Д.Батжаргал: Бид өөрсдөө үйлдвэрлэдэг байж тогтвортой эдийн засагтай болно
Эдийн засгийн хямрал нүүрлээд байна гэх боловч үнэндээ энэ нь манай улсын хүнд үе мөн үү? Бондын өрийг манай улс төлж чадах уу? Төсөв мөнгөний бодлогын уялдаа ирэх оны төсөвт дутмаг байгаа юу зэрэг улсын эдийн засгийн эргэн тойронд өрнөж буй чухал асуултуудад хариулт авахаар СЭЗДС-ийн захирал, Эдийн Засгийн Ухааны доктор, профессор Д.Батжаргалтай ярилцлаа.
-Эдийн засаг хүндэрлээ гэж ярих боллоо. Та хэрхэн харж байна вэ?
-Эдийн засгийн нөхцөл байдал юугаар хүндэрч байна вэ гэхээр гадаадын хөрөнгө оруулалт буурсан, экспорт хумигдаж, импортоор асар их бүтээгдэхүүн үйлчилгээг бид авдаг. Энэ нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлснөөс үүдэн инфляцийн өсөлт явагдаж байгаа юм. Мөн ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларсан нь импортоор орж байгаа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа гэсэн үг. Тэгэхээр эдийн засгийн хүндрэл гэж ойлгоод байгаа нь төлбөрийн тэнцлийн л хямрал гэж ойлгож болно. Түүнээс эдийн засаг тэгтлээ хямраад байна уу гэвэл бас үгүй. Дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ өсч, олон шинэ үйлдвэр байгуулагдаж, ажлын байр шинээр бий болсон. Нөгөө талдаа эдийн засгийн хурдац буурсан, томоохон төслүүдийн үйл ажиллагаа хумигдаад ирэхээр мөнгөн дүнгээрээ эдийн засгийн өсөлт буурчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадны хөрөнгө оруулалт экспортын уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хөөс ороогүй өсөлт буюу инфляци 6.8 хувь гэдэг бол одоогийн манай эдийн засгийн бодит чадал гэж хэлж болно. Ингээд харвал эдийн засаг хямарч, доройтож байна гэхээсээ илүү Монголын эдийн засгийн гаж бүтцийг л харуулж байгаа явдал юм.
-Манай улсын төсөв төлбөрийн тэнцлийн хямралд орлоо гэсэн. Төлбөрийн тэнцлийн хямрал гэж юуг хэлээд байна вэ?
-Валютын нөөц дуусахыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл экспортоор орж ирдэг орлого, гадаадаас худалдаж аваад төлөх ёстой төлбөр хоёрын зөрүүг хэлж болно. Гаднаас манай улсад орж ирэх валют нь багасаад, гадныханд төлөх валют нь ихсээд ирэхээр төлбөрийн тэнцэл муудаж байна гэсэн үг. Ингэхээр яалт ч үгүй валютын ханш өсчихөж байгаа юм. Валютын ханш өсөхөөр эргээд импортоор бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авдаг бизнесийн байгууллагуудын бараа үйлчилгээ үнэтэй болчихно. Энэ нь өөрөө инфляцийн өсөлтийг бий болгодог. Өмнө нь манайд эдийн засгийн өсөлт яагаад тийм өндөр байсан бэ гэвэл нүүрсний болоод зэсийн үнэ гадаад зах зээл дээр маш өндөр байснаас үүдэлтэй. Тиймээс төлбөрийн тэнцлийн хямралаас гарч, гадаадын хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, экспортын орлогыг сайжруулах, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
-Эдийн засгийн хүндрэлийг сааруулахын тулд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Энэ үнэхээр цагаа олсон зөв шийдэл байсан уу? Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь инфляцийн өсөлтийг барихад бодитойгоор нөлөөлсөн гэж үздэг үү?
-Чадалгүй яахав. Мах, гурил болоод шатахууны үнэ энэ жил харьцангуй тогтвортой байсан. Орон сууцны зах зээл дээр гэхэд үнийн хөөрөгдөл байгаагүй. Инфляцийг хөөрөгдөөд байдаг гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ тогтвортой байсан. Энэ тал дээр эдийн засагчид ч санал нийлэх биз. Үнэ тогтворжуулах хөтөлбөр зорилгоо биелүүлсэн гэж бодож байгаа. Энэ хөтөлбөр бол нэг удаагийн арга хэмжээ биш. Эхлээд богино хугацаанд үнээ тогтворжуулсны дараа урт хугацаанд энэ салбарт гараад байгаа зардлыг багасгахад хөрөнгө оруулалт хийх юм. Жишээлбэл, барилгын салбарын үндсэн бүтээгдэхүүн болох цементийг бид Хятад улсаас авдаг байсан бол энэ хөтөлбөр хэрэгжсэнээр бид 100 хувь дотоодоосоо хэрэгцэээгээ хангаж чадаж байна. Хэрвээ дээрх бараануудын үнийг тогтворжуулж барьж чадаагүй бол өнөөдөр инфляци 20 гаруй хувиар яригдаж байгаа. Тэгэхээр бодитой нөлөө нь эндээс харагдаж байгаа юм.
-Ам.долларын ханшийг хатуу барих хэрэгтэй хэмээн эдийн засагчид яриад байгаа. Энэ нь манай улсын хувьд боломжтой юу?
-Манайд зах зээлийн чөлөөт, зохицуулалттай хөвөх ханшийн систем ашигладаг. Валютын ханшийн дэглэм ч гэж ойлгож болно. Гэхдээ манайд болж байгаа энэ нөхцөл байдлаас дүгнэвэл валютын өөр дэглэм хэрэглэх ёстой ч байж болно. Их хэмжээний импорт хийдэг, өргөн хэрэглээний бараа таваарын дийлэнхийг гаднаас худалдаж авдаг ийм бүтэцтэй улсын хувьд чөлөөт ханш хэцүү байх магадлалтай. Сайн судлаж үзэх л хэрэгтэй.
-Ирэх оноос мөнгөний хатуу бодлого барих нь зөв үү?
-Зөв байлгүй яахав. Нэн шаардлагатай. Монголбанк энэ олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, бондын мөнгөөр дамжуулан босгосон хөрөнгө нь эдийн засаг руу хангалттай хэмжээгээр орчихсон. Тиймээс хатуу бодлого буюу хумих бодлого явуулах нь зүйтэй. Гэхдээ мөнгөний бодлогыг хэт чанга барьж болохгүй. Учир нь цаана нь зээлийн хүү өсч байгаа. Зээлийн хүү өсчихвөл бизнес эрхлэгчдэд хүнд нөхцөл байдал үүснэ. Тиймээс сайтар тооцоолж, тунг нь зөв тааруулах л хэрэгтэй.
-Байнга л яригдаж байгаа нэг асуудал бол төсөв болоод мөнгөний бодлогын уялдаа. 2015 оны төсөвт ч мөн энэ асуудал яригдаж байна. Төсөв болоод мөнгөний бодлогын уялдааг хэрхэн хангах ёстой вэ?
-Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах зорилгоор Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэж байгуулагдсан. Энэ нь Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монголбанкны хамтарсан зөвлөл юм. Төсвийг шийддэг байгууллага бол УИХ шүү дээ. Монголбанкны зүгээс гаргасан мөнгөний бодлогыг УИХ батлаж, энэ хоёр нь нэг цэгт зангидагдах ёстой байтал төсөв дээр очихоороо өөрчлөгдчихдөг. Ингээд улстөржсөн хэлбэр рүү орчихоод байгаа нь төсөв, мөнгөний уялдааг алга болгоод байгаа юм. Тиймээс УИХ мөнгөний бодлого руу анхаардаг байх хэрэгтэй.
-Бондын өрөнд 2017 он гэхэд 1.1 тэрбум ам.доллар төлөхөөр болсон. Манай улсад энэ өрийг төлөх чадвар бий юу?
-Бондын мөнгөний ихэнхийг зээл хэлбэрээр арилжааны банкуудад олгочихсон шүү дээ. Тэгэхээр энэ нь эргээд төлөгдөнө. Жишээлбэл, дэд бүтцийн салбарт орж байгаа энэ хөрөнгө оруулалт бизнес эрхлэгчдэд таатай боломж бүрдүүлнэ. Энэ хэрээр бизнес эрхлэгчдийн орлого ихэсч, татварт орлого төвлөрнө гэсэн үг. Тэгэхээр бондын өрийг төлчих бүрэн бололцоотой гэж ойлгож болно. Гол нь эдийн засгаа эрчимжүүлж, нөхцлийг нь бүрдүүлж өгөх л чухал. Үүнд эрх зүйн орчин болоод төр засгийн тотвортой байдал хамаатай.
-2015-2017 онд Монголбанкны зүгээс инфляцийг 7 хувьд барих зорилт тавилаа. Энэ түвшинд инфляцийг барих боломж байна гэж та харж байна уу?
-Ирэх оны төсвийг яаж батлахаас л хамаарна. Үнэхээр 7 хувьд барина гэж зорилт тавиад ажиллаж, төсвийг батлах юм бол энэ нь боломжтой. Төсвийн зардлыг ихэсгээд батлачихвал хэцүү. Харин алдагдлыг бууруулсан, урсгал зардлыг хумисан төсөв батлавал инфляцийг энэ түвшинд барих бололцоотой юм. Инфляцийг өндөр байна гээд зорилт тавьчихвал үнийн өсөлт болох нь гээд хүлээлт үүсчихнэ. Үнийн өсөлтийг дагаад л инфляци өсчихнө шүү дээ. Тэгэхээр энэ хэмжээнд барина гэж зорилго тавьснаар хүлээлтийг бууруулж өгч байгаа юм.
-Эдийн засгийн энэ царцанги байдлаас гарахын тулд нэн тэргүүнд ямар бодлого баримтлах нь хамгийн бодитой алхам гэж үзэж байна вэ?
-Монгол улс зэс, нүүрс гэсэн түүхий эдийн зах зээлээс хараат байхаа больж гаднаас авдаг олон төрлийн бараа үйлчилгээг өөрсдөө үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах таатай нөхцөл байдал бүрдүүлэх шаардлагатай. Зээлийн хөрөнгийнхөө эх үүсвэрийг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд урт хугацааны зээл олгох маягаар ажлыг эрчимжүүлэх нь зөв юм. Ингэснээр валютын ханш гэдэг дарамтаас гаргаж чадах эдийн засгийг тогтвортой болгох боломжтой юм. Өөрсдөө үйлдвэрлэдэг байж л тогтвортой эдийн засагтай болно.
Ц.ТАМИР
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Батжаргал таныг дэмждэг ажлын амжилт хvсье. Tnx