Ямаанд хайртай гишүүд хонио энхрийлнэ

Хэдэн жилийн өмнө ямаанд 30 тербум төгрөгийг бэлэглэж байсан манай төрийн түшээд энэ жил ямааны ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нэр бүхий 12 компанийг 110 тербум төгрөгөөр дэмжихээр болсон. Гэтэл саяхнаас эхлэн ямаанд хайртай төрийн түшээд маань хундан цагаан хонин сүргээ дэндүү их гадуурхаж байгаагаа сая л ойлгон хонинд 50 тербумыг өгөхөөр болж байгаа сурагтай. Тодорхойлолт нь уран гоё, толгойд ороол тоо бодуулах энэ хөтөлбөрийн хүрээнд монголын малчдаас хониныхоо ноосоо тушаасан хүн бүр мөнгө хүртэж 50 тербум дээр найр хийх бололтой юм.
Эрхэм төрийн түшээдээс хотын гишүүн гэж бараг байхгүй болохоор хөдөөрүүгээ чиглэсэн их хайр халамжыг түгээж тэрнийгээ буянаар 76 ямаа нэр аваад байсан бол одоо 76 хонь болж байх шиг байна. Хамгийн гол нь асуудлыг шуудхан хэлэхэд манай төрийн түшээд үнэндээ 300 тербум төгрөгөөр хувийн бизнесүүдээ цэцэглүүлэн хөгжүүлж л байгаа хэрэг. Тэд эхэндээ 110 тербум төгрөгийн төслийг танилцуулж байснаа саяхан хэмжээг нь гурав дахин нэмж ийнхүү 300 тербум төгрөг болгоод оруулаад ирж байна. Ингэхдээ ноолуурын салбарыг дэмжих 100, жижиг дунд үйлдвэрийг дэмжих 150, ноос тушаасан малчдыг урамшуулах 50 тербум гэхчлэнгээр задаргаа хийсэн байгаа юм.
Ингэснийгээ монголд ноос ноолуурын үйлдвэрийг дэмжиж байгаа хэрэг хэмээн тайлбарлаж байгаа. Харин хэн хэний үйлдвэрүүдийг хэд хэдэн төгрөгөөр дэмжих вэ гэдэгээ нударган дотороо хэлэлцэн шийдэх төлөвтэй юм байна. Төрөөс хүнээ биш малаа дэмжих энэ том бодлогыг хэрэгжүүлэхээр болж гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдсэн юм байна. Одоо гишүүд төсвөөс татаж байгаа 300 тербум дээрээ найраа хийх үлдэж байна. Ингээд Монголын мал аж ахуйг дэмжсэн нэртэй гишүүдийн хувийн бизнесийг цэцэглүүлэн 300 тербум төгрөг салхинд хийсхээр боллоо.

М. Батбилэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих