Солонгосчууд чинь цагаа тулахаар хятадуудаасаа дор хүмүүс юм биш үү
БНСУ манай улстай эдийн засгийн дайн зарлажээ. Далайд гарцгүй монголчуудыг агаарт гарцгүй болгож бах таваа хангаж байна. МИАТ-ийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн зуны цагийн нэмэлт нислэгийг хааж гэнэтийн “сюрприз” монголчуудад барив. Солонгосын тээврийн яамны гэнэтийн энэ шийдвэр гадаад, дотоодын олон мянган зорчигчдын эрхэнд бүдүүлгээр халдсан нь илэрхий. Эдгээр үйлдэл нь Монгол Улсыг илтэд басамжлан доромжилж дээрэлхэж байгаа хэрэг юм. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу Монголын МИАТ, Солонгосын “Кореан Эйр” хоёр эн тэнцүү эрхтэйгээр иргэний агаарын тээврийн үйл ажиллагаа явуулж ирсэн.
Тэгтэл энэ зун буюу зургадугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Солонгосын талаас МИАТ-ийн нэмэлт нислэг хийх зөвшөөрлийг олгохгүй тас хааж орхив. Монголчууд Солонгос руу хар ажилчнаар явдаг бол солонгосчууд Монголд ирж бизнес эрхэлж босс болдог. Тэд манайд ирээд хөлжиж чаддаг нь монголчуудын найрсаг, уриалгахан зангийн ач юм. Дээр нь бид Солонгосыг гуравдагч хөршөө хэмээн итгэж найдаж, ардчилсан орон хэмээн харсаар ирсэн. Хоёр хөршдөө шахагдан арга барагдвал дэлхийд гарах гарцаа Инчоны буудал хэмээн бодож байдаг. Гэтэл бидний энэ элгэмсэг найрсаг сэтгэл рүү нөгөө хөршүүд маань ус цацаж, биднийг бага буурай юм хэмээн дээрэлхэж байна. Тэд манай агаарын тээврийн орон зайг тэр чигт нь эзлэн суухаар илт санаархаж эхлэв. Ер нь бол нэмэлт нислэгийн зөвшөөрлийг Солонгосын талаас жилийн жилд зориуд хүлээлт үүсгэж луу унжиж байж зөвшөөрдөг байв. Энэ жил мөн ялгаагүй гуйлгаж байгаад зөвшөөрөл өгөх байх гэж МИАТ горьдож байсан. Ер нь олон улсын гэрээний дагуу нисэхийн компаниуд нэмэлт нислэг хийх үедээ харилцан бие биенээсээ зөвшөөрөл авдаг журамтай. Солонгосын хүсэлтийг Монголын тал тэр дор нь өгч орхидог. Харин бидний элэгсэг найрсаг харилцаатай гэж боддог Солонгосын тал үүнд маш хойрго, хүйтэн сэтгэлээр ханддаг. Сүүлийн 18 жилийн турш зах зээлд суудал борлуулаад эхэлсний дараа л сая тулгаж байж дуртай дургүй зөвшөөрсөн болдог. Тэгвэл энэ жил тэр зөвшөөрөл гэгчээ өгөхгүй гэж зангаа харуулж эхлэв. Тэд манай онгоцыг хүлээж авахгүй хэмээн маяглаж МИАТ-ийн онгоц нисээд очвол онгоц буудаг зурвас дээрээ нөгөө кинон дээр гардаг шигээ сөгдөж суучихаад орилолдоод унах нь шиг байна. Тэдэнд жижиг Монголын нэг муу компани ажилтай байх эсэх нь, хүн ард нь өөрсдийн гэсэн унаатай байх энэ тэр нь огт падлийгүй бололтой. Бид Хятад, Оростой олон жил хил залгаа байж сурсан хүмүүс. Тэд монголчуудыг элдвээр хавчиж эдийн засгаар боомилж ирсэн түүх бидний харилцаанд дүүрэн бий. Ялангуяа өмнөд хөрштэйгөө түүхийн туршид сайдаж муудаж ирсэн. Хятадын төрийн нарийн бодлогын өмнө хүчин мөхөстөх олон явдал гарч байлаа. Тийм үедээ бид “Хятадууд муу санаатай” хэмээн муулдаг. Гэвч хэл амаа ололцоод хэлж яриад тохироод ирсэн түүхтэй. Харин энэ шинэ хөрш солонгосчууд чинь бидний мэддэг хятад хүмүүсээс ч муу санаатай долоон дор хүмүүс мэт харагдах юм. Тэд “Асиана” гэдэг компанийн бизнесийн сонирхлыг хангахын тулд Монгол Улсын агаарын тээвэрт шахалт үзүүлж байгаа гэнэ. Солонгосын Засгийн газар дан ганц “Асиана” компанийн эрх ашгийг бодсондоо биш харин “Асиана”-д чирэгдэн унаж болзошгүй банкууд, эдийн засгийн цаашдын байдлыг харсандаа Монголын зах зээлийг жижиг гэж гололгүй эзлэн авахаар шунамхайран дайрч байна гэж МИАТ компани гомдоллох нь үнэн биз. “Хүний хүүхдүүд ийм айхтар” гэлээ гэгчээр тэд ингэж байгаа бол бидэнд ч бас хариуг нь барих юм бэлээхэн байгаа. Нөгөө дээр дурдсан манайд ирж босс болоод байгаа солонгос иргэдийн компаниудыг Солонгосын талын хориг тавьж байгаа хоногийн тоогоор өдөрт нэгийг хааж эхэлбэл ямар вэ. Өнөөдөр Сүнжин грандыг маргааш юуг нь ч юм хаагаад эздийг нь нутагт нь буцаагаад байя л даа Бидэнд ч бас эрх ашиг байдаг гэдгийг ер нь манай дарга нар мэддэг үү. Тэгээд дашрамд хэлэхэд энэ дэлхий дээр монголчуудыг дээрэлхдэггүй улс орон гэж байна уу. Монголчуудад монголчуудаас өөр нөхөр байна уу, та энэ талаар бодож үзсэн үү.
Б.ДОЛЗОДМАА
URL: