Хэрэглэгчдийг өөгшүүлсэн хуулийн цоорхойг нөхье
Хар тамхи SOS зарлаж байна
Монголд хар тамхи хэрэглэгчид өдрөөс өдөрт нэмэгдэж тэдэнд тавих хараа хяналт сул, тохирох ял шийтгэл байхгүй нь энэ төрлийн гэмт хэрэг өсөхөд нөлөөлж байгааг өмнөх дугааруудад нийтлэл, ярилцлагаараа хөндсөн билээ. Үнэхээр хар тамхины хэрэглээ ихэсч, ялангуяа хүүхэд залуус энэ буруу зан үйлд автаж байгааг мэргэжлийн олон байгууллагын мэдээ тайлан, судалгаанаас харж болно. Хамгийн сүүлд гэвэл 2013 онд Хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн шүүх, “Хүний аюулгүй байдлын судалгааны төв” ТББ болон бусад судлаачид хамтарч нэгэн томоохон судалгаа хийжээ. Судалгааны дүнд тулгуурлан Хүний эрхийн үндэсний комисс шийдвэр гаргагчдад хандан энэ асуудалд яаралтай анхаарал хандуулах зөвлөмж хүргүүлсэн байна.
ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ 148 ГЭМТ ХЭРЭГТ 551 ХҮН ШАЛГАГДЖЭЭ
Монгол Улсад мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэгт 2010 онд 15 гэмт хэрэгт 75 хүн, 2011 онд 26 гэмт хэрэгт 107 хүн, 2012 онд 36 гэмт хэрэгт 171 хүн, 2013 онд 37 гэмт хэрэгт 99 хүн, 2014 оны аравдугаар сарын 1-ний байдлаар 34 гэмт хэрэгт 99 хүн холбогдсон тухай мэдээллийг ЦЕГ-аас өгсөн юм. Энэ нь 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл мансууруулах бодистой холбоотой нийт 148 хэрэгт 551 хүн шалгагдсан гэсэн үг 2002-2009 оны хоорондох найман жилийн хугацаанд шалгагдсан хэргээс таван хувиар өссөн нь бага тоо биш гэдгийг цагдаагийнхан онцлон анхааруулж байв. Эрүүгийн хуулийн дээрхи зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг нь дунджаар 5-8 жил, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй бол 10-15 жилийн хорих ялтай байдаг ажээ.
Баримт ¹1
Иргэн Ц нь 2003 оноос эхлэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх “тетрагидро каннабинол делта 9” бодис бүхий олсны төрлийн ургамал хэрэглэдэг. Үүний улмаас каннабинойдын шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэг өвчтэй болсон нэгэн. Тэрээр мансуурсан үедээ бусдын эд хөрөнгийг хулгайлсан төдийгүй өөрийн найз охин Э-г онц харгис хэрцгий аргаар алсан хэрэг үйлдсэн юм. Түүний гэм бурууг тогтоож Чингэлтэй дүүргийн шүүхээс 2008 оны зургадугаар сарын 27-ны өдөр шийтгэжээ.
Баримт ¹2
Аравдугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Playback” интернет тоглоомын газарт иргэн Ч, М, Б, А, Г, Б нар нь 350 грамм орчим мансууруулах үйлчилгээтэй канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч, хадгалж, хэрэглэсэн.
Баримт ¹3
Аравдугаар сарын 15-ны өдөр XV хороонд оршин суудаг иргэн А гэгч нь 23 грамм Канабисийг иргэн С-аас хууль бусаар олж аван хадгалж, иргэн С нь иргэн М,А нартай бүлэглэн канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч зарсан үйлдлийг нь шалгаж байна. Эдгээр иргэдээс 1 кг 629 грамм канабисыг хураан авчээ.
Баримт ¹4
Аравдугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн XII хороонд оршин суух иргэн Л,М нар нь хар тамхи мансууруулах төрлийн мөс буюу ICE-ийг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулсан, хадгалсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэллээ.
Баримт ¹5
Аравдугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн IV хороонд оршин суух иргэн Ч гэгч нь найман кг Канабисийг хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэргийг үйлдсэнийг баривчлан шалгаж байна
Цагдаагийн байгууллага нь өнгөрсөн сард 14 хоногийн хугацаанд нийт 11 кг Канабис буюу мансууруулах төрлийн ургамал 34 грамм ICE буюу мөсийг хураан авсан нь энэ төрлийн бодисын хэрэглээ өндөр байгааг харуулж байна.
ХУУЛЬГҮЙ ХЭРЭГЛЭГЧИД ДАВАРСААР БАЙНА
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодистой холбоотой 10 гаруй хууль тогтоомж үйлчилж байна. Гэвч эдгээр хууль тогтоомжид мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисын хэмжээг тодорхой нарийн зааж өгөөгүй. Тухайн бодисын төрөл, хор хөнөөлийн агууламж, нөлөөллийн зэрэглэлийг ч тогтоогоогүй. Зөвхөн онц их хэмжээ гэдэг байдлаар тусгасан нь ял онооход учир дутагдалтай байгааг дээрх судалгаа харуулж байна.
Мөн хар тамхи хэрэглэсэн үйлдэлд ял, шийтгэл хүлээлгэх талаар заалт байхгүй. Зөвхөн хадгалсан, дамжуулсан, худалдсан, тээвэрлэсэн гэсэн зүйл заалтаар шийтгэж байгаа нь мансуурагчдыг өөгшүүлэх хуулийн нэг цоорхой болж байгаа юм.
2012 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Төрийн ордны Иргэний танхимд “Хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хар тамхитай холбоотой асуудалд хатуу бодлого барьж, хууль дүрмийг чангатгана гэдгээ илэрхийлсэн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл дорвитой хийсэн ажил, үр дүн алга.
Мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисын хэрэглэгчдийн тоо, хууль бус эргэлтийн хэмжээгээр дэлхийд дээгүүр ордог хоёр хөрштэй хил залгаа манай улсын хувьд хар тамихи яриад өнгөрөх асуудал биш гэдэг нь ойлгомжтой. Монгол шиг цөөн хүн амтай, хүн амын ихэнх нь хүүхэд, залуус эзэлдэг улсад энэ төрлийн хуулийн хатуу чанга бодлого хэрэгтэй гэдэгтэй мэргэжлийн байгууллагууд санал нэгддэг. Хэрэв хуулиа хоёр хөршийн хатуу ялын бодлоготой уялдуулахгүй зөөлөн, аядуу ялын шийтгэлтэй болвол Монгол Улс идэвхтэй “дамжуулагч” улс болох магадлал өндөр байна. Дамжуулагч улс оронд нийт дамжин өнгөрч байгаа мансууруулах бодисын 20 орчим хувь нь үлддэг гэсэн судалгаа бий. Энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, удмын санд хор хөнөөл учруулахад хангалттай тоо баримт юм.
Мөн мансууруулах бодисыг хэдий хэмжээгээр, ямар зорилгоор эзэмшиж байгаагаас шалтгаалан ял, шийтгэлийг ялгавартай оногдуулах нь хүний эрхэд хүндэтгэлтэй, тэгш шударга хандах боломж гэдгийг ХЭҮК-оос онцолж байв. Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодист донтсон “өвчтөн” хүнийг эмчилгээнд хамруулах, нийгэмшүүлэх арга хэмжээ авах нь дэлхий нийтийн хандлага болж байгааг анхаарч хэрэгжүүлэх цаг болоод байна.
Өдрөөс өдөрт нэмэгдсээр буй хар тамхины хэрэглээг хязгаарлах, урьдчилан сэргийлэх бие даасан хуульгүй, төрийн нэгдсэн бодлогогүй, үндэсний хөтөлбөр ч үгүй байгаа нь монголчуудын хувьд эмгэнэл гэдгийг эдгээр тоо баримт судалгаа дахин сануулж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: