Гоо сайханы стандартыг солонгос улс тогтоож байна
Дэлхийн аль ч оронд очсон худалдааны төвүүдийн эхний эгнээг гоо сайхны бараа эзэлдэг. Улс орон, энэ бөмбөрцөгийн эдийн засагт дорвитой нөлөө үзүүлдэггүй ч хүүхнүүдийн түрийвчийг хамгийн ихээр хоосолдог зүйл бол гоо сайхны бараа. Тэгвэл эдүгээ гоо сайхны барааны үйлдвэрлэлээрээ ч, борлуулалтаараа ч Ази тивд Солонгос улс толгой цохиж эхэллээ. Монгол бүсгүйчүүд ямар орны гоо сайхны барааг ихэвчлэн хэрэглэдэг вэ гэвэл мэдээж, Өмнөд Солонгос. Ямар ч монгол эмэгтэйн гоо сайхны шүүгээг нээхэд л энэ хариулт гараад ирнэ. Зөвхөн Монголд ч гэлтгүй эдийн засгийн эргэлт ихтэй бусад Азийн оронд, тэр тусмаа Хятадын зах зээлийг Солонгосын брэндүүд аажмаар эзлэн авч байна.
Жагсаалтаас харвал АНУ арьс арчилгааны бүтээгдэхүүнд жилд 7 тэрбум доллар зарцуулдагаараа нэгдүгээрт бичигддэг байна. Харин Япон 50 тэрбум долларыг энэ зах зээлд оруулж, хоёрт жагсдаг. Тэгвэл хятад эмэгтэйчүүд 2014 оны эхний 9 сар гэхэд 162,5 тэрбум юань буюу 26 тэрбум долларын бараа худалдаж авчээ. Энэ нь өнгөрсөн оноос 13,3 дахин өссөн үзүүлэлт гэж “Евромонитор” тооцсон байна. Хэдийгээр Европ, АНУ-гийн бүсгүйчүүд Солонгосын гоо сайхны барааг ихээр худалдаж авдаг ч сүүлийн жилүүдэд энэ урсгалыг Хятад гэсэн том зах зээл ёроолгүй юм шиг сорох болж. Гэхдээ Солонгосын гоо сайхны барааг худалдан авагчид нь ихэнхидээ дундаж давхаргынхан. Хятадад 150 сая дундаж амьдралтай иргэн байна. Энэ тоо 10 жилийн он гэхэд 500 сая болно. Харин 2030 он гэхэд хүн амынх нь 70 хувь нь дундад давхрагынх болно гэж “Евромонитор” бичжээ. Одоо Азийн зах зээлийг франц арьс чийгшүүлэгч, Солонгосын BB крем, Японы уруул өнгөлөгч болон нүдний тень эзэлж байна. Энэ бүх гоо сайхны барааны өрсөлдөөн дундаж давхрагыг л тойрон эргэж байдаг аж.
Тэгвэл Өмнөд Солонгосын VOV, Laneige, Etude, Missha, Mamonde зэрэг брэндүүд дэлхийг хэрхэн хэрэх болсон шалтгааныг гоо сайхны зөвлөх Мишель Пан “CNN”-д тайлбарлажээ. Ийм их ашгийн урин дууддаг арга нь нөгөө л “Савангийн дуурь, царайлаг жүжигчид”. Солонгосын дуучин, жүжигчин охид Бионсе, Рианаг гүйцэхгүй ч ч Сон Хе Кё, Ким Юн Жун, Girls” Generation-ий Юна гэх зэрэг толигор сайхан арьстай, хөөрхөн охидыг сонсдог, даган дуурайдаг өсвөр үе хэдэн саяараа байдаг билээ.
Эксперт Мишель Пан “Солонгосын дундаж орлоготой эмэгтэй унтахдаа доод тал нь 8 гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тэд янз бүрийн тод будаг шунхнаас илүү эрүүл арьстай байхыг чухалчидаг. Өөрөөр хэлбэл байгалийн, төрөлхийн гоо сайхан гэсэн үг тэдний философи. Тийм ч учраас дэлхийд хүчтэй байгаа юм” хэмээн дүгнэжээ. Одод манай барааг хэрэглээд ийм сайхан болсон гэх “домог” үргэлж ялалт авчирдаг аж. Мөн H&M, Zara зэрэг зарим брэнд шиг гоо сайхны бараануудын сурталчилгаандаа загвар өмсөгчдийг ч бас тоглуулж байгаа нь тэдний зах зээлээ тэлж чадсан нэг шалтгаан аж.
Өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт Европт ч бас жилээс жилд өсч байна. 2013 онтой харьцуулахад энэ жил Англид 2,1 хувь, АНУ-д 3,9 хувь өссөн. Ийнхүү Солонгосын гоо сайхны бараанууд аажим аажмаар тэлсээр. Ингэснээр Өмнөд Солонгос кино урлаг, дуу хөгжим, царайлаг оддоороо Азийн гоо сайхны стандартыг тогтоож байна.
zindaa.mn
URL: