халуун орчинд дасгалаа хийдэг. Дасгалаа дээд тал нь нэг цагийн хугацаанд л хийх ёстой. 45 минут иогийн дасгалаа хийгээд, 15 минут алжаал тайлах дасгалаа хийдэг. Харин энгийн иог нь халуун иогтой төстэй хэрнээ илүүдэл жин хасах тал дээр арай дутмаг. Гэхдээ мөн л эрүүл мэнд талаасаа үйлчлэх үйлчлэл нь ижил. Даралт, зүрх судасны өвчинд тустай. Хөгшрөлтийг саармагжуулж удаашруулах давуу талтай. Халуун иогийг хүн илүү тухтай хийх боломжтой. Хөлс их сайн гаргадаг учраас илүүдэл жинг маш сайн хасдаг.
-Бусад төрлийн дасгалаас ч илүү үр дүнтэй байх нь?
-Иог гэдэг нь хүнийг тайвшруулах ид шидтэй шүү дээ. Эрч хүчтэй дасгал ч сайн талтай. Гэхдээ өнөөдөр бид ямар их бухимдал, стресс дунд амьдарч байгаа билээ. Тийм болохоор тайван талдаа, удаан дасгал хийж тайвшрах нь давхар давхар сайн үр дүнтэй. Оюун бодол санаагаа, зүрх сэтгэлээ тайвшруулж амгалах байлгах нь энэ нийгэмд илүү тустай байх. Дасгал хийж үзээгүй, хөлсөө гаргаж үзээгүй хүмүүс дасгал хийж хөлсөө гаргадаг хүмүүсийн бодвол илүү уур бухимдалтай байдаг юм шиг санагддаг. Нэг байрлалаа 30 секундын турш барьдаг учраас булчин авах ёстой ачааллаа бүрэн авдаг. Тэр хэрээрээ хөлс гардаг юм.
-Та өөрөө хэзээнээс энэ иогийн урлагийг сонирхож эхэлсэн юм бэ?
-Би өөрөө анх иогт тийм ч дуртай байгаагүй. Их өнгөцхөн харж байсан байгаа юм. уйтгартай, удаан гэдэг талаас нь хардаг байлаа. Гэтэл энэ дасгал хүмүүсийн биед маш их эерэг үр дүн өгдөг. Хүний эрүүл мэндэд нөлөөлөхөөс гадна хүний сэтгэхүйд нөлөөлдөг.
-Иогийн дасгал хийхэд баримтлах зарчим, дэг жаяг гэж байх уу?
-Өглөө хэзээ ч хүнд дасгал хийж болохгүй. Зүрх муутай, даралттай хүнд сөрөг нөлөөтэй. Иогийн хичээл бас тусгай заасан цагуудтай байдаг. Өглөө “Нарны мөргөл” хийж эхэлдэг. Иогийн дасгалаа эхлэхээс өмнө өөрийгөө ариусган цэвэрлэсэн байх ёстой. Өтгөн, шингэнээ гаргаж, усанд орсон байх шаардлагатай. Ингэж байж эхэлдэг. Мөн юм идээгүй байх ёстой. Харин халуун иог тусгай заасан дэс дараатай байдаг. Дураараа хийж болдоггүй, мөн нэг байрлалаа 30 секунд барих биш, маш тайвнаар зургаан удаа ватаж хийдгээрээ ялгаатай юм.
-Манайд яг энэ төрлийн, халуун иогийг зааж байгаа, хичээллүүлж байгаа газар байгаа юу?
-Манайд иогийн дасгал заадаг клубууд их байгаа. Гэхдээ халуун иог гэсэн чиглэлээр зааж байгаа газар одоохондоо нэг ч байхгүй. Одоо монгол бүсгүйчүүддээ энэ халуун иогийг заамаар байна. Хөрш улсад дэлгэрээд өчнөөн жил болчихоод байхад бид яагаад болохгүй гэж.
-Ингэхэд нүүрний иог гэж зүйл нэг хэсэг интернэтээр их явсан. Энэ зүйл үнэхээр үр дүнтэй юу?
-Тэр бол дэмий зүйл. Нэг ёсондоо хүмүүсийн тархийг мунхруулсан зүйл юм л даа. Үнэхээр нүүрнийхээ үрчлээнээс сэргийлье гэж байгаа бол өглөө юмуу орой таван минут иогийн “Гурван цэгийн зогсолт”-ыг хийх хэрэгтэй.
-Хөлсийг заавал дасгал хийлгүйгээр саунд сууж гаргаж болно гэсэн бодолтой хүмүүс байдаг шүү дээ?
-Саунд суугаад гаргасан хөлс, дасгал хийж гаргасан хөлс хоорондоо ялгаатай байдаг. Хүн өглөө босоод бие засч биеийнхээ хорыг гадагшлуулдаг шүү дээ. тэгэхгүй бол хүний дотор эрхтэнд тэр хор нь шингэнэ. Хөлс ч ялгаагүй. Мөн л биеэс гадагшилж байх ёстой. Хөдлөх ёстой булчингуудаа ажиллуулж, хөдөлгөж байж хөлсөө гаргах ёстой. Тэгэхгүй, хөдөлгөөнгүй байхаар булчингууд нь үхчиж, хатангир байдалд орно. Саунд суугаад хөлс гаргаж болно. Гэхдээ дасгал хийж, булчингаа ажиллуулж гаргасан хөлс өөр байдаг. Маш шорвог, давсархаг хөлс гардаг. Саунд амарч суунгаа гаргасан хөлс тийм гарахгүй. Саунд суугаад бага зэрэг жин хасагдана. Гэхдээ тэр жин эргээд маш хурдан нөхөгддөг.
-Заавал дасгал гэхгүйгээр хоол сойх, мэс ажилбар гэх зэрэг аргаар турах хүсэлтэй хүмүүс ч байдаг?
-Массажны орон дээр хүнээр үрүүлж амархан аргаар турах хүсэлтэй хүмүүс байна. Бас хоолоо хасч, саунд суугаад жингээ хасчих юм шиг боддог хүмүүс байна. Тэр бол маш буруу ойлголт. Хоолоо хасч турах маш буруу. Уураг, аминдэм, шингэний хэмжээг тохируулж хэрэглэх ёстой болохоос биш огт хэрэглэхгүй байж болохгүй. Гэхдээ сүүлийн үед энэ хандлага маш өөр болж байна. мэдээлэл авах суваг, боломж өргөн болохын хэрээр хүмүүс зөв мэдээлэл авч байгаа юм.
-Галбир засах дасгал заадаг гэж түрүүн ярьсан. Ингэхэд зөв галбир гэж гэж яг ямар байх ёстой юм бэ. Ихэнх охид туранхай л бол сайхан гэж боддог юм шиг ээ?
-Энэ зүйлийг залуу охид их буруу ойлгодог. Гол нь хүн эрүүл чийрэг биетэй байх хэрэгтэй. Ясан туранхай л байвал гоё гэж ойлгоод байдаг. Гэтэл хүнд чинь бондойж байдаг булчингууд байх ёстой. Стандарт биетэй болж чадахгүй юмаа гэхэд ядаж өгзөгтэй, гуятай, шилбэтэй, нарийн бэлхүүстэй байх хэрэгтэй шүү дээ. Туранхай хүн ч өөхтэй байдаг. нэг л таргалах юм бол маш хурдан таргалах магадлалтай. Учир нь булчин хөгжөөгүй учир түүнийх нь гадуур маш зузаан өөх тогтсон байдаг.
-Жин хасч байх үед шингэн зүйлийн хэрэглээг маш сайн тохируулах хэрэгтэй байдаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Манайхан шингэн зүйл уухдаа их бууруу уудаг. Нэг дор нь залгилчихдаг. Гэтэл тийм биш. Бага багаар амсч тавьж уух ёстой юм. Мөн тохируулж уух ёстой. Өнөөдөр нэг цагийн дасгал хийгээд хэдэн грамм хөлс гаргасан бэ гэдгээсээ шалтгаалж шингэнээ уух ёстой.
URL: